вторник, 14 октября 2014 г.

Гайхалтай фото зургууд

Чехийн Моравийн хавцал.
Зүсээд л хөвж явна.
Өмнөд Солонгосын Сороксан хүрээлэн.
Энэтхэгийн Читторгарх боомтыг МЭ 7-р зуунд байгуулжээ. 22 усан сантай. 700 га газрыг эзлэх энэ боомт 180 м өндөр толгод дээр байрладаг.
Гэрэл сүүдэр.
Эрвээхэйн сүрэг.
Вьетнамын шаталсан тариан талбай.
Хятадын Хунань мужид 180 м-ийн өндөрт 300 м-ийн шилэн гүүр барьжээ.
Перуд байх инкүүдийн шаталсан талбай Морай. Дээд ба доод хэсгийн температурын зөрүү нь 15 хэмд хүрдэг агаад энэ талбайг чухам ямар зориулалтаар байгуулсан тухай өдгөө ч маргаантай.
Болгарын Рилийн нуурууд. Рилийн нурууны баруун хойд хэсэгт этгээд хэлбэртэй 7 нуур буй.
Канарын арлуудын Лос-Органос хад сүмийн органтай ихээхэн төстэй.
Алжирийн Тассилин-Ажерийн тэгш өндөрлөг.
Тайванийн Луун гүүр.
Оредийн агуй. Ханандаа элдэв хээ угалзтай, өвөрмөц тогтцоороо хүмүүсийг татдаг.

среда, 1 октября 2014 г.

Дайны жамаас гажууд түүх буюу 1943 онд мэргэн бууч Ткачёв юуны учир Герман цэргийг буудсангүй вэ?


Эх сурвалж энд

Чөлөөнд гарсан хурандаа Ткачёв дайнд бишгүй л юм үзжээ. Өдөрт 28 хүн буудсан ч мэргэн буучдын тэмдэглэлд энэ тухай нь тэмдэглээгүй, Власовынханд олзлогдоод хагас цаг хэртэй болоход цаадуул нь минад өртөж амь үрэгдсэн, 2 салаа цэрэг, 169 цэрэг офицер устгаж Вермахтын хар дансанд устгавал зохих дээрэмчин хэмээн бүртгэгдсэн тухай түүх бий. 

Германчууд мэргэн бууных нь овоо хараанд арвантаа онож, хэлтэрхийд нь хацар нь зүсэгдсэн энэ өвгөнөөс нэг л түүхийг дуулах гэж зорьлоо.

Зохиолч Константин Симоновыг Белорусийн Невель хамтралд ирэхэд Ткачёвын өгүүлсэн нэгэн явдлыг Симонов хожмоо өгүүллэг болгон буулгасан аж. 

“Нэг харвал хоёр герман орос эмэгтэйг бамбай болгон худаг руу ирж явлаа. Би ч самбаачлан нэгийг нь буудаж унагаад, нөгөөг нь шархдуулсан юм. Манай хамтралын саальчин Нюра гэдэг бүсгүй байсан даа. Бид хоёр тэврэлдсэн.”

Ткачёв 1943 оны тэр нэгэн өдөр өөр нэгэн мэргэн буучтай Турки-Перевоз гэх газар манаанд гарчээ.

Тэр өдрийн шуудангаар Ленинградын бүслэлтийн үеэр гэр бүлээ алдсан Валя бүсгүй үл таних цэрэг эрд захиа илгээж, өшөөг нь авахыг хүсчээ. Энэ захиа Ткачёвын халаасанд халуу дүүгүүлэх шиг болсон гэдэг.


Коля Поповтой отоонд сууж, дайсны ар талыг овоо хараандаа оруулав. Хоёр офицер үзэгдсэнд бууджээ. Удалгүй тэднийг зөөхөөр ирсэн хэдэн цэргийг ч мөн л унагаж. Гэтэл сумтай хайрцаг зөөх янхигар цэрэг, түүнийг хойш нь татах өөр нэгэн офицер хоёр үзэгдлээ. Сум зөөх цэрэг нэг нүдээ боосон байжээ. Өнөөх офицерийг нь Коля унагаж, нүдэндээ боолттой цэрэг нь Ткачёвт үлдлээ. Ткачёв удаан гэгч нь онилохдоо мань эрийн царай зүсийг тогтуун ажив. Тэгээд гохоо дарсангүй, буугаа буулгалаа.

Өдгөө Ткачёв тэр мөчид чухам ямар учир гохоо дараагүйгээ “Бид байгаа өөрсдөө сонгодог байсан...” гэхээс өөрөөр тайлбарладаггүй. 


Дайн ч дуусч Ткачёв тэр явдлыг ор тас мартсан ч 1952 оны нэгэн өдөр хувь заяа гэдэг хачирхалтай аргаар үүнийг нь эргэн сануулжээ.

“Москвад ирж Коля Поповтой уулзаад, ХБНГУ-ын үзэсгэлэнд очдог юм байна. Гэтэл тэнд байсан хиймэл нүдтэй өндөр эр нэг л зүс үзсэн санагдаад болдоггүй. Дөхөж очоод 43 он, Турки-Перевоз-ын тухай лавлалаа. Гэтэл мань хүн тэнд байсан гээд, тэр өдрийг тодхон санаж байгаагаа өгүүлж билээ. Тэр үед мань эр эмнэлгээс гараад удаагүй байж л дээ. Пулемётны сумтай хайрцаг зөөж байхад нь нэг офицер “Тэнэг минь, мэргэн буучид!” гэсээр суулгасан аж. Ингээд энэ явдлаас хойш 7 хоногийн дараа шархтай гэсэн шалтгаанаар ар тал руугаа буцсан гэдэг.”


Өнөөх герман эр Ткачёвын нэр ус, хаягийг олж аваад, хэсэг хугацааны дараа эхнэрээс нь захиа иржээ. “Хүндэт анд минь, хэрэв зээ та нигүүлсэнгүй сэтгэл гаргаж Виллиг минь өршөөгөөгүй сэн бол энэ гурван хүүхэд хорвоод төрөхгүй байх сан” гэх захиатай хамт Вилли, 3 хүүхдийнх нь зураг байлаа.

Хэдэн жилийн дараа Ткачёв Берлинд сургалтаар явахад Виллигийн эхнэр охиноо дагуулсаар ирж уулзаад, гэртээ урьсан ч Иван очсонгүй.
Дайн эхэлсэн өдрийн тухай асуухад минь “Тэр тухай кино л үзэх юм даа. Он цаг элж, бүхний сэтгэлд тэр дайн кино л болон үлдэж” гэхээс өөр үг унагасангүй.

пятница, 26 сентября 2014 г.

21-р зууны өвөрмөц 15 байгууламж



Bahrain World Trade Center

2008 онд Бахрейний Манама хотод сүндэрлэсэн энэ барилга нь салхин сэнстэй анхны барилга. 240 м-ийн өндөртэй 50 давхар 2 барилга нь 3 хонгилоор холбогдож, үүн дээр нь 29 м-ийн диаметртэй сэнс суурьлуулжээ. 2 барилгын хооронд салхины эрч нэмэгдэх тул үүгээрээ цахилгаан үүсгэж, нийт хэрэглээнийхээ 15%-ийг хангадаг аж.

Walt Disney Concert Hall

Бильбао дахь Гугенхэмийн музейн архитекторч Фрэнк Геригийн загвараар 2003 онд босгосон энэ барилга цаасан онгоцтой ихэд төстэй. Гадна талыг нь ихэн голдуу зэвэрдэггүй гангаар бүрж, гялбааг нь бууруулахын тулд тусгай будаг түрхжээ. Дотроо 2252 хүний суудалтай концертын танхимтай.

Agora Theatre

Нидерландын архитекторч Адриан Гезёгийн загвараар 2007 онд босгосон энэ байгууламж сансрын хөлөг лугаа үзэгдэх агаад дотор хана нь өнгө өнгөөр алаглаж, шагаавар шиг үзэгддэг ажээ. 

Museum of Islamic Art

Катарын Доха хотноо 2008 онд ийм нэгэн барилгыг хиймэл арал дээр босгожээ. Америкийн архитектор Бэй Үйминий бүтээл.

Mercury City Tower

Москва хотноо 2013 онд боссон 338 м өндөр энэ барилга Европын хамгийн өндөр барилга болжээ. 75 давхартай.

The Shard

Лондон хотноо 2012 онд сүндэрлэсэн Хэлтэрхий гэх нэртэй энэ барилга 87 давхартай, пирамид хэлбэртэй. Оффис, орон сууц, зочид буудал, зоогийн газруудтай. Италийн архитектор Ренцо Пианогийн бүтээл.

Seattle Central Library

2004 онд Сиэттлд барьсан энэ барилга 11 давхартай агаад урсдаг шаттай.

Beijing National Stadium

Шувууны үүр хэмээн алдаршсан энэ цэнгэлдэх хүрээлэн 2008 онд ашиглалтанд орсон. Эргэн тойрон 24 баганан тулгууртай. 91000 хүний багтаамжтай.

Harpa Concert Hall

2011 онд Исландийн Рейкьявик хотноо боссон энэ барилгын өнгөн тал нь өнгө өнгийн шилээр бүтсэн. Хот, боомт, хөх тэнгэр тусч, тун ч этгээд үзэгдэнэ. 

Metropol Parasol


Испанийн Севильд 2011 онд барьсан Метрополь шүхэр гэх энэ байгууламж нь дэлхийн хамгийн том модон байгууламж болох агаад 6 хэсэгтэй. Доор нь археологийн музей, зах, зоогийн газар байрлана. Германы архитекторч Юрген Майер-Германы бүтээл.

L’Agora, Ciutat de les Arts i les Ciencies

Испанийн Валенсид 2009 онд байгуулсан энэ барилгад теннисний тэмцээн, загварын шоу зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. 

Aldar Headquar-ters Building

Абу-Дабид 2010 онд босгосон энэ барилга нь барилгын Aldar компанийн оффис бөгөөд 110 м-ийн өндөртэй. Зоосон барилга ч хэмээнэ. 

Mercedes-Benz Welt

Штутгарт хотноо байх Мерседес Бенцийн музей нь 2006 онд ашиглалтанд орсон ба 700 гаруй автомашины үзмэртэй.

Galaxy Soho

Английн архитекторч Заха Хадидын загвараар 2012 онд Бээжинд босгосон үзвэр үйлчилгээний цогцолбор. Шаталсан тариан талбайн загвараар бүтээгдсэн.

Marina Bay Sands
Архитекторч Моше Сафди багц хөзрөөс санаа авч бүтээсэн энэхүү 3 барилга нь завь хэлбэртэй нэгэн дээвэртэй. Дээвэр дээр нь 150 м-ийн усан сан, зоогийн газар, бяцхан төгөлтэй цэцэрлэгт хүрээлэн байрладаг. Оройдоо гэрлийн шоу болдог.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...