Хятадын Шаньси мужийн Датун хотоос зүүн
өмнө зүгт 16 км-ийн зайд орших Юньганы цогцолборт хүний гараар бүтсэн 252 агуй,
51 000 орчим Буддын хөшөө байдаг. Зарим хөшөө нь 17 м хүртэл өндөртэй. Датун
хот нь Хойд Вэй улсын нийслэл байсан тул энэ цогцолбор тухайн үеийн соёлын
дурсгал болон үлджээ.
Ихэнх байгууламжийг нь 460-525 оны хооронд
барьж байгуулсан. Энэ үед Хятадад буддын шашин ихэд дэлгэрсэн юм. Буддын шашин
анх 2-р зуунд Хятадад нэвтэрч, Хятадын хойд бүс нутагт иймэрхүү цогцолбор
босгох болжээ.
Юньганы агуй зүүнээс баруун тийш 1 км орчим
нутагт сунаж тогтсон. 460 орчим гарцтай, эхэндээ зуу гаруй мянган барималтай
байсан ч 51 000 орчим нь хадгалагдан үлджээ. Жижгүүд нь хэдэн санжийн өндөртэй,
том, жижиг гэлтгүй уран хийцтэй.
Энэ цогцолбор Эртний Хятадын уран барилга,
уран баримал, уран зураг, чулуун сийлбэр, хөгжмийн зэмсгийг судлахад ихээхэн
үүрэгтэй.
53 томоохон засмал агуйн 21 нь харьцангуй
том бөгөөд жуулчид дунд хэсгээс нь ордог. Энд 17 м өндөр Буддын дүрсийг хатуу
чулуунд сийлжээ. Энэ сийлбэрийн чих нь 3,1 м, тавхай нь 4,6 м, дунд хуруу нь
2,3 м-ийн урттай. Ойролцоох хад чулуунд нь олон тооны хөндий гаргаж, бурхан
сийлсэн.
6-р агуй нь Шагжамуни бурхны агуй. Энд 15 м
өндөр дөрвөлжин чулуун багана бий. Баганыг 460-493 онд сийлжээ. Агуйн хананд
бодьсадва, бурхдын дүр дурайх агаад баганын чимэглэл дур булаана. Баганын
дөрвөн талаар Шагжамуни бурхны амьдралыг дүрсэлсэн байдаг. Нэг зурагт Шагжамуни
бурхан гэртээ ирээд хайртай морьтойгоо салах ёс хийж буйг дүрсэлжээ.
Харин 12 дахь агуйг хөгжимчин, дууч
бүсгүйчүүдээр чимсэн. Эндхийн сийлбэрээр Эртний Хятадын хөгжмийн зэмсгүүдийг
судалсан.
Зүүн талын 4 агуйд 13-15 м өндөртэй Буддын
хөшөөнүүд байх агаад энэ нь хамгийн эртний засмал агуйнууд юм. Эдгээр агуй
зуйван хэлбэртэй.
18 дахь агуйд байх Буддын чулуун нөмрөгөн
дээр 1000 гаруй жижиг бурхан дүрсэлжээ. Эдгээрийн байрлал, нүүр ам ер
давтагддаггүй.
Юньганы агуй олон зууны турш элэгдэж, 1400
гаруй хөшөө баримлыг нь хулгайлсан гэдэг.
Зүүн талын 1-4 дэх агуйг Цамхаг гэнэ. Агуй
тус бүрд суварга байдгаараа онцлогтой. Суваргуудыг Хойд Вэй улсын үед урлажээ.
Үүн дундаа 1, 2-р агуй сайтар хадгалагдсан.
Голд нь байх суварган дээр Буддын амьдралыг дүрсэлсэн сийлбэртэй.
Дунд хэсэгт 5-20-р агуйнууд байрлана. Эдэн
дундаа хамгийн үзэмжтэй нь Буддын хөшөө бүхий 16-20 дахь агуй. 19-23 дахь агуй
нь будагтай.
Үүнээс зүүнтээ байх зарим агуй нь дугааргүй, хожуу үед
гаргасан. Буддын хөшөө нь Луояны хэв маягтай болж арай туранхай дүрслэгдсэн
байдаг.
Комментариев нет:
Отправить комментарий