пятница, 20 марта 2015 г.

НОМТОЙ НӨХӨРЛӨСӨН МИНЬ

Хятадын зохиолч Үй Хуагийн Хятад орныг арван үгээр эсээний түүврээс.

Би гэдэг хүн номгүй үед өсч торнисон учраас яаж яваад ном унших дуртай болсноо сайн санадаггүй. Энэ тухай эргээд бодоход дөрвөн түүх сэтгэлд буудаг.
          Эхний явдал бага сургуулиа төгссөн жилийн зуны амралтаар болсон юмдаг. 1973 он шиг санагдаж байна. Тэр бол Соёлын хувьсгалын долоо дахь жил. Хувьсгалт залуусын хааяагүй өрнүүлэх цуст тэмцэл, нэгжлэг шалгалт өндөрлөх дөхөж, хувьсгалын идэвхтнүүд чамгүй ядарч залхаж байсан цаг. Манай хот чимээ аниргүй нам жим боллоо. Хүмүүс их л болгоомжтой болжээ. Радио, сонин хэвлэлээр ангийн тэмцлийн тухай уйгагүй ухуулах ч ангийн дайсан гээч нь аль хэдийн устаад үзэгдэхээ байжээ.
          Хотын номын сан үүдээ нээж, аав ах бид хоёрт зуны амралтаараа ном унш гээд дунд минь нэг үнэмлэх олж өглөө. Тэр цагаас хойш би уран зохиолд хорхойссон. Тэр үеийн Хятад оронд бүхий л уран зохиолын номыг “хортой хогийн ургамал” гэх агаад гадаадын сонгодог Шекспир, Толстой, Бальзак ч хогийн ургамал гэгдэнэ. Хятадын орчин үеийн Ба Зинь, Лао Шэ, Шэнь Цунвэнь ч ялгаагүй хогийн ургамал. Мао Хрущевтой муудсан тул Зөвлөлтийн уран зохиол ч хогийн ургамал болсон. Хогийн ургамлуудыг цаг тухайд нь түүж, олон сайхан номтой байсан номын сан “хувьсгалт эх оронч уран зохиол” гэх хорь гаруйхан зохиолтой үлджээ. Мандаж буй наран, Гэрэлт зам, Бухын хөндийн гол горхи, Өмнөд солонгын суурин дахь дажин, Шинэ гүүр, Уурхай дээгүүрх үүлс, Хийсэх цас ба урин хавар, Улаан од гялалзах нь зэрэг зохиолуудыг би үг үсэг гээлгүй уншлаа. Энэ дундаа Уурхай дээгүүрх үүлс, Улаан од гялалзах нь хоёрт хүүхдүүд гарах тул тун чиг таалагдав.

         Гэвч эдгээр ном сэтгэл хөвсөлзүүлсэн гэвэл үгүй. Сэтгэл догдлуулсан үйл явдал, гол баатар, өрнөсөн юмгүй энэ зохиолуудад ангийн тэмцэл л ноёлох санжээ. Гэлээ гээд миний амьдрал үүнээс ч гунигтай тул байгаа номоо уншихаас яалтай. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ.
          2002 оны намар Берлинд байхдаа би Хятад судлаач гэр бүлийн хоёр тэтгэврийн хөгшинтэй танилцсан юм. Жараад оны эхэнд Хятадад нүүрлэсэн их өлсгөлөнгийн тухай яриа дэлгэмэгц тэр хоёр Бээжингийн Их сургуульд сурч байсан үеэ дурслаа. Нөхөр нь ар гэрийн гачаалаас болоод Герман руугаа түрүүлж буцжээ. Хоёр сарын дараа эхнэр нь оюутны хотхоны оюутнууд бүх модны навчийг түүж идсэн тухай аймшигтай захиа бичсэн аж. Би тэр оюутнуудаас ер өөрцгүйгээр социалист уран зохиолыг мөлжсөн юм. Эргээд харахад түүнийгээ юу болгож боловсруулсан юм бол гэж гайхширдаг шүү.
          Ажилдаа идэвхтэй, дунд хэрийн настай номын санч эмэгтэйг би сайн санадаг. Ах бид хоёрын уншсан ном бүрэн бүтэн байхыг шалгаж байж л шинэ ном өгнө. Нэг удаа тэрээр номын хавтсан дээр бэх дусаасныг олоод харчихлаа. Ах бид хоёр тийм байсан гээд зүтгэв ээ. Номын санч эмэгтэй номоо нэгд нэгэнгүй шалгадаг учраас бэх дусаасныг анзаарахгүй өнгөрнө гэж үгүй гээд итгэсэнгүй. Бид маргасаар байгаад сүүлдээ хашгиралдлаа. Хашгирахыг тэр үед иргэний (соёлтой) тэмцэл гэдэг байсан юм. Гэтэл хунвэйбин буюу улаан хамгаалагч байсан ахын маань гар загатнаад болдоггүй. Өнөө номоо номын санчийн өөдөөс шидээд, чихийг нь алгадчихдаг юм байна.
          Ингээд гурвуулаа цагдаагийн хэлтэст очив оо. Эмэгтэй уйлаад л суух юм. Харин ах ажирсан шинжгүй өрөөгөөр холхино. Цагдаагийн хэлтсийн дарга номын санч эмэгтэйг элдвээр аргадаад, ахыг маань загнаж “Суу!” гэлээ.
          Ах ч хөлөө ачаад суув. Хэлтсийн дарга угтаа манай аавтай найзархдаг.
          Хүнтэй нударга зөрүүлэхдээ тулбал арга чарга зааж өгөөч гэсэнд “Өрсөлдөгчөө анзаараагүй үед хөлөн завсраар нь өшиглө” гэсэнсэн. “Эмэгтэй хүн байвал яах вэ?” гэвэл “Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй зодолдож болохгүй” гэлээ.
          Ахын хувьсгалт үйлдлээс болж бид хоёр номын сангийн үнэмлэхгүй хоцорлоо. Би ч яахав унших юмаа тэртээ тэргүй уншчихсан болохоор сэтгэлээр унасангүй. Гэтэл зуны амралт дуусах болоогүй, би гэдэг хүн номын амтанд орчихсон байдаг.
          Манайд аав, ээжийн анагаахын арваад лавлахаас гадна Мао Зэдүний Сонгомол дөрвөн боть, улаан ном буюу Мао даргын эшлэлүүд л байна. Энэ эшлэлүүдийг Сонгомол ботиос түүвэрлэсэн. Юм уншмаар болоод эдгээрийг эргүүлсэн ч сонирхол төрсөнгүй.
          Өлсөж ундаассан хүн хоол унд хайдагтай л ижил гудамжаар ном хайж хэрлээ. Халуу дүүгсэн өдөр надтай адилхан майк, богино өмдтэй, шаахай угласан хөвгүүн таарвал зогсоогоод “Танайд ном бий юу?” гэж асууна.
          Хөвгүүд асуусныг минь дуулаад жигтэйхэн гайхах ч үргэлж толгой дохино. “Ямар ном байна?” гээд гэрт нь очиход өнөө л Маогийн цоо шинэ дөрвөн боть угтана. Сүүлдээ номтой гэсэн хүүхдээс “Дөрвөн боть уу?” гээд дөрвөн хуруугаа гозойлгож тандах боллоо. Толгой дохисон хүүхдээс “Шинэ үү?” гэвэл аанай л дохиход өнөө л Маогийн сонгомол зохиол болохыг даруй ойлгоно. Ингээд би сүүлдээ хэдэн асуултаа нэгтгэж нэг мөр “Хуучин ном бий юу?” гэж асуух болж билээ.
          Энэ асуултад хэн ч толгой дохиж байсангүй. Нэг хүү л нүдээ цавчаад “Байгаа байх аа” гэх юм. “Дөрвөн ширхэг үү?” гэвэл “Нэг ширхэг байх аа” гэлээ. Би эшлэл байх гэж санаад “Улаан хавтастай юу?” гэвэл “Саарал шиг санагдаж байна” гэлээ.
          Сэтгэлд горь төрөх ч гурван ч удаа “Тийм байх аа” гэж эргэлзэнгүй хариулсанд санаа зовно. Би хөлс чийхарсан гараа өнөө хүүгийн хөлстэй мөрөн дээр тавиад хоёул тэднийх руу алхав. Зам зуураа аятайхан яриа өрнүүлсэнд жаалхүү гэртээ ормогцоо л сандал авч ирээд, дээр нь гарч, хувцасны шүүгээн дээрээсээ саарал хавтастай ном авч өгөв. Харваас эшлэлтэй төстэй хэмжээтэй авсаархан ном байна аа. Саарал тоосыг нь үлээгээд харвал гялгар хавтастай өнөөх улаан ном мөнөөсөө мөн!
          Аргагүйн эрхэнд харьж авдраа уудлахаар гэлдэрлээ. Анагаахын лавлахуудыг сөхсөн ч сонирхол татчихмаар юм олсонгүй. Хоёр жилийн дараа л тэр лавлахуудад нэн сонирхолтой нэгэн зүйл байсныг мэдсэн юмдаг. Анагаахын номоо хойш тавьбал салбархай Эшлэлүүд, шив шинэхэн Сонгомол бүтээлүүд үлдлээ. Айл болгон Эшлэлүүд-ийг цээжилж, Сонгомол бүтээлүүд-ийг гэрийн чимэг болгон тавина даа, тэр үед.
          Ингээд Сонгомол бүтээлүүд-ийн эхний ботийг авч нээгээд анхааралтай уншлаа. Урьд өмнө нь уншиж яваагүй, огт мэдэхгүй зүйл буюу номын тайлбар байдгийг мэдэж аваад тэр номыг гараасаа салгасангүй.
          Тэр үед зундаа хүмүүс гадаа оройн хоол идэх нь элбэг. Чингэхдээ эхлээд газарт хэдэн түмпэн хүйтэн ус цацаж, агаараа чийгшүүлээд, тоос шороогоо дарсны дараа ширээ сандлаа өрнө. Хүүхдүүд аягаа барьж ийш тийш гүйлдээд, бусдын таваг руу өнгийх нь элбэг. Харин би хоолоо ум хумгүй идчихээд, савхаа тавьж, Мао Зэдүний ботио барьж аваад, шөнө дөл болтол уншина даа.
          Хөрш зэргэлдээ айлынхан намайг хар багаасаа номд дуртай, Маогийн бүтээл туурвилыг нэгд нэгэнгүй уншдаг хичээл зүтгэлтэй, гээд жигтэйхэн ам сайтай. Аав ээж ч баярлана гэж тоймгүй. Тэгтэл удалгүй Соёлын хувьсгал дэгдээгүйсэн бол отгон хүү нь профессор болохгүй юу гээд шивэр авир хийх боллоо.
          Гэвч энүүхэндээ гэхэд би Маогийн бүтээлийг нэгд нэгэнгүй уншсангүй. Хотын номын сангийн номнуудаас хамаагүй сонирхолтой номын тайлбаруудыг л уншиж байсан минь тэр юм. Тайлбарт түүхэн үйл явдал, бодит хүмүүсийн тухай сэтгэл хөдлөлгүй ч сонирхол татам өгүүлжээ.

                ***
          Номд хорхойсох болсон хоёр дахь учрал дунд сургуульд байхад минь тохиож билээ. Би өнөө яриад байдаг “хогийн ургамлууд”-ыг зах зухаас нь уншлаа. Уран зохиолд үнэнхүү шимтэгсэд эдгээр номоо галд шатаахаас нууж хаагаад, аажмаар нэг нэгэндээ дамжуулж унших болсон юм. Миний гарт орохоос өмнө тэр номнууд лав мянгаад хүний гар дамжсан даг аа. Номнуудын нэг нь ч бүрэн бүтэн байсангүй. Бүгд хавтасгүй, эхний бөгөөд сүүлийн арваад хуудас нь урагдсан байх учир уншсан номныхоо нэр ус, эхлэл төгсгөлийг мэдэхгүй.
          Үйл явдал хэрхэн эхэлснийг барагцаалж болох атал хэрхэн өндөрлөсөн бол гэж бодохоос санаа амрахгүй шаналал нэмэгдэнэ. Тэр ном яаж төгсдгийг мэдэх хүн хайсаар хотоор харайлгах ч тийм хүн даанч олдохгүй. Бүгд надтай ижил уранхай ном уншжээ. Хаа нэг миний уншаагүй хэдэн хуудсын үйл явдлыг ярих хүн олдоно. Хуучин ном дор хаяж хэд гурав, цаашлаад хэдэн арван хүний гар дамжсан байх тул эхлэл, төгсгөлөөсөө наанадаж нэг хоёр хуудас дутуу.
          Салбарсан хуудсуудыг нь наачих сэтгэлгүй хүмүүст дотроо дургүйлхэх ч өөрөө бол нааж явсангүй.
          Ямар нэг ном яаж төгссөн бол гэхээс дотор арзаганах тул яваандаа төгсгөлийг нь бодож төсөөлдөг боллоо. Нөгөө Интернационал дуунд “Бурхан, хаан, баатрын хэн чиг боловч эрх чөлөөг олгохгүй. Эрх чөлөө гээчийг бид энэ л гараараа тэмцэж олно” гэдэг шиг оюун бодолдоо ургуулна даа. Үдэш гэрэл унтраахад би нүдээ аниад төсөөллийн ертөнцдөө умбаж, уншсан номнуудынхаа төгсгөлийг дурайтал ургуулна. Ингэж элдэв санаагаар бялхаж хэвтэхэд нулимс цийлэгнэхийг яалтай.
          Одоо бодоход тэр хуудсуудыг урж хаясан хүмүүст би талархдаг юм. Тэд тэгээгүйсэн бол би төсөөллөө хөгжүүлж, зохиолч болохгүй нь лав.
          Эхний уншсан гадаад ном маань хавтасгүй, нэр усгүй, эхлэл төгсгөлгүй нэгэн зохиол байлаа. Гэвч тэр зохиолд эротик дүрслэл нэлээн байсанд би хүн хар харчих вий гэж бэргэсээр уншиж дуусгасан юмдаг.
          Соёлын хувьсгал үгүй болмогц уран зохиол чөлөөтэй болж билээ. Номын дэлгүүрүүдийн лангуу шинэ номоор ёстой л хахсан. Би нэг авахдаа хэд хэдэн ном зэрэг авч, нэгэнтээ Мопассаны Амьдрал романыг худалдаж авсан юм. Тэгээд нэг шөнө дэлгээд хэвтэж байтал анх уншсан ном маань мөн шүү. Номын гуравны нэгийг уншаад “Ийм ном байсан бий!” гээд уулга алдсансан.
          Тэр үед бүрэн эхээр нь уншсан цорын ганц ном гэвээс гараар хуулсан хүү Дюмагийн La Dame aux Camélias (хожмоо жинхэнэ хэвлэлийг нь аваад би тэр бичмэл товчилсон хувилбар байсныг мэдсэн). Тэр бол Мао Зэдүн удирдагч таалал төгсөж, оронд нь Хуа Гүофэн хэсэг суусан үе. Нэг удаа ангийн маань хүүхэд намайг дуудаад, хачин сайхан ном оллоо гэж шивнэдэг юм байна. Мань хүн ийш тийш хараад “Хайрын тухай!” гэж билээ.  
          Үүнийг дуулаад өчүүхэн зүрх минь дэлссэн гэж! Хоёул хар гүйхээрээ тэднийд очлоо. Өнөө хүү амьсгаагаа дарж ядсаар хатуу цаасанд боосон La Dame aux Camélias-ын гар бичвэрийг гаргаж ирэв. Ном боосон даргар цаасыг нь хараад би хөшиж орхилоо. Тэр цаас угтаа Хуа Гүофэний зурагт хуудас байжээ. Өөрийн эрхгүй “Муу хувьсгалын эсэргүү!” гэж орилвол хүү сандарч “Үгүй ээ, би биш. Надад өгсөн хүн хувьсгалын эсэргүү!” гэдэг юм байна. Хоёул удирдагчийн нугалсан зургийг яах учраа олсонгүй. Анд минь голд урсгая гэсэн ч би найдвартай нь дээр гээд “Шатаая” гэлээ.
          Хуа Гүофэнээс үнс ч атугай үлдээгүй хойно бид хоёр номоо сөхлөө. Тэр нь үнэндээ ном биш, гялгар нимгэн хавтастай дэвтэр байв. Ангийн маань хүүхдэд өнөө хүн нь тэр дэвтрийг нэг өдөр уншаад өг гээд өгчээ. Бид хоёр толгойгоороо хааяа нэг мөргөлдөн уншиж гарав аа. Төд удалгүй тэр нимгэн ном урьд өмнө уншсан номнуудаас хавьгүй сайхан болохыг ойлгов. Ингээд хоёул тэр номыг буцааж өгнө гэхээс харамссандаа хууллаа.
          Ангийн маань хүүхэд аавынхаа ширээнээс яг тийм гялгар хавтастай дэвтэр гаргаж ирээд бид хоёр ажилдаа оров. Гараа чилтэл ээлжилж хуулсан шүү. Ангийн маань хүүхдийн аав, ээж ажлаасаа ирэх дөхсөнд хүн амьтанд өртөхгүй газар олох санаатай ангидаа очлоо.
          Ахлах сургууль хоёрдугаар давхарт, дунд сургууль нэг давхарт хичээллэдэг байсан юм. Анги танхимын хаалга цоожтой ч, аль нэг цонх нь онгорхой тул хоёул дотроос нь түгжээгүй цонх олоод, өөр ангийн танхимд нууцаар орлоо. Бүрий бууж байсан тул гэрэл асаав. Өлсөөд ходоод хоржигнон гэж найгүй. Хуулсаар байгаад сүүлдээ гар хөшиж билээ. Хоёул ширээ нийлүүлээд ээлжилж унтсан ч гучин минут биш тавхан минут болоод нөгөөхийн маань гар нь чилэх тул хэн хэн маань олигтой амарч чадсангүй. Чингээд нөр их хөдөлмөр минь удаж удаж өндөрлөсний дараа хоёул үүр цүүрээр ангиас гарч, гэрээдээ гэлдэрлээ. Найз минь найрсаг зан гаргаж “Эхлээд чи унш” гэсээр өнөөх дэвтрээ надад өгөөд, өөрөө эх бичмэлээ эзэнд нь эргүүлж өгөхөөр явав.
          Хариад ирвэл аав, ээж хоёр маань хажуулчихаж. Ширээн дээр үлдээсэн оройн хоолоо идчихээд орон дээрээ хэвтлээ. Төдөлгүй аав намайг дугтарч сэрээгээд “Шөнөжин хаагуур тэнээд ирэв?” гэж байна. Би нэг юм бувтнаад эргэж хараад унтчихав.
          Улмаар үд дунд сэрж, хичээлээ давтахын оронд өнөө номоо дэлгэлээ. Гэтэл эхэндээ гайгүй гаргацтай байсан бичиг сүүлдээ муруйж сарийгаад уншихын эцэсгүй болжээ. Өөрийнхөө сараачсаныг чүү ай унших ч өнөөхийн маань бичсэн юу гэж байгааг ойлгодоггүй. Дургүй хүрээд номоо халаасалж аваад сургууль руу гарлаа.
          Ганцаараа сагс тоглож байсан найзыгаа ууртайхан дуудвал хөлс нь чийхраад дөхөөд ирэв. “Алив, нааш ир!” гэвэл бөмбөгөө газар шидээд “Юу болоов?” гэсээр ирж байна аа. Намайг өөрийг нь зодно л гэж бодсон бололтой. Би дэвтрээ гаргаж “Залуу минь, юу гээд биччихсэн юм бэ?” гэвэл манай нөхөр санаа алдаад, хөлсөө арчиж, араас дагасаар хулсан дунд явж орлоо. Би “Энэ юу гэж байна?” гэсээр номоо арай ядан дуусгаж билээ. Номын баатрууд сэтгэлд тод үлдэж, хуулсан дэвтрээ анддаа өгөхдөө жаахан харамссан юмдаг.
          Гэтэл орой нь хэвтэж байтал найзын дуу хадаж байна аа. Миний сараачсаныг ойлгоогүй мань хүн тооцоо бодохоор ирсэн нь тэр шүү дээ. Арга буюу орноосоо босож, уран зохиолын амтанд орж сэтгэл нь хөдөлсөн анддаа эрээчсэн үг үсгээ анх таарсан гудамжны гэрэл дор зогсонгоо хэлж өгөв.

           ***
          Харин гутгаар түүх маань гудамжинд ном уншсан тухай юм. Энэ нь манай хотын нүүр царайг нэгэнтээ танигдахын аргагүй болтол нь өөрчилсөн дазыбао буюу ханын сонин бөлгөө. Соёлын хувьсгалын жилүүдэд дазыбао-г хуулж хаявал шулуухан хувьсгалын эсэргүү гэгдэнэ. Тийм ч учраас шинэ ханын сонинг хуучин дээр нь давхарлаж наадаг байлаа. Үүний дүнд манай хотын гудамж хөвөнтэй тэрлэг өмссөн мэт харагдана даа.
          Эхний дазыбао-нуудыг би уншаагүй. Учир нь тэгэхэд дөнгөж нэгдүгээр ангид орсон би гарчгийг нь л дөнгөн данган ялгахтайгаа. Тэр үед “цэргийн тэмцэл” шохоорхлыг минь их татдагсан. Томчууд гудамжинд зодолдож “Аугаа удирдагч, их багш Мао Зэдүнийг эцсийн амьсгалаа хүртэл өмгөөлөн хамгаална!” гэж хашгирсаар нэг нэгнийхээ толгой тархийг мунаар цохиж хагалж байхыг амьсгаа даран харна шүү. Тэгээд аль аль нь Мао даргыг хамгаалах нэг л зорилготой юм бол зодолдож нүдэлдэх хэрэг юун гээд их л гайхна.
          Би хулчгар болохоор зодоон цохионыг холоос л ажина. Ойртоод ирвэл гүйгээд холдчихно. Ах надаас хоёр насаар ах тулдаа элдэв юмнаас эмээнэ гэж үгүй. Ташаагаа тулж зогсоод хажуухнаас нь ажиглана.
          Хааяагүй өрнөдөг байсан зодоон нүдээнийг бид өвөр хоорондоо хар-цагаан кино гэж нэрлэдэг байгаад, хэдэн жилийн дараа орчин үежүүлж, өргөн дэлгэцийн бүтээл гэх болсон юм.
          Дунд сургуульд байхдаа би дазыбао унших дуртай боллоо. 1975 он буюу Соёлын хувьсгал дуусгавар болох мөчид гудамжны зодоон цохион төдий л анхаарал татахаа больж, урьд цагийн гал авалцах мэт өрнөдөг хар-цагаан киногоо санагалзах нь ихсэв. Одоо бодоход эхэн үеийн хар-цагаан кинонууд Холливудын боевиктэй төстэй, харин хожуу үеийн өргөн дэлгэцийн бүтээлүүд Европын арт хаус киног сануулдаг байсан шиг.
         Өдгөө нүдээ анихад гучин жилийн өмнө ямар хөвүүн байсан минь сэтгэлд илхэн. Нөхөөстэй хувцастай, ул нь элэгдсэн дотоодын үйлдвэрийн хуучин кеттэй, салбархай цүнхээ үүрээд хичээлээ тармагц ханын сонин эрээлүүлэн наасан гудамжаар алхана.
          Өнгө будаг нь гандсан хуучны кино шиг дурсамж дуртдатгалд минь дазыбао-д шунан дурлах болсон тэрхэн мөч одоо хэр хадаатай. Соёлын хувьсгалын сүүлийн жилүүд Европын артхаус киног ухаж ойлгоход хугацаа шаарддагтай ижил их удаан өнгөрч билээ. Хэн хүний анзаарахгүй аахар шаахар зүйлийг сайтар ажвал төсөөллөө хөгжүүлэх бүрэн боломжтой үе байжээ.
          1975 он гэхэд хүмүүс ханын сонин сонирхохоо больж, тоож унших хүнгүй болсон ч гаргасаар, наасаар байсан юм. Би ч сонин наасан эрээн гудмаар бусдын адил алхах ч тоож харахгүй шүү. Гэтэл нэг удаа ханын сонинд зурсан нэг шог зураг шохоорхол өдөөж, би цоо шинэ нэгэн ертөнц рүү шунган орлоо.
          Тэр зурагт солонгын долоон өнгөөр зурсан хос хоёр яйжийсан орон дээр суух юм. Эр, эм хоёрыг анх удаа зурагт хуудас дээр дүрсэлдэг шиг зогсоо биш суугаа байдалтай харсан минь тэр. Хувьсгалт ханын сонинд ийм зураг гарна гэмээнэ эр, эмийн харилцааг шүүмжилсэн байхаас гарцаагүй. Сонирхол хөдөлж өнөөх сонинг уншлаа.
          Би ер ханын сонинд тэгтлээ шимтэж байгаагүй юмдаг. Тэр сонинд Мао даргын эшлэл, сүрт уриа лоозонгуудаар хачирласан эр, эм хоёр нууц амрагийн тухай өгүүлжээ. Шог зургийн дор өнөө хоёрын овог нэрийг дурайтал биччихэж. Хэдийгээр янаг амрагийн явдлыг нь бичээгүй ч гэгэлзсэн сэтгэлд минь тэр дороо тохирох дүр зураг буув.
          Уншсан түүхээ жаал жуул хачирлаад найз нөхөддөө хуучлахаар харайлгалаа. Өнөө хэд маань сонсоод ёстой алмайрч билээ. Ингээд хэдүүлээ хоёр баатрын ажлын газар, гэр орныг нь олж тогтоохоор шийдээд салцгаав.
          Хэдэн өдрийн дараа бидний санасан хэрэг бүтэж, нууц амрагуудыг илчлээтэхлээ. Эрэгтэй нь хотын баруун захын хуучин хороололд суудаг юмсанж. Бид хэдэн өдөр хөөцөлдсөний эцэст гэрийнх нь ойролцоо түүнтэй таарсан юм. Өнөөх эр бидэн рүү хялав хийсэн ч үг сүггүй булангаар тойрч далд оров. Эмэгтэй нь манайхнаас 5-6 бээрийн цаанатаа хотын захын дэлгүүрт ажилладаг байлаа. Найзуудтайгаа нэг бүтэн сайнаар ажил болгож тавь хүрэхгүй ам метр талбайтай тэр дэлгүүрт очвол гурван эмэгтэй байна. Жаал нүд унагааж гарч ирээд “Алиныг нь ч сайхан бүсгүй гэмээргүй юм” гэсэн дээр санал нийлсэн юмдаг. Ханын сонинд гарсан овог нэрээр нь чанга дуудвал нэг эмэгтэй нь айсан шинжтэй эргэж харсанд бид тас тас хийтэл хөхөрсөөр тэндээс гарлаа.
          Үнэндээ тэр цагт бидний амьдрал зугаа цэнгэл гэх юмгүй, нэгэн хэвийн бүүдгэр байжээ. Ханын сонингийн баатрууд амьдралд хэрхэн харагддагийг мэдсэн бидний хэдэн хөвүүн хэдэн долоо хоног хөөрцөглөв.
          Соёлын хувьсгалын сүүл үеийн ханын сонинд Мао, Хятадын шинэ үеийн сонгодог уран зохиолын төлөөлөгч Лу Сюнийн эшлэл, сонин хэвлэлүүдээс хуулсан уриа лоозонгоос гадна янаг амрагийн явдал хаа нэг үзэгдэх нь бий. Нэгнээ “ёс зүйгүй” гэх нь баалж тавлах сайхан шалтаг болдогсон. Хичээлээ тараад харих бүрдээ би ханын сонинуудыг гярхай ажиж, шинэ адал явдал хайна.
          Гэлээ чиг сонирхол татчих үг үсэг тэр бүр олдохгүй зовооно. Нэгд нэгэнгүй уншиж байж хэдэн өдөртөө ганц нэг үг өгүүлбэр таарвал их юм. Тиймдээ ч андууд минь ханын сонин сонирхохоо болилоо. Дазыбао хэдэн цаг гөлөрч гөлөрч бүдэг бадагхан хэдэн өгүүлбэр олох төдий байхад дурлах хэрэг юун? Үүнтэй харьцуулахад миний ургуулан бодсон яриа тэдэнд хавьгүй таатай. Өглөө болгон хичээл эхлэхийн өмнө “Дуулгачихмаар юм байна уу?” гээд л шивэгнэнэ дээ.
          Миний олж мэдсэн хамгийн дуулиантай мэдээ болбоос ганц бие нэгэн бүсгүй, эхнэртэй эртэй орооцолдож баригдаад, хоёул үнэнээ өчсөн явдал болой.
          Эмэгтэй өнөөх эрээ худаг дээр юм угааж байхад нь анх харжээ. Эрэгтэйн эхнэр хол газар ажилладаг, жилдээ нэг удаа нэг сараар ирдэг юмсанж. Тэгээд өнөө эмэгтэй хөрш эрийнхээ юухан хээхнийг угааж өгье гэжээ. Эхэндээ дотуур өмдийг нь угаахгүй, ялгаж тавьдаг байсан ч төдөлгүй угаадаг болж. Ингээд эмэгтэй аажмаар өнөөх эрээс ном зээлж унших болоод, уншсан мэдсэнээ эрэгтэйн унтлагын өрөөнд ярьж хэлэлцэх болжээ. Улмаар эр, эм хоёр нууцхан харилцаанд орж, гурван ч удаа уулзаад баригдсан байлаа.
          Соёлын хувьсгалын сүүлийн жилүүдэд үзэл суртлын тэмцэл янаг амрагийн тэмцэл болон хувирч, эр, эмийн харилцаандаа сэтгэл дундуур явдаг олонх бусдын улыг шагайж, нэг ёсондоо таашаал авах болов. Янагийн харилцаатай болсон хоёрыг мөрдөж мөшгисөөр эгзгийг нь тааруулж байгаад гэрт нь орж барина.
          Бүсгүй “Эхний удаа дотно харилцаанд ороод сууж чадахгүй байсан” гэдгийг уншаад би мөн их гайхаж билээ. Тэр оройдоо хэдэн найзаа цуглуулж аваад, навчис нь салхинд сэрчигнэх моддын дор суугаад:
          -Та нар эмэгтэй хүн анх удаа эр хүнтэй хавьтаад юу болдгийг мэдэх үү? гэж асуулаа.
          -Юу болдог гэж? гэх найзуудынхаа асуултад:
          -Сууж чадахаа байдаг юм! гээд их л маадгар хариуллаа.
          -Яагаад? гэцгээхэд нь хэлэх үг олдоогүй ч барьц алдсангүй:
          -Эхнэртэй болоод л мэдэцгээ дээ гэж билээ.
          Дазыбао ингэж бэлгийн хөгжлийн анхны ойлголттой болоход минь тус болсон юм. Гэвч амьдралдаа уншсан анхны жинхэнэ эротик зүйлийг би ханын сониноос биш гэрээсээ олсон.
          Аав, ээж хоёр маань эмч, манайх эмнэлгийн харьяа нийтийн байранд суудаг байлаа. Хоёр давхар тэр байр нэг давхартаа зургаан өрөөтэй. Энд эмнэлэгт ажилладаг арван нэгэн айл сууна. Манайх бусад айлыг бодвол хоёр өрөөтэй. Ах бид хоёр доор, аав, ээж хоёр дээр унтана. Аав, ээж хоёр маань хэдэн арван ном өрсөн номын тавиуртай.
          Ах бид хоёр ээлжлээд аав, ээжийн өрөөг цэвэрлэнэ. Номын тавиур дээр ямаршуухан эрдэнэс өрөөстэй байсныг мэдэлгүй мөн олон жил тоос шороог нь залхуутайяа арчиж явсандаа харамсмаар. Бага сургуулиа төгсөөд гэрийнхээ бүх номыг эргүүлж үзсэнээ уншигч авгайд дээр өгүүлсэн шүү дээ. Тэр үед хамгийн чухал зүйлээ олж хараагүй юмсанж.
          Гэтэл ах минь олоод уншчихаж. Би тэгэхэд дунд сургуулийн хоёрдугаар ангид, ах ахлах сургуулийн хоёрдугаар ангид сурч байлаа. Ах аав, ээжийг ажилдаа явсан хойгуур ангийнхаа эрэгтэй найзуудыг дагуулж ирдэг болов оо. Тэд дээд өрөөнд ороод хачин хачин дуу авиа гаргана.
          Би сэжиг аваад дээш гарахад өнөө хэд ажиг авсан шинжгүй инээж хөхөрч сууна. Хаалгаар гарав уу, үгүй юу өнөө хачин дуу авиа чихэнд хүрнэ. Энэ маягаар хоёр сар орчим үргэлжиллээ. Ахын найзууд аав, ээжийн өрөөнд орсоор л. Ангийнх нь бүх банди ирсэн байх шүү.
          Надаас нэг юм нуугаад байгааг би гадарлаад л байлаа. Өрөө цэвэрлэх ээлжээ ирмэгц булан тохой бүрийг нь нэгжсэн ч сүйдтэй зүйл олсонгүй. Тэгээд анагаахын номон завсар нуусан байж магадгүй гэж сэтгээд номнуудыг нь ширхэгчлэн эргүүлэв. Тэгтэл Хүний биеийн анатоми-ос эмэгтэй хүний үржлийн эрхтнийг дэлгэрэнгүй үзүүлсэн өнгөт зураг гарч ирэх нь тэр. Би ангайсан чигтээ тэр зургийн тайлбар сэлтийг юутай хуйтай нь уншив.
          Алмайрсандаа дуу алдсан ч байж мэднэ. Ямар ч байсан хажуу хавирган дахиа хайхрах сөхөөгүй болсон юмдаг. Ахын ангийн хүүхдүүдийн хэзээний олж үзсэн тэр зургийг харсан манай ангийн хөвгүүд толгой дараалан уулга алдацгаасныг л би баттай хэлнэ.

           ***
          Харин одоо өгүүлэх дөрөв дэх явдал 1977 онд болсон юм. Соёлын хувьсгал өндөрлөж, хуучны “хогийн ургамлууд”-ыг ахиж хэвлэх боллоо. Манай хотод Толстой, Бальзак, Диккэнсийн зохиол үзэгдэж эхэлсэнд алдартай поп од бөглүү сууринд морилсонтой л ижил хөл үймээн дэгдэв. Ном олдоц муутай тул хүн бүрт нэг тасалбар тарааж, нэг тасалбараар хоёроос илүүг өгөхгүй гэж зарлаж билээ.
          Номын дэлгүүрийн үүдэнд дараалан зогссон хэдэн зуугаад хүнийг би сайн санадаг. Зарим нэг нь урьд өдөр нь сандлаа авчраад дугаарлан суужээ. Үүр цайсны дараа ирснүүд нь бол ном олж авч чадахгүйгээ дорхноо ойлгосон. Гэвч итгэл гэдэг хэзээд сүүмэлзэж байдаг хойно зогссоор л.
          Би ч тэдний адил оройтсон нэгэн боллоо. Баруун халаасандаа тухайн үедээ миний хувьд асар их мөнгө мэт санагдсан таван юаниа атгаад, зүүн талаараа салхи сөрсөөр дэлгүүрийн үүдэнд ирэв. Аминдаа эрт ирсэн байх гэж горьдсон ч талаар болж, гурван зуугаад хүний ард орлоо. Миний хойно ирсэн хүмүүс “Эрт босоод нэмэргүй нь шив дээ” гэлцэнэ. Үүр гэгээртэл дугаарлаж зогссон улс унтсан, унтаагүйгээрээ хуваагдав. Унтаагүй шөнөжин сууж хүлээсэн улс ямар ямар ном авахаа, унтаад үүрээр ирснүүд нь хэдэн тасалбар тараах тухай хэлэлцэнэ. Толгойд байсан хүмүүс зуун тасалбар тараана гэж таамагласан бол арай хойшхон зогссон нь хоёр зуу, бүр гурван зууг ч тараана хэмээнэ. Хэн нэгэн “Таван зуун тасалбар тараана гэнэ” гэсэн ч “Гурван зуун хүнд таван зуун тасалбар олгох байсан бол энд зогсож тамаа цайх хэрэг юун?” гээд хэн ч итгэсэнгүй.
          Долоон цагт манай хотын Синьхуа номын дэлгүүр үүдээ нээлээ. Ямар нэг зүйл нээлтээ хийх сүр хүчийг би тэгэхэд л мэдэрсэн. Дэлгүүрийн навсархай хаалга театрын тансаг хөшиг лугаа адил үзэгдэж, гарч ирсэн ажилтан нь хөтлөгч шиг л харагдав. Хөтлөгч “Тавин тасалбар тараана. Бусад нь тарцгаа” гэлээ.
          Энэ нь хар үүрээр ирж зогссон бидний сэтгэл рүү хүйтэн ус цацсанаас ер өөрцгүй шүү дээ. Нулимаад явах нэгэн байхад, битүүхэн харуусч, илүүчлэх юм гарах болов уу гэсээр горьдож үлдсэн нэгэн ч үзэгдэнэ. Би таван юаниа атгасаар зогсохдоо тасалбар авахаар маасайтал инээж одох хэдэн хүнийг атаархан ажлаа. Тэдний хувьд цөөн тасалбар тараах тусмаа шөнөжин унтаагүйн хэрэг бүтнэ.
          Удалгүй тасалбартай хэд нойр хоолоо хугаслан байж олж авсан алт эрдэнэсээ тэвэрсээр дэлгүүрийн үүдээр цуврав. Бид тасалбар олж авсан азтай танилуудаа хүрээлж зогсоод шинэхэн хавтастай Анна Каренина, Горио эцэг, Дэвид Коппэрфилд-ийг шунан ширтлээ. Зарим нэг нь номоо дэлгэж, шинэхэн номны үнэр ханхлуулах агаад би гэдэг хүн анх удаа хэвлэлийн үнэр авсан нь тэр ээ. Шинэ номны үнэрт сэтгэл сэргэнэ.
          Тавьд багтаагүй архан талд нь үлдсэн хүмүүс хэдий уурлаж, өөртөө ч юм уу, өрөөлд ч юм уу бачимдаж байсан нь санаанаас ер гардаггүй. Хоёр зуун хүний ард зогссон биднийг бодвол тэдэнд дэндүү харамсалтай. Шарсан нугас хамар доороос нь нисээд явчихсан гэх хятад зүйр үг байдаг даа. Түүн шиг л юм болсон. Дан ялангуяа тавин нэг дэх хүний гонсойсон гэж! Дэлгүүрийн босгоор давах гэтэл тасалбар дуусчихсан гэхээр гонсойхгүй гээд яах билээ? Тэр нөхөр алмайрч хөшөөд, сандлаа барьсаар холдож, урд нь орсон нөхөд ном барин гарч ирэхэд бүгдээрээ бүчиж аваад шинэ номыг нь барьж үнэрлэхэд өөрийн эрхгүй нүд бэлчээж суусансан. Хачин чимээгүй байхаар нь би хэдэнтээ эргэж харсан юм.
          Сүүлд дуулах нь ээ, мань хүн тэр өдрийн өмнөх орой найзуудтайгаа хөзөр тоглож байгаад, сандлаа авч ирээд шөнөжин суусан байжээ. Найзууддаа “Жаахан өмнө гараад явчихгүй би гэж мөн азгүй хүн ээ?” гэж хэлснийг би дуулсан.
          Үүнээс улбаалаад манай хотынхон аз нь дутсан хүнийг хэсэгтээ л тавин нэг дэх болсон юм.
          Тэр үеэс хойш даруй гучин жил элжээ. Эргээд харахад ном гэдэг зүйл өдгөө хаа сайгүй хахсан байна. Өнөө Хятадад жил бүр хоёр зуугаад мянган төрлийн ном хэвлэгддэг. Урьд нь авах юм олддоггүй байсан бол өдгөө юу авахаа мэдэхээ больжээ. Цахим дэлгүүрүүд номоо хямдруулан зарж эхэлсэн бол одоо жирийн дэлгүүрүүд ч тэдний замаар орлоо. Хүнсний дэлгүүр, сонингийн мухлаг, хэвлэл тараадаг хүмүүс хулгайгаар хэвлэсэн ном зарах нь энүүхэнд. Хятад төдийгүй англи хэл дээр хэвлэсэн хулгайн ном зарах болжээ.

          Бээжинд жил бүр номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг. Эдгээр үзэсгэлэн худалдаа шашны баяр ёслолоос өөрцгүй хөл хөдөлгөөн ихтэй. Үзэсгэлэнгийн үеэр сонгодог уран зохиолын семинар, зан заншил танилцуулах төрөл бүрийн арга хэмжээ, зургийн үзэсгэлэн, үнэгүй кино үзвэр, эстрад хамтлагийн тоглолт, бүжиг, илбэ, загварын үзүүлбэр шил шилээ даран өрнөнө. Банк, даатгал, үнэт цаасны компаниуд эл завшааныг ашиглаад үйлчилгээгээ сурталчилна. Үйл ажиллагааг дагалдан нүргэлэх нүсэр хөгжмийн дундуур нэг нэгнээсээ төөрсөн хүнээ эрж хайсан зарлал урсана. Хажуугаар нь зохиолчид ном дээрээ гарын үсэг зурцгаан борлуулж, уламжлалт анагаах ухааны эмч домчид судас барин, эмийн жор олгоно.
          Хэдэн жилийн өмнө би ч ийм үзэсгэлэнд оролцож, гарын үсгээ зурж суулаа. Танхимын хөгжим хажууханд нүргэлэх нь үйлдвэрийн цехэд яваа мэт санагдуулж, хөрш зэргэлдээ павильоныхон бараа таваараа хүнсний зах дээр мах, ногоо зардаг наймаачид шиг цагаан хоолойгоор сурталчлах ажээ. Тэд хэдэн зуун юанийн үнэтэй номуудыг боодлоор нь маш хямд өгнө. Нэг нь “Хорин юаниар өглөө!” гэмэгц хажуу хавирган дахь нь “Сонгодог зохиолуудыг боодлоор нь аравт!” гээд л барьцана.
          Хэн нэгэн “Байтлаа ном биш, хаягдал цаас зарж борлуулж байгаа аятай болох нь ээ!” гэж уулга алдсанд өөр нэг нь үүнийг өлгөж аваад “Таминь ээ! Соёлын бүтээлийг хаягдал цаасны үнээр зарж байна шүү!” гэдэг юм байна.
          Цаг хугацаа гэдэг мөн ч хурдан урсах юм. Номын дэлгүүрийн үүдэнд өнжсөн гурван зуун хүний хэдхэнд тасалбар тараасан тэр нэгэн өдрөөс хойш гучин жилийн дараах номын үзэсгэлэнд боодол номыг арав, хорин юаниар зарах энэ өдөр хүртэл ганцхан шөнө өнгөрсөн гэлтэй.
Хэдийгээр би гучин жилийн өмнөх тэр өдөр ном авч чадалгүй гар хоосон буцсан ч хэдхэн сарын дараа номын тавиур минь шинэ номоор дүүрч, би номоо там тум биш айвуу тайвуу уншдаг боллоо.
          Нэг удаа надаас “Гучин жил уншсан олон номноосоо та юу олж мэдэв?” гэж асуухад би гэнэтхэн их далай олж харсан мэт болоод, хариуг нь онож олоогүй мэгдсэн юм. Учир нь ийм зүйлийг хэдхэн өгүүлбэрт базаад хэлчих ор боломжгүй.
          Нэгэн эсээнийхээ төгсгөлд “Уран зохиолын аугаа бүтээлүүд намайг даллан дагуулж, би жаахан хүүхэд лугаа адил тэр бүтээлийн хормойноос зуураад, цаг хугацааны төгсгөлгүй далайгаар аялдаг. Энэ аяллаас би ганцаар эргэж ирэх ч дагуулж дуудсан хөтөч нар гэрт минь үүрд надтай үлдсэн болохыг ухамсарладаг” гэж бичсэн дээ.
            2006 оны есдүгээр сард эхнэр бид хоёр Германы Дюссельдорфын эртний нэгэн гудмаар зугаалах зуураа Гэйнэгийн байшинд очлоо. Гэйнэгийн байшин энд байдгийг би мэдээгүй. Хөрш зэргэлдээ байшингууд нь улаан өнгөтэй атал түүнийх хар өнгөтэй. Тиймдээ ч илүү эртнийх мэт санагдана. Үр ачаа тойруулан суусан өвөө шиг л үзэгдсэнийг нуугаад яахав.

          Тэрхэн мөчид би хүүхэд ахуйд эмнэлэгт тохиолдсон нэгэн явдлыг гэнэт саналаа.
          Манайх эмнэлгийн дотуур байранд амьдардаг байснаа өгүүлсэн шүү дээ. Хуучин цагт хотын ажилчдыг ажлын байртай нь ойролцоо суурьшуулах тул би эмнэлгийг гарын таван хуруу шигээ андахгүй сайн мэднэ. Жижүүрийн өрөөнд орж спирттэй хөвөнгөөр гараа арчаад, хонгилоор явж, хэвтээд удсан өвчтөнүүдтэй хууч хөөрөөд, шинэ хүмүүстэй танилцана. Тэр үед би гараа ховорхон угаах ч өдөртөө бараг арваад удаа хөвөнгөөр арчдаг байсан гэвэл тэрүүхэндээ л хамгийн ариун гартай хүн байсан биз ээ. Манай эмнэлэгээр нэг спирт анхилахад найзууд маань муухай үнэртэй гэлцэх ч миний хувьд энэ үнэр таатай, уушгинд сайн гэж боддог. Бага насны минь дурсамж дурдатгалтай салшгүй холбогдсон тэр үнэрийг би санах бүрийд дотроо мишээдэг.
          Аав маань мэс засалч мэргэжилтэй тул ах бид хоёр мэс заслын өрөөний хажууд мөн ч их тоглосон доо. Бас болоогүй, нартай өдөр эмнэлгийн урд талбайд тохсон дөнгөж угаасан чийгтэй даавуун дундуур гүйлдэх жигтэйхэн дуртай.
          Гэхдээ бага насны минь гэгээн дурсамж цусан толботой сүлэлдээстэй. Аав мэс заслын өрөөнөөс цус дуссан халаттайгаа гарч ирэхийг би олон ч удаа харсан. Эмнэлгээс холгүйхэн байх нууранд сувилагчид түмпэнд хийсэн цустай эд эрхтэн цутгахыг би хэдэнтээ үзсэн. Зундаа тэр нуур өмхийрч, ялаа батгана битүү шавах нь холоос хивс дэвссэн мэт үзэгдэнэ.
          Нийтийн байр маань цэвэр, бохир усгүй. Бид байрны өөдөөс харсан хаалгагүй жорлонд ордог байлаа. Жорлонгийн үүдэн талд мөн л хаалга үүдгүй шарил хадгалах газар байх учраас хүндэрч хөнгөрөх бүрдээ тэр газрын цэвэрхэн шал, жижиг цонхон дор нь байрлах цементэн хавтанг ажина. Энэ газраас ямагт амар амгалан сэнхийнэ. Цонхных нь харалдаа ургасан модод хачин сайхан саглагар. Жорлонгоос болоод тэгж ургав уу, эсвэл өнөө газраас болсон уу? Хэлж мэдэхгүй нь.
          Арван жилийн турш би тэр газраас уйлах дуун дуулсаан. Өвчний улмаас өөд болсон нэгнийг ирээд буцсан гийчин аятай тэр газарт хонуулаад чандарладаг. Өөд болоочийг чандарлахад ар гэрийнхэн нь манай байрны цонхон дор зогсоно. Арван жилийн турш амраг саднаа алдсан хүмүүсийн уй шингэсэн гашуун дуун шөнө дөлөөр сэрээж дотрыг минь урж билээ. Сүүлдээ би уйлах дуулахыг нь ялгахаа байсан. Дан ялангуяа өглөөгүүр тэдний орь дуу тавих нь гунигтай эгшиг аялгуу мэт сонстоно. Энэ дуунд хүний сэтгэлийн чанадыг хамгийн ихээр хөндсөн хөг аяз дуурьсана. Хүн гэдэг амьтан голцуухан шөнө дөлөөр өнгөрдгийг би тэгэхэд л мэдсэн.
          Зуны бүгчим халуунд үдийн алдад амраад сэрэхдээ гудас минь хөлсөнд нэвт норсон байх нь олонтаа. Хөлс гарах тусам бор арьс минь цайрна.
          Нэг удаа би өмнө нь шагайхаас цаашгүй байсан шарил хадгалах газарт явж орсон юм. Сайхан сэрүүн байсанд тавцан дээр нь гараад зүүрмэглэлээ. Түүнээс хойш би аагим халуунд тийш орж сэрүүцдэг болов. Зүүдэнд минь анхилам цэцэгс үзэгдэнэ. Биднийг шашингүйн үзлээр хүмүүжүүлдэг байсан тул чөтгөр гээчээс ер айхгүй. Тэндхийн цементэн орон дээр хэвтэхдээ үхэл хагацлыг ер мэдрэлгүй, аагим халуунаас л зугтаж хоргодож явлаа. Уйлах дуун сонствол тэр дороо босоод холдоно. Олон ч удаа тэнд хэвтэж байгаад хүмүүсийн дуунаар холдож байлаа.
          Дюссельдорфоор зугаалах ахуйдаа Гэйнэгийн “Үхэл гэмээнэ сэрүүн шөнийн сүүдэр бөлгөө” гэх нэгэн мөртийг санаад насан багын минь энэхэн дурсамж сэдрэв.
          Уран зохиол өөртөө нууцлаг нэгэн ид шид агуулдаг гэвээс тэр нь өөр зуунд, харь хэлээр туурвисан бусдын зохиол бүтээлээс өөрийгөө тольдож харах боломжтойд л оршдог буй заа. Гэйнэ бага насны минь тэр л мөчийг дүрслэн шүлэглэжээ. Энэ шүлгийг уншаад би “Энэ л жинхэнэ уран зохиол юм” гэж бодсон доо.
          2009 оны 6-р сарын 27

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...