вторник, 5 мая 2015 г.

Карл Маркс

1818 оны энэ өдөр Карл Гэнрих Маркс мэндэлжээ. Капитал гэх бүтээл бичиж, ангийн тэмцлийн онолыг тодорхойлсон Маркс нэмүү өртгийг мөн тодорхойлж, анхны Интернационалыг байгуулалцаж явжээ. Философийн материализм, улстөрийн тогтолцооны тухай хэд хэдэн ном бичсэн эрдэмтэн маань шинжлэх ухааны материализм, шинжлэх ухааны социализмын онолыг боловсруулсан юм. 

Залуудаа шүлэг бичиж, яруу найргийн дугуйлан зохион байгуулж байжээ. Оюутан байхдаа ирүүл тулаанд оролцох гэсэндээ гар буу худалдаж аваад цагдаад баригдсан түүхтэй. Нэг удаагийн ирүүл тулааны үеэр нүдээ сэлмээр гэмтээсэн гэдэг. Уг нь их сургуульдаа үлдэх хүсэлтэй байсан ч түүнийг үлдээсэнгүй. Рэйний сонин-д редактор хийж яваад, тэрс үзэлтэй хэд хэдэн нийтлэл бичсэн учир хэдэн сар шоронд суусан аж. Сонинг хаамагц Маркс Парис руу цагаачиллаа. Эндээ Энгэльстэй танилцаж, түүнийг дагаад Лондонд очсон байдаг.


Прүссийн тайж угсаатай Жэнни фон Вэстфалентэй гэрлэж, эхнэр нь удам угсаа сайтайд их л бахархаж явдаг байлаа. Угаас дээдсийн хүрээлэлд дуртай Маркс өөрөө ч ихэс дээдэс шиг загнах дуртай. Өр зээл ч тавьж явсан удаатай. Нагац ах нь Холландад өөрийн гэсэн компанитай байсан нь хожмоо Филипс компани болсон юм.
Тэр ихэнх цагаа хувьсгал хийж, улстөрийн мэтгэлцээнд оролцож, ном бичиж өнгөрөөдөг байсан ч ажилд орох гэж хичээж байлаа. Нэг удаа нарийн бичиг болох санаатай шалгуулсан ч бичгийн хэв муутай гээд гологджээ. 

Түүнийг нас барсны дараа эх оронгүй хүн болох нь мэдэгдсэн гэдэг. Мань хүн Германаас хөөгдсөн, Францад түүнд төдийлөн таатай бус ханддаг. Харин Англи улс түүнд иргэншил олгосонгүй. Тэр үед Маркс хэнд ч хэрэггүй байжээ. Гэсэн ч тавин жилийн дараа хүн болгонд хэрэг болсон гэхэд хилсдэхгүй. 

Энэ дэлхийд чинээлэг, хоосон хүмүүс байгаа цагт тэр хэрэгтэй байх болно. Тэр цагт хөрөнгийн эргэлт зүүн тийш Азид шилжинэ гэж хэлсэнд нь эрдэмтэд одоо ч гайхширдаг. Билл Гэйтсийнх шиг корпорациуд үүсэхийг ч тэр хэлсэн. Технологийн эрин үе ирэхийг ч тэр урьдчилж хэлсэн. Ингээд сүүлийн хорин жилийн улстөр, эдийн засгийн байр байдлыг ажихад марксизмын онол үеэ өнгөрөөсөн гэж хэлж боломгүй санагдана.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...