пятница, 6 марта 2015 г.

Микеланжэло Бүонаротти

540 жилийн өмнө буюу 1475 оны 3-р сарын 6-ны энэ өдөр Сэргэн мандлын үеийн уран барималч, уран зураач, яруу найрагч Микеланжэло Бүонаротти мэндэлжээ (1475-1564 он). 


Флоренцийн үндэсний музейд Микеланжэлогийн Ялагч хэмээх баримал бий. Бие хаа сайтай нүцгэн залуу өөрт нь дийлдсэн сахалтай эрийг өвдөглөн зогсоно. Гэхдээ ялагч маань сахалт эрийг нударгалах гэж яарсангүй. Гараа мөрөн дээрээ тавьсан нь ялан дийлэхийг хүсээгүй гэлтэй. Тэр ялсан ч нөгөө талаар бас ялагдсан.


Энэ баримал Микеланжэлогийн урланд түүнийг насан эцэслэтэл байсан цорын ганц баримал юм. Тэрээр энэ барималдаа өөрийгөө дүрсэлжээ. Аугаа уран барималчийн итгэлт хүн Даниэлла де Вольтэра уг баримлыг бунханд нь байршуулахыг хүссэн гэдэг. 


Зовлон зүдгүүр гэдэг үй олон янз. Заримдаа бид хувь төөргөөр бууж ирсэн өвчин зовлон, зутруу байдал, хүн амьтны хар муу санаанаас болж зовж шаналдаг бол зарим зовлонгийн эх үүсвэр биднээс үүдэлтэй. Хүн гэдэг хэн болж мэндлэхээ сонгож, хувь заяагаа таахын аргагүй учраас яалтай ч билээ.


Микеланжэло ийм л хувь заяатай байсан. Бүхнийг ялан дийлж, торойж гарсан ч үүнээ хүссэнгүй.
Таалал төгсөхөөсөө өмнөхөн “Ажил мэргэжилдээ дөнгөж дөртэй болоод энэ хорвоог орхих болсон нь харамсалтай” гэжээ.

воскресенье, 1 марта 2015 г.

Стивен Хокингийн үзэл бодол



Миний IQ хэд болохыг би мэдэхгүй. Энэ үзүүлэлтэнд санаа зовж явдаг хүмүүс ихэнхдээ золгүй байх нь бий.
Би зарим нэг зүйлийг мэдэх ч Эйнштэйн биш шүү дээ.
Миний зорилго тун энгийн. Би орчлонгийн тогтолцоо болоод бид ямар учраас энд оршин буйг л ойлгохыг хүснэм.
Тэгшитгэл болвоос математикийн хамгийн уйтгартай бүрэлдэхүүн хэсэг. Би аливаа зүйлийг геометрийн өнцгөөс харах гэж хичээдэг.
Бид түг түмэн одноос юугаараа ч ялгарахгүй нэгэн одыг тойрон эргэх жижиг гараг дээр оршсон хүн дүрст мичнүүдийн ухамсар суусан үр хойч юм. Гэвч бидэнд хүй орчлонг ойлгох боломж бололцоо бий. Тиймдээ ч бид онцгой билээ.

Компьютерын вирусуудыг амьдралын нэгээхэн хэв маяг гэж үзэх учиртай. Ингэж үзвэл хүн төрөлхтний тухай маш сайн ойлголттой болно. Өнөөгийн байдлаар бидний бүтээсэн цорын ганц төрлийн амьдрал бусдыг сүйтгэж сүйдлэхээс цаашгүй. Бид өөртэйгээ ижил амь амьдралыг үүтгэж байна.
Орчлонд амьдрал үүссэн нь энэ орчлон угаас амьдрал үүсэхэд зориулагдсан гэж бодох үндэслэл огтхон ч болохгүй.
Мэдлэгийн хамгийн гол дайсан гэмээнэ харанхуй бүдүүлэг зан чанар биш харин хуурамч мэдлэг билээ.
Бидний амьдралд тохиолддог чухал асуудлыг шинжлэх ухааны үүднээс тайлах гэж насан туршдаа хичээлээ. Тиймдээ ч физикийн тухай номнууд маань Мадоннагийн сексийн тухай номнуудаас хувь илүү борлогдсон биз ээ.
Биеийн байдал минь ажил төрөлд тустай гэж хэлэхгүй ч судалгаа шинжилгээндээ бүрэн төвлөрөхөд нэмэртэй байдаг. 
Нэг үе би хөмсгөө хөдөлгөж л бусадтай харилцаж явлаа. Өмнө минь харуулсан үсэгтэй хавтанг хараад хөмсгөө аажуухан хөдөлгөнө. Тэр үед хүнтэй харилцаж, тэр тусмаа эрдэм шинжилгээний ажлаа хийх боломжгүй байсан. Азаар би компьютертэй холбогдсон жижиг бариулыг хоёр хуруугаараа хөдөлгөх чадалтай үлдэж. Ингэснээр тэргэнцэртэй холбогдсон дэлгэцэн дээрх үгнүүдээс сонгодог. Миний хэрэглэсэн үгнүүд дээд хэсэгт гардаг юм. Өгүүлбэрээ бүтээж дуусаад ярианы төхөөрөмжтэй холбоно. Энэ ярианы төхөөрөмж 13 жилийн өмнө хийгдсэн, одоогоор бол хуучны эд. Гэлээ ч би үүндээ их дасжээ. Миний нэг эд эрхтэн мэт болж, барагтай бол хүн шиг дуугарах болсон эд. Гэхдээ машин юм уу, Микки маус шиг ярихыг хэн хүсэх билээ?
Амьдрал байгаа цагт итгэл тасрахгүй.
Миний очихыг туйлын их хүсдэг газар орон энэ дэлхийд биш сансар огторгуйд бий. Билл Гейтс шиг байсан бол сансрын хөлөг хөлслөх байлаа. Хэдхэн зуун сая доллар байхад л хангалттай шүү дээ. 
ШИНЖЛЭХ УХААН, СУДАЛГААНЫ АЖИЛ МӨНГӨ ОЛОХООС ИЛҮҮ ТААШААЛ ӨГДӨГ ГЭДЭГТ БИ БАТ ИТГЭЛТЭЙ.
Миний чин хүсэл бөгөөс нисэх буудал бүрийн номын лангуун дээр зарагдах ном бичих. Гэхдээ үүний тулд хавтсан дээр нь нүцгэн хүүхний зураг тавих хэрэг гарах шинжтэй.
Би бурханд итгэдэг гэж болно. Гэхдээ энэ бурхан болвоос орчлонг хөдөлгөж буй тэр аугаа хүч, байгалийн хууль юм.
Эйнштэйн квант механикийн тодорхойгүйн зарчим, тогтворгүй байдлыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Мань хүн “Бурхан шоо хаядаггүй” гэдэг байлаа.  Ингэснээрээ тэр хоёронтоо алдсан. Хар нүх оршин буй нь бурхан шоо хаядаг төдийгүй тэр шоогоо хэн ч харах боломжгүй газарт хаядгийг нотолж байна.

Шинжлэх ухааны уран зөгнөл төсөөлөл хөгжүүлж, ирээдүй хождоос эмээлгэхгүй болгодгоороо ач тустай. Гэвч шинжлэх ухааны баримтууд уран зөгнөлөөс илүү гайхал төрүүлэх нь бий. Уран зөгнөлд хар нүх гэж байгаагүй шүү дээ.
Хүн төрөлхний хамгийн хурц асуудал бол бидний уур хилэн. Агуйд амьдрах өнө эртний үед бид үүний хүчээр амь гарсан бол өдгөө бид үүнээ дарж чадахаа больжээ. Тиймээс генийн инженерчлэл л энэ байдлыг залруулж мэдэх юм.
Номондоо оруулсан тэгшитгэлийн тоогоор зарагдах хувь хэмжээ нь хоёр дахин багасна гэж нэг хүн надад хэлж билээ.
Тоон теоремтой маргалдах хүнгүй.
Хүн төрөлхтөн сансар огторгуйд гарахгүй л бол ахиад мянган жил оршин тогтноно гэдэгт би эргэлздэг. Манайх шиг жижиг гарагийн амьдрал мөхөх үй олон нөхцөл бий. Гэхдээ би өөдрөг үзэлтэй. Бид хэзээ нэгэн цагт алсын од руу аялах л болно.

Заяа төөрөгт итгэдэг хүмүүс ч зам гарахдаа хоёр тийшээ хардаг даа.
Интернетээр хэсэх нь телевизийн суваг өөрчлөхөөс өөрцгүй.
Миний хэл ярианы төхөөрөмж америк аялгатай. Америк, скандинав аялга эмэгтэйчүүдэд таалагддагийг би хэдийнэ анзаарсан.
Ууган хүү Роберт маань л шинжлэх ухаанд сонирхолтой. Роберт Майкрософт компанид программ хангамж хариуцан ажилладаг. Охин Люси маань франц, орос хэл үздэг. Одоогоор сэтгүүлч хийж байгаа. Отгон хүү Тим маань оюутан. Их сургуульд франц, испани хэл үздэг. Ач хүү Вильям маань дөнгөж хэлд орж буй ч компьютерт нугасгүй дуртай.
Эцсийн эцэст бууж өгч л болохгүй.

воскресенье, 15 февраля 2015 г.

Галилео Галилей



1564 оны 2-р сарын энэ өдөр Италийн сансар судлаач Галилео Галилей мэндэлжээ. Галилей Николай Коперникийн Дэлхий Нарыг тойрон эргэдэг гэх үзлийг боловсронгуй болгосон юм. Үүний төлөө тэрээр загалмайн шашинтнуудын эрүү шүүлтэнд өртөж, үзэл бодлоосоо татгалзсан ч эцэст нь “Гэхдээ л тойрч эргэдэг юм даа” хэмээн дуу алдсан гэдэг.

Гэвч Галилей үнэндээ эрүү шүүлтэнд орж, “Гэхдээ л...” гэж уулга алдсан юмгүй. Галилей гүнээ сүжигтэй байсан тул лам хуврагуудыг эсэргүүцэж явсангүй. 8-р Пап Урбантай тун чиг сайхан харилцаатай байжээ. Пап лам эрдэмтэнд бэлэг сэлт илгээж, тэтгэлэг явуулдаг байсан нь тогтоогдсон юм. Галилейг дуран авайгаа бариад Папын өргөөнд ирэхэд лам хуврагууд сансар огторгуйг ширтэх гэж дугаарлана. 

Үүгээр барахгүй Урбан лам түүнтэй од гарагсын тухай хөөрөлдөж байлаа. Ихэд дэвшилтэт үзэлтэй Пап лам ямар ч нөхцөл Бүтээгчийн ариун үйлийг үгүйсгэж чадахгүй гэдэгт бат итгэсэн ажээ. Тэрээр Дэлхий Нарыг тойрон эргэдэг болохыг батлах аргагүй гэж бодсон байдаг.

Галилей 1630 онд Коперник, Птолемейн Дэлхийн хоёр үндсэн системийн тухай харилцан яриа бүтээлээ бичиж дуусгаад, тэр үеийн хянан шалгах хороогоор батлуулж хэвлүүлжээ.

Гэтэл юу болов? гэвэл уг ном гурван хүний харилцан яриа хэлбэрээр бичигдсэн нь шуугиан дэгдээв. Хөөрөлдөгч гурвын нэг нь Коперникийн талыг баримтлагч Сальвиати, нөгөө нь төвийн байр суурьтай Сальведо, харин гурав дахь нь Птолемейн үзэлтэн “мулгуудуу” Симпличио. Урбан ламтан Симплиочогийн үгс түүний хэлсэнтэй дүйцэж байгааг олж мэдмэгцээ энэ номыг худалдаалахыг хориглосон юм.

Ингээд Галилейг Ромд болсон буруу номтны шүүхээр шүүлээ...

Дашрамд хэлэхэд Галилей анх удаа дуран авай ашиглаж сансар огторгуйг судлан шинжилсэн бөгөөд туршилтын физикийг үндэслэсэн түүхтэй.

четверг, 12 февраля 2015 г.

Аялагчид

(Богино хэмжээний энэ кинонд гарах газар орнууд манай Нарны аймагт орших бодит газрууд юм.)

Хүн төрөлхтөн хэдийгээр элбэг хангалуун аж төрөх болсон ч суурин амьдрал биднийг аливаа зүйлд ханахгүй болгоод, айдас түгшүүрт автуулах санжээ. Бид суурин иргэншилтэй золгоод хэзээний 400 үеийг элээсэн ч алсын алсад татагдсаар. Энэ хүсэл хүүхэд ахуй насны минь бүдэг бадаг дуу мэт биднийг хөтлөсөөр.

Бид алс тэртээх газар орныг ямагт бадрангуйгаар төсөөлдөг. Энэхүү чин хүсэл байгалийн шалгарлын явцад бидэнд үлдэж оргилсон ч гэлтэй. Урт удаан хугацаанд үргэлжлэх халуун дулаан зун, аядуу зөөлөн өвөл, арвин ургац, элбэг дэлбэг ан агнуур мөнхөд үр шимээ хүртээхгүй.

Өөрсдийн болоод ах дүү, элгэн садны тань амь амьдрал үл таних, шинэ газар орноо яагаад ч юм бэ тэмүүлсэн хэсэгхэн бадарчдаас эхтэй байж мэднэ.

Герман Мелвилл Моби Дик зохиолдоо газар газрын үе үеийн аялагчдын өмнөөс ийн өгүүлсэн нь бий.

Би цаг үргэлжид алс холын зүйлсийг таньж мэдэхэд тэмүүлдэг. Би урьд өмнө хүн хүрээгүй уснаа хөвөх дуртай.

Хэдийгээр арай эрт, цаг нь болоогүй байж мэдэх ч дуулдаж сонстоогүй нууцлаг боломж бололцоо бүхий харь газрууд биднийг татсаар.

Эдгээр эрхэс Нараа тойрон чимээгүйхэн эргэж, хүмүүн биднийг хүлээсээр.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...