среда, 2 июля 2014 г.

Эртний нийслэл (эхний хэсэг)

Инкүүдийн эртний нэгэн нийслэл Куско. Өндөр уулсын дунд орших энэ балгад маш том чулуун хавтангуудаар өрсөн олон тооны байгууламжтай. Испаничуудыг ирэхээс өмнөхөн энэ газар нутагт хамгийн сүүлд инкүүд амьдарч байсан тул энэ бүхнийг цогцлоосон ард түмэн нь чухамдаа инкүүд хэмээн түүх бичигт бичсээр иржээ.

Тэд ч өөрсдийгөө “нарны хүүхэд”, энэ газар нутгийн гол иргэд хэмээн хааяагүй өргөмжилсөн байдаг. Энэ бүс нутагт эрт дээр үед байсан нэгэн төрлийн бичиг үсэг бүрэн устсаныг эрдэмтэд нотолсон бөгөөд 16-р зууны Монтесиносын сударт өгүүлснээр инкүүдийн нэгэн удирдагчийн зааварчилгаагаар эртний бичиг үсгийг устгасан гэдэг. Чингэхдээ энэ удирдагч “бурхдын” заавраар тэр бичиг үсгийг үгүй хийж. Монтесинос энэ судраа кипу хэмээх зангилаат бичгээр хадгалагдан үлдсэн эртний домог түүхээс улбаалан бичжээ.

Чулууг маш нарийн боловсруулж байсан инкүүд испаничуудыг ирсний дараахан энэ технологио ор тас мартана гэхэд итгэмээргүй.

Кускод байх байшингуудын ханыг янз бүрийн хэмжээтэй чулуунуудыг ямар нэгэн шавардлагагүйгээр үй зайгүй өрсөн байдаг. Хотын төвийн хэд хэдэн сууц ийм бүтэцтэй. Түүхчдийн үзсэнээр инкүүд чулуу, хүрэл, зэс зэвсгээр том том чулуунуудыг гар аргаар боловсруулж, өөр хооронд нь өрдөг байсан гэнэ. Гэтэл үнэндээ хатуу боржинг ийм зэвсгээр өөлж тэгшлэх ямар ч боломжгүй. Өөр өөр хэлбэр дүрстэй том хавтангуудыг өргөж байж тал талаас нь өөлөх тул ингэж байсан гэдэг нь ихэд эргэлзээтэй.

Зарим нэгэн эрдэмтэн инкүүдийг нарны туяаг зэс толинд тусгаж, чулуугаа зөөлрүүлээд өөлдөг байсан ч гэж сэтгэсэн байх юм. Гэтэл хатуу боржин Цельсийн 1000 хэмд л зөөлөрдөг. Тэр үеийн багажаар чулууг ийм болтол нь халаах ямар ч аргагүй. Халаалаа гэхэд гадаа буй чулуу зөөлрөх биш нунтаг болж бутарна. (угтаа хатуу зүйлийг хүчилтөрөгчгүй орчинд хайлуулдаг) Хайлуулж зөөлрүүллээ гэхэд тэр их халуунд боловсруулалт хийх хамгаалалтын хэрэгсэл байсан эсэх нь мөн л эргэлзээтэй. 

Өөр нэгэн таамаглал бол чулууг ямар нэгэн бодисоор баримлын шавар мэт зөөлрүүлж хэвлэдэг байсан гэх үзэл юм. Энд үнэхээр ийм аргаар шаваад бариад тавьчихсан мэт чулуу маш олон. Ингэж бодохоор чулууны гадаргууг халаахаас гадна, дотрыг нь мөн халааж байж энэ мэт хэлбэр дүрсийг үүсгэсэн байх талтай. Гэтэл тэр их эрчим хүч, энергийг хаанаас гаргаж авсан болж таарах вэ?

Үүнээс гадна хавь орчмын хадан хясаанд энэ мэт боловсруулсан чулуун блок өрж оруулсантай их таарлаа. Нутгийн домог хуучид өгүүлснээр нэг бол нэгэн төрлийн шувууны шүлсийг ургамлын хандтай хольж чулууг зөөлрүүлдэг, эс бол хаа нэгтээгээс олдсон шидэт уусмалаар хад чулууг зөөлрүүлдэг байсан гэх агаад энэ уусмалын найрлагыг огт өгүүлээгүй байдаг.

Эрдэмтэн судлаачид энэ ургамлыг олох гэж хичээсэн ч үр дүнд хүрээгүй л байна. Перугийн нутагт буй энэ олон чулуун өрлөгүүдээс үзвэл тэр ургамлын тариалангийн талбай байх учиртай сан. Боржин чулуу нь цахиурын оксидтой бөгөөд энэ бодис нь өөр нэгэн химийн бодистой барагтаа бол урвалд ордоггүйг химичид андахгүй. Энэ бодисыг уусгадаг нэгэн төрлийн хүчлийг маш боловсронгуй технологиор гаргаж авдаг. Үүнээс гадна энэ бодис боржинг эргээд бэхжих боломжгүй болтол нь хайлуулдаг. 

Бид Египтийн Гизагийн пирамидуудын чулуун өрлөгийг судлахад мөн л иймэрхүү технологиор хийгдсэн болох нь ажиглагдаж билээ. Энэ мэт байгууламжийг барьж байгуулахын тулд чулууг хөөсөнцөр хавтан мэт дураараа хэрчиж, өөр хооронд нь тааруулахын зэрэгцээ хүнд том чулуунуудыг өргөх төхөөрөмж хэрэгтэй.

Үүний сацуу эдгээр чулууг лазерийн туяагаар шарж боловсруулсан ямар ч ул мөр илрээгүй юм. Тэгэхээр энд механик ажиллагаа л орсон болж таарна. Ингэж бодвол бидний мэдэхийн эргэлтэт хөрөө л байсан байх нь ээ дээ. Байгууламжуудын байршлаас харахад энэ төхөөрөмж нь зөөврийнх байсан нь илэрхий. Зүйж барьсан хананд ижил хэлбэртэй чулуу ер үгүйг бодоход одоогийн технологиор ч маш их хөлс хүч шаардаахаар. Харилцан адилгүй чулуун өрлөгөөр босгосон байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй, бат бөх байж. Энд болсон газар хөдлөлтөөр нурж унасан хэсэг нь том чулуун өрлөгийн дээд талд буюу нэмж барьсан, арай болхидуухан хэсгүүд байдаг.

Испаничуудыг ирэхээс өмнөхөн буюу дараахан нь барьж байгуулсан гэх өрлөгүүдийн чулуунуудын завсар зайлхайг шавар уусмалаар дүүргэж, болхидуухан хийсэн нь нүдэнд тусна. Өөгүй чулуун өрлөгийн өнгөлгөөний ихэнх хэсэг овон товонтой байдаг нь зориуд гаргасан гэхээс аргагүй. Энэ овгоруудыг байгууламжийн дээд хэсгийг өрөхөд тулах цэг болгон ашигладаг байсан ч гэдэг. Гэсэн хэдий ч том чулуунуудыг өргөж, өндөрт бэхэлж тогтооход ашиглах тоноглолын нэгэн хэсэг байсан гэх таамаглал ихэд үндэслэлтэй.
Гэтэл Иранд явж байхдаа чулуу олборлох явцад энэ мэт овон товон үүсдгийг олж мэдсэн юм. (Үргэлжлэл бий)

четверг, 26 июня 2014 г.

Итгэхэд бэрх байгалийн үзэгдлүүд (эхний хэсэг)

Шавар шалбааган аадар буюу галт уулын аянга. Оргилж буй галт уулын тогоон дээр аянга буухад энэ үзэгдэл буй болдог. 


Канадын Альберта мужийн Абрахам нуурын гүнээс хөөрөх метан хий ингэж хөлддөг ажээ.

Кататумбогийн аянга. Жилийн 140-160 өдрийн шөнө дөлөөр цагт 280 хүртэл удаа ийм цахилгаан цахидаг.

Австралиас холгүй байх Зул сарын арал дээр жил бүр 43 сая гаруй улаан хавч өндгөө дарахаар эрэгт гардаг бөгөөд нутгийн захиргааныхан энэ үеэр замын хөдөлгөөнөө бараг 7 хоног хаадаг юм байна.


Канад, АНУ, Мексикийн нутагт зун оройхон хаан эрвээхэйнүүд өмнийг зорин нүүдэг. 

Австралийн Вага-Ваг хотын орчимд аалзнууд ийн тор нэхэж, үер уснаас амь гардаг.

Япон тэнгист байдаг нэг төрлийн эрэгчин загас далайн ёроолд иймэрхүү хээ угалз гаргаж эмэгчнээ татдаг.

Шинэ Зеландын дугуй хад асганууд. Эрэг дээрх аргиллит чулуунууд идэгдэж гөлийсөн нь энэ.


Эрт балрын үед Хойд Ирландад дэлбэрсэн галт уулнаас үүдэн 40 мянга гаруй базальтан баганатай ийм нэгэн өвөрмөц тогтоц бүхий газар үүсэн бий болжээ.

четверг, 19 июня 2014 г.

Чавин-де-Унтарагийн нууцууд (хоёрдугаар хэсэг)

Анхаарал татсан өөр нэгэн зүйл нь эдгээр байгууламжийн доогуур тавигдсан суваг шуудуу юм. Вачекса голын усыг энэ сувгаар татаж, барилга байгууламж, усан сангаа хангадаг байжээ. Энэ суваг хотын гаднахан нийлж, Мосна голд цутгана. Ингэж бодвол энэ хэсэгт урсгал ус ашиглах зайлшгүй шаардлагатай байж.

“Албан ёсны” үүх түүхэнд “Чавиныхан усны суваг шуудуу татахаас гадна Вачекса голын эхэн дэх мөнх цаст уулсын мөсний усыг ашигладаг байсан нь археологийн судалгаагаар тогтоогдсон бөгөөд мөс хайлах үест Вачекса голын ус хотын зүүн өмнөд хэсгийн түвшинтэй ижил хэмжээнд хүрч, суваг шуудуугаар ихээхэн дуу шуутай урсаад, Мосна голд цутгадаг байжээ. Энэ нь газар тариалан эрхлэхэд нэнэ таатай нөхцлийг бүрдүүлнэ” гэж үзэх боловч зөвхөн газар тариалан төдийд энэ их адармаатай системийг буй болгоно гэдэгт итгэхэд бэрх юм.

Харин өөр нэгэн эх сурвалжид “Чавинд ихээхэн хэмжээний ус ашигладаг байсан нь нэг төрлийн ашигт малтмалыг угаах байгууламж байсантай холбоотой” хэмээнэ.

Гэсэн ч ашигт малтмалыг нь угааж ялгасан гэх овоолго энэ хавьд байхгүй, алт зэргийг угаахад ийм нүсэр байгууламж огт шаардлагагүй. Иргэдийн хэрэгцээг хангах энгийн нэгэн усан хоолой ч байж болох шүү дээ.

Чавинаас өөр эртний хотуудын тууринд энэ мэт шуудуу байхтай таарсан тул тэр үеийн улс ихэд цэмцгэр байсан гэх бодол эрхгүй төрнө. Үүнээс гадна байгууламжийн дотор талыг шороо, чулуугаар чигжиж, дунд нь хонгил, ус, агаар нэвтрэх хоолой маягийн юм гаргаснаас үзвэл хүн амьдрах, тэр тусмаа эргэл мөргөл хийх газар яавч биш бололтой. Сүм хэмээгдэх гол байгууламж нь хаалга цонхгүй, тээр дээр байх нээлхий, амсартай болохыг дээр дурьдсан даа. Энэ байгууламж нэг бодлын агуулах сав, үйлдвэрлэлийн шугам ч гэмээр. 

Ямартаа ч эдгээр нь хүн амьтан удаан хугацаагаар байж боломгүй барилга байгууламжууд юм. Шороо, чулуугаар сайтар чигжсэнийг нь харвал бункер л гэлтэй. Харин газар доогуур биш, газрын гадаргуу дээр байрласнаараа л онцлог. Боржин чулуун хана нь цахилгаан соронзон, цацраг идэвхит туяанаас найдвартай хамгаалдаг бөгөөд байгууламжин дотор дулааныг жилийн дөрвөн улиралд тогтмол байлгахад ихээхэн үүрэгтэй.

Доогуур нь татсан суваг шуудууны ус энд үүссэн дулааныг гадагшлуулж, байгууламжийн дотор хэсгийг хөргөх үүрэгтэй ч байсан байж болох юм. Усан систем нь хөргөлтийн зориулалттай байж болохыг энд байх хоёр усан сан ч батална.

Дотор нь орох шат байхгүйгээс үзвэл элдэв хүн амьтан орохоос хамгаалсан ч гэлтэй. Чавины малтлагаар индианчуудын шавар эдлэл олдсон нь энэ байгууламжийг хожмоо тэд ашиглаж байсныг баталдаг. Хаа нэг газар утга учиргүй хээ хуартай хавтан хавчуулсан нь бэлдсэн чулуун хавтангуудыг тэд хожуу огт өөр газарт ашигласныг гэрчилнэ. 


Чавин де Унтарагийн байгууламж энэ газраас хэдэн мянган бээрийн алс орших мезоамерикийн соёл иргэншлийн үеийн ольмекуудынхтэй ихээхэн төстэйг түүхчид ч нотолдог. “Гавлын ясны өөрчлөлт, ирвэс шүтэх, хүнээр өргөл барьц барих зэрэг нь чавинууд, ольмекуудад ижилхэн агаад энэ хоёрын неолитийн үеийн соёл иргэншил нь дэлхийн бусад орныхоос эрс өөр байдгаараа машид онцлог” хэмээн тэмдэглэжээ.
Чавины байгууламж нь Мексикийн Паленкийн байгууламжтай үнэхээр төстэй нь бидний анхаарлыг мөн л татсан бөгөөд түүхчид Паленкийн байгууламжийг ольмекуудаас хойш мянган жилийн дараа үүссэн майячуудын үест хамаатуулдаг.

“Сүмийн гадна хананд хүн амьтны толгойн олон зураг байснаас өдгөө нэг л зураг хадгалагдаж үлдсэн нь хүний толгой юм. Дүрслэгдсэн хүн нь том соёотой, том хамартай, орой дээрээ самар шиг бундуутай байгаа нь эргэл мөргөл хийхээр зүглэх газар байсан эсэхэд эргэлзмээр” гэж бичсэн ч бий.

Хөрш зэргэлдээ Боливийн Тиауанако гэх эртний балгадад мөн иймэрхүү толгойн зураг байдаг. Энэ газар Чавинаас 1200 бээрийн алсад байх агаад уул нуруу дамжин л хүрч болохоор.

Гэтэл Тиауанакогийн эсрэг чиглэлд буюу 4000 бээрийн тэртээ байх Мексикийн Теотиуаканд мөн л иймэрхүү толгой, луу, ирвэс дүрсэлсэн байна. Толгойнууд бага зэрэг ялгаатай ч чулуун хавтангийн төгсгөлд товойлгон, яг ижил аргаар бүтээсэн байх юм.
Чавин, Тиауанако, Паленке, Теотиуаканы барилга байгууламжууд Америк тивийн анхдагч хот балгад болохыг хувьд ижил төстэй байх нь ч аргагүй биз ээ. (Үргэлжлэл бий)

понедельник, 16 июня 2014 г.

Чавин-де-Унтарагийн нууцууд (эхний хэсэг)

Чавин де Унтара гэх эртний байгууламж нь Лима хотоос хойд зүгт байх агаад Өмнөд Америкийн нэгэн номонд энэ газрын тухай “Чавины ард иргэд олон газраар бэдэрч, эцэст нь хүн суурьшихад хамгийн тохиромжгүй гэж болохоор энэ газрыг сонгосон нь үнэхээр сонин. Хүний гавлын яс өөрчлөгдсөн явдал үүнд нөлөөлсөн байх талтай бөгөөд 3500 м-ийн өндөрт орших, эрс тэс уур амьсгалтай, хүчилтөрөгч дутмаг Перугийн энэ хэсэгт хүрэхийн тулд Чавиныхан уул нурууг хүртэл нүхэлжээ. Гэсэн ч энэ мэт хүндрэлээс халшраагүй уугуул иргэд Америк тивийн анхны хотыг байгуулж чадсан бөлгөө” хэмээн тэмдэглэжээ.

Чавин де Унтарад хүрэхэд нилээдгүй бэрх замыг туулж, уулын тунельд ойртвол хажууханд нь 4516 м-ийн өндөрлөг газар гэсэн пайз дурайна. Чавиныхан энэ хонгилыг гаргасан эсэхийг баттай хэлж чадахгүй ч үүнээс өөр зам үгүй. Эртний энэ хотын туурь нэг талаараа далай, нөгөө талаараа Амазон мөрний ширэнгэн ойгоос тусгаарлах Перу улсын Андын нурууны 2 том уулсын дунд оршино. Үүнээс илүү нууцлаг газрыг олоход бэрх. Гэсэн хэдий ч түүхчдийн үзсэнээр Чавиныхан энэ алс бөглүү газраас зуу зуун бээрийн цаана байх ард иргэдэд нөлөөлж байсан нь гайхширмаар. Аливаа соёл иргэншлийн төв суурин талбай томтой байдаг нь зүйн хэрэг ч гэлээ энэ хот ердөө 4 га газарт сүндэрлэсэн байх юм.

Үүнээс гадна энэ хот ид цэцэглэж байхдаа гурван мянгаад л хүнтэй байсан гэдэг. Түүхч, археологичид энэ хотыг зан үйл, шашин шүтлэгийн төв байсан ч гэлцэнэ.

Энэ хотод байх сүмийг МЭӨ 500 оны орчимд босгосон гэж үздэг бөгөөд Перугийн археологийн эцэг гэгддэг М.Уле 1890-1900 онд хийсэн судалгаагаар Чавиныг МЭ-ий 1000 онд хамааралтай гэсэн боловч хожмоо 1920-иод онд хийсэн судалгаагаар МЭӨ үед хамаарах болох нь нотлогдож, улмаар өдгөө энэ хотыг МЭӨ 12-р зуунд байгуулсан гэх болжээ.

Перуд мэргэжлийн камераар бичлэг хийх зөвшөөрөл авахад бас ч гэж адармаатай тул баримтат киноны багийнхан маань жижиг камераар бичлэг хийж, бид тохоож өгсөн тайлбарлагчаа даган зураг авсан юм.

Гэтэл Чавины “албан ёсны” үүх түүхийг ярих ёстой тайлбарлагч маань энэ хотод хоёр өөр соёл иргэншлийн ард иргэд аж төрж байсныг хуучлаад, эхнийх нь МЭӨ 12-р зуунд байсан хэмээдэг юм байна.

Чавины төв байгууламж гэх өөр хоорондоо нийлсэн хэд хэдэн барилга нь хаалга цонхгүй, дээрээсээ ордог байрын бөгөөд (эс бөгөөс хүнээс өндөрт байрлах шаттай) хожмоо хавтгай дээвэртэй сүм гэж нэрлэгдэх болжээ. Үүний хажууханд дугуй, дөрвөлжин хэлбэртэй хоёр сан бий.

Төвд нь байх 75*72,5 м-ийн хэмжээтэй Кастильо цайз нь 9,5 м-ийн өндөртэй. Зүүн талаасаа ордог байсан гэх агаад энэ хэсгийн өнгөлгөөний том том хавтангууд нь өдгөө ч хэсэг бусгаараа хадгалагдан үлджээ.

Орд харшид хөтлөх шат нь он цагийн эргүүлэгт элэгдэж, нурж алга болдог ч газраас хэдэн алдын өндөрт байх шат гэхээр юмгүй үүд хаалгатай бид хэд хэдэн газар таарлаа. Үүнээс гадна чулууг хоёр өөр арга барилаар боловсруулсан нь бидний анхаарлыг татаж билээ.

Цайзын гадна ханыг болхидуухан боловсруулсан чулуугаар өрсөн байхад бусад хэсгийн ханын чулууг сайтар тэгшилж өнгөлөөд, маш чанартай боловсруулжээ. Иранд байх эртний Перс байгууламжийн чулуутай ижил аргаар гар ажиллагаагаар урт хугацаанд боловсруулж энэ мэт гөлгөр, тэгшхэн болгож болох ч Персүүдийн хувьд мянган жилийн түүхтэй Европын ур ухааныг сурч, шохойн чулуу зэрэг хүрэл зэвсгээр хөнгөхөн тэгшилчих зөөлөн материалаар элдэв байгууламжаа босгосон байдаг. 

Гэтэл Чавины байгууламж нь Америк тивдээ хамгийн эртнийхэд тооцогдох агаад барилгачид нь чулуу боловсруулах он удаан жилийн туршлагагүй байсан нь тодорхой. Хавтгай, гөлгөр чулуунуудын ихэнхийг хатуу боржингоор хийсэн нь бүр ч гайхалтай. Боржинг хүрэл зэвсгээр боловсруулах ямар ч аргагүй. Төв талбайн дөрвөлжин сан, дугуй сан, хэд хэдэн шатыг эл аргаар хийсэн нь энэ төрлийн блокон чулууг олноор бэлтгэж байсан гэмээр. 2000-3000 жилийн тэртээх индианчуудын зэр зэвсгийг дэлгэж үзүүлсэн музейн үзвэрээс үзвэл хатуу чулууг тэгшилж бэлтгэх арга барил эзэмшээгүй байсан нь илэрхий байдаг. Тэгээд ч энэ хавьд боржин чулуугүй тул хэдэн бээрийн цаанаас зөөж ирдэг байсан гэх юм. Зарим шатны гишгүүр, ханын өнгөлгөөг арваад алдын цул чулуугаар хийсэн нь ч бий. Хүчилтөрөгч дутмаг өндөрлөг газарт хэдэн тоннын чулууг хэдэн бээр газар зөөнө гэдэг амаргүй. Чулуун хавтангууд дээрх зураас болон дүрсүүдийг гар аргаар сийлээгүй бөгөөд хээ хуарынх нь ирмэг ямар ч өөгүй байсан нь бидний анхаарлыг ихэд татсан даа. Ямар нэгэн багажаар чулуун дээр энэ мэт зураас, дүрсийг гар аргаар өөгүй цохиж гаргах боломжгүйн зэрэгцээ ховилнуудыг нь мөлчийтөл өнгөлсөн байсан нь гайхширмаар.

Машинаар точилдож, зүлгэж гаргасан шиг л хээ хуарууд. Гэтэл индианчууд ийм технологигүй нь хэдийнэ тодорхой болсон шүү дээ. Аливаа зүйл энгийнээс нарийн болж хөгжиж дэвшдэг ч Чавин де Унтарагийн хувьд эхэн үедээ маш нарийн технологитой байгаад сүүлдээ болхидуухан болсон гэмээр.

Чулуун бэлдэцүүд хаа хамаагүй хэвтэхийг харвал индианчууд эдгээр хавтангуудыг өөр зориулалтаар ашиглаж гэж болохоор. Кастильо цайзын хана хэрэмд бэлдсэн чулуун хавтангуудаас гадна болхидуухан чулуу, жижиг чулуулгийг ашиглажээ.

Тухайн үедээ үсрэнгүй гэж болохуйц технологитой соёл иргэншлийнхэн индианчуудын хувьд “бурхан” мэт л санагддаг байсан биз ээ.
Эртний Египтийн домогт өгүүлснээр эдүгээгээс 9000 жилийн тэртээ энэ дэлхийд “бурхад” хаанчилж байсан гэдэг. Ингэвэл Чавин де Унтараг анхлан босгогчид 10 000 жилийн тэртээ амьдарч байсан соёл иргэншлийнхэн гэдэгт эргэлзэх зүйлгүй мэт. (Үргэлжлэл бий)

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...