пятница, 24 июня 2016 г.

Марлен Дитрих, Эрнэст Хэмингуэй хоёр

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс чухам хэдийд анд нөхдийн харилцаатай болоод, улмаар илүү дотносдог вэ гэж асуувал яг таг хариулах боломжгүй л дээ. Тэр тусмаа Марлен Дитрих, Эрнэст Хэмингуэй зэрэг уран бүтээлч хүмүүсийн хувьд энэ асуудал ихээхэн эргэлзээ төрүүлэх юмсанжээ. Хэмингуэй, Дитрих хоёр 30 гаруй жилийн турш хэн хэнээ хайрлаж явсан гэлцэнэ. Одоо бол тэдний харилцааг виртуал харилцаа гэж нэрлэх боломжтой.
Энэ хоёр 1934 онд Америкийн Иль де Франс хөлөг онгоцон дээр танилцжээ. Марлен “Би Эрнэстэд анхны харцаар л дурласан. Гэлээ гээд би түүнийг тэнгэрлэг хайраар хайрладаг байсан юм. Бид хоёр олон жилийн турш хэн хэнээ сэтгэлдээ тээсээр ирсээн. Хоёул хамт байна гэдэгтээ итгэдэггүй байж дээ. Би түүний эхнэр Мэриг маш их хүндэлж явдаг. Мэритэй л ижил бусад хүүхнүүдээс түүнийг харамлаж байлаа. Гэхдээ бид хоёр энэ олон жилийн турш найз нөхдийн харилцаатай байсан юм. Түүний бичсэн захидлуудыг би хүнд үзүүлэх дургүй” гэж ярьсан нь бий.
Харин Хэмингуэй энэ тухайд “Бид хоёр 1934 оноос хойш л хэн хэндээ дурласан. Гэлээ ч нэг хөнжилд орсонгүй. Та нар итгэхгүй л байх” хэмээн  бичжээ. Дитрих “Бид хоёр нэг газар удаан хугацаанд хамт байж үзээгүй л дээ. Тиймдээ ч хамт байж боломж байсангүй” гэжээ.
Хэмингуэй захидалдаа “Би зүрх минь цохилдгийг анзаардаггүйтэй л адил хааяадаа чамайг байгаа гэдгийг ор тас мартах юм... Чамайг тэврэхэд гэртээ ирсэн аятай л сэтгэл бүлээцэх юм... Миний энэ хайр надад гэсгээл болж ирсэн бололтой” гэж бичсэн байна.
Тэд Хэмингуэйг 1961 онд нас бартал захидлаар харилцсаар байв. Дитрих “Би түүнийг Гибралтарын хад гэж дууддаг байлаа. Тэр ч энэ нэрэндээ их дуртай байдагсан. Хэдийгээр түүнийг нас барснаас хойш олон жил өнгөрсөн ч сэтгэл хөндүүртэй хэвээр. Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэж ярьдаг нь үнэнд нийцэхгүй” гэж өгүүлжээ.

пятница, 3 июня 2016 г.

Ян Тиэнши - Жинхэнэ Чан Кайшигийн эрэлд

Энэхүү ном нь ДИУ судлал, тэр дундаа Гоминьдан хийгээд ХКН-ын харилцааг тухайлан судалж буй Ян Тиэншигийн сүүлийн бүтээл болно. Тэрээр олон ч удаа Тайван, Америк, Англи, Японд очиж, Чан Кайшитай холбоо бүхий архивын бичиг баримтыг нягтлан судалжээ. Судлаач маань 2006, 2007 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хүүвэрийн академид хоёронтоо очихдоо нийтэд дэлгэсэн Чан Кайшигийн өдрийн тэмдэглэлийг уншиж судалснаар энэ бүтээлээ туурвисан аж. Чингээд Чан Кайшигийн хувийн амьдрал, үзэл бодол, улс төрийн чиг баримжаа, улс орноо тохинуулах үзэл суртлыг нь хэн хүнд ойлгомжтойгоор илэрхийлэн хүргэсэн болой. Ян Тиэнши нь 1960 онд Бээжингийн их сургуулийн Хятад хэлний ангийг дүүргэж, эдүгээ БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн магистрантурын факультетийн эрхлэгч, Орчин үеийн түүх судлалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байна.

          Ер нь Хятадын улс төрийн орчин үеийн түүх судлал нь 1980-аад оноос хойш л утгаараа хөгжсөн гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Үүнээс өмнө Тайвань хаалттай байсан тул түүхч, судлаачид нь Тайван хийгээд Гоминьдан, ХКН-ын үүх түүхтэй холбоотой архивын бичиг баримтыг үзэж судлах боломж багатай төдийгүй элдвийн үзэл сурталд боогддог байлаа. Энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд 1980-аад оноос хойш л ихээхэн ахиц гарч, Гоминьданы зарим бичиг баримт ил болоод, улмаар Чан Кайшигийн тэмдэглэлийн зарим хэсгийг нийтэд дэлгэснээр ДИУ-ын улс төрийн нөхцөл байдлыг нарийн судлахад эерэгээр нөлөөлсөн юм. Үүнийг дагаад түүхийн шинжлэх ухаан нь дан ганц нэг намын ашиг сонирхолд үйлчлэх нь харьцангуй багассан ч гэж хэлж болно.

          Чан Кайши нь Хятадын орчин үеийн түүхэн дэх маш чухал нэгэн эрхэм билээ. Түүхч, судлаачид энэ хүнийг эртээс нааш маш ихээр сонирхсоор иржээ. Би бээр Хятадын орчин үеийн түүх судлалд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулах сэтгэл өвөрлөн, 1920-1940-өөд оны түүхэн үйл явдлуудыг аль болох үнэн бодитой сэргээн өгүүлж, Чан Кайши нь чухамдаа ямар хүн байсныг тодруулан харуулах зорилготойгоор энэ номоо бичсэн болно. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хүүвэрийн академиас тэнд хадгалагдаж байсан Чан Кайшигийн өдрийн тэмдэглэлийн зарим нэгэн хэсгийг 2006 оны 3 сард нийтэд дэлгэхэд миний бие тэр тэмдэглэлүүдийг уншиж билээ. Дараа нь 2007 онд мөн тийш очиж, нэмж дэлгэсэн тэмдэглэлийг нь уншлаа. Чан Кайши нь 1930-аад онд бичсэн тэмдэглэлээ өөрийн багш болоод нарийн бичиг Мао Сычэнд өгч хадгалуулсан байдаг. Мао Сычэнд хадгалагдаж байсан тэрхүү тэмдэглэлүүдийг би урьд өмнө нь уншиж үзээд нийтлэл бичиж байлаа. Чан Кайши нийт 50 гаруй жилийн турш тэмдэглэл хөтөлсөн бөгөөд тэдгээр нь өдгөө бүгд Стэнфордын их сургуульд хадгалагддаг ажээ. Тус сургуулиас 2006 оны 3 дугаар сард хийгээд 2007 оны дундуур түүний тэмдэглэлийн эхний хэсэг болоод 1932-1945 онд холбогдох хэсгийг ил болгосон юм. Аливаа хүний өдрийн тэмдэглэл гэдэг тухайн цаг үе төдийгүй мөнөөх хүний үзэл бодлыг ойлгож ухаарахад нэн чухал үүрэгтэй гэдгийг уншигч авгай надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Ингээд би бээр 1980-ад оноос хойш дээрх чиглэлээр хийсэн судалгаагаа эмхэтгэсэн нь энэ буюу. 2006 онд Стэнфордын их сургуульд байх ахуйд Синьхуа агентлагийн нэгэн сурвалжлагч надаас Чан Кайшиг товчхон тодорхойлж хэлнэ үү хэмээн хүсэхэд би “Нэгд, энэ хүн болбоос Хятадын орчин үеийн түүхэн дэх онцгой нэгэн байр суурьтай хүн билээ. Хоёрт, Хятадын түүхэн дэх түүний хувь заяа ихээхэн адармаатай. Харин гуравт, энэ хүнд оносон ч юм бий, алдсан ч юм бий” гэж өгүүлсэн дээ. Удалгүй Тайваньд очоод “Чин улс, Юань Шикай, Чэнь Зионмин нарыг эсэргүүцэж, Вампугийн цэргийн их сургуулийг байгуулсан нь яриангүй түүний гавьяа болно. Үүний зэрэгцээ Гоминьдан болон Гоминьданы засгийн газрыг тэргүүлэн Японы эсрэг дайн зарласан нь маш том гавьяа юм. Харин 1927-1936 онд хийсэн нам доторх цэвэрлэгээ, 1946-1949 онд өрнүүлсэн гурван жилийн иргэний дайн болбоос түүний хувьд алдаа болно. Тайваньд очоод Тайванийг тусгаар болохыг эсэргүүцэж, газрын шинэчлэл хийсэн нь оносон ч алдсан юм бас цөөнгүй бий” гэснээр энэ бүхнээ нэгтгэн дүгнэлээ. Уншигч та надтай санал нийлэхгүй ч байж болно. Гэлээ ч номыг маань уншсанаар та бүхэн Чан Кайши хийгээд Гоминьдан нам, Хятадын орчин үеийн түүхийн талаар чамлахааргүй ойлголттой болох нь дамжиггүй ээ.

Өдрийн тэмдэглэлийн тухай цухас дурдвал
Чан Кайши 1915 онд буюу 28 настай байхаасаа эхлэн тэмдэглэл хөтөлж эхэлсэн бөгөөд түүний тэмдэглэл насан эцэслэхээс нь 3 жилийн өмнө буюу 1972 оноор дуусгавар болж байна. Тэр жил Чан Кайшигийн бие илт дордож, үзэг барьж чадахааргүй болжээ. Энэ дундаа 1915, 1916, 1917 онуудад тэмдэглэл хөтлөөгүй байна. Тухайн үед тэрээр Умардын цэргүүдэд хөөгдөн ганцаар дутааж явсан тул бичсэн тэмдэглэлүүд нь үрэгджээ. Шаньдунд цэргийн зөвлөхөөр ажиллаж байх үедээ 1915 онд бичсэн 13 өдрийн тэмдэглэл л хадгалагдан үлдсэн аж. Хүүвэрийн академийнхэн тэрхүү бичгийг ДИУ-ын 6-р он хүртэл хэрэгжүүлсэн стратеги хэмээн нэрийдээд, тэмдэглэл бус харин дурдатгалын шинжтэй бичиг баримт хэмээн үзэж байна. 1924 оны үеийн тэмдэглэлүүдийг Вампугийн цэргийн их сургуулийн үе гэж нэрийдэх боломжтой ч 1930-аад онд Ван Сычэнийн эмхэтгэн гаргасан Чан Кайшигийн тэмдэглэлүүд-эд тэр үеийг төдийлөн дурдсангүй. Чан Кайшигийн тэмдэглэл нь нийт 53 жилийг үйл явдлыг хамруулсан 63 боть бүтээл болно. Хятадын түүхэнд түүн шиг урт хугацаанд тэмдэглэл хөтөлж байсан улс төрч нэгээхэн ч үгүй юм.

Чан Кайшиг нас барсны дараа түүний тэмдэглэлийг хүү Чан Зинго нь хадгалж байгаад 1988 онд нас барахдаа өөрийн хүү Чан Сяоюнд өвлүүлэн үлдээжээ. Чан Сяоюн нь 1996 онд нас барсны дараа түүний эхнэр эдгээр тэмдэглэлийг хадгалж байгаад, 2004 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хүүвэрийн академид 50 жилийн хугацаатай хадгалуулахаар шилжүүлж өгсөн түүхтэй.
Тэмдэглэлийн зарим хэсэг нь баларч, захаасаа түлэгдэж устсан шинжтэй байсан тул тус сургуулийнхан эдгээрийг сэргээн завсарлахын зэрэгцээ хувилсан байна. Улмаар 2006 оны 3 дугаар сард 1918 оноос 1931 онд хамаарах хэсгийг нь, 2007 оны 4 дүгээр сард 1945 он хүртэлх хэсгийг нь дэлгэв. Түүнчлэн үлдсэн тэмдэглэлийг нь хэсэг хэсгээр нь дэлгэн үзүүлэх аж. Өдгөө дэлгэсэн хэсгийг Чан Кайши гараараа бичжээ. Японы эсрэг дайтах үест тэрээр Чунцинээс явахдаа бичсэн тэмдэглэлээ нарийн бичиг Үй Гүохуад өгч хувилуулан хадгалуулжээ. Энэ хувилбарын багахан хэсэг нь Хятадад мэр сэр үзэгддэг ч Хүүвэрийн академид барагтай бол бүрэн эхээрээ байна.

понедельник, 30 мая 2016 г.

Цэргийнхний засаглал

1916-1928 оны үеийг Хятадын түүхэнд цэргийнхний засаглалын үе хэмээн нэрлэдэг ажээ. Юань Шикайг нас барсны дараа эхэлсэн энэ үе 1926-1927 онд өрнөсөн Гоминьданыхны Умрын их аянаар өндөрлөжээ. Энэ их аяны дараа Наньжины 10 жил эхэлсэн түүхтэй. Тухайн үед Ү Пэйфү, Сүнь Чуаньфан нарын хуучны милитаристууд дарагдсан ч 1930-1940-өөд онд Гоминьданы засгийн эсрэг үзэл баримтлалтай цэргийнхэн ахин хүчээ авч, Дэлхийн II дайны үеэр ДИУ-ын төв Засгийн газарт ихээхэн хүндрэл учруулжээ.
Чин улсын сүүл үест энэ улсад төрийн мэдлийн байнгын цэрэг арми гэж байсангүй. Тэр үед мужуудын цэрэг ба журамт цэргийнхэн нь улс гүрнийг батлан хамгаалах үүргийг гүйцэтгэж байлаа. Эдгээр цэрэг нь өөрийн гэсэн дүрэмт хувцасгүй ажээ. Чин улсын хойд бүс нутагт байрласан Бэйяны буюу Умардын цэрэг армийнхан тэдэн дундаа хамгийн хүчирхэгт тооцогдох агаад энэхүү армийг Юань Шикай захирдаг байв. Офицерүүд нь байрлаж байгаа газар орон, эс бөгөөс төгссөн сургуулиараа цэргийн бүлэглэл үүсгэнэ. Нэг анги нэгтгэлд их төлөв нэг мужийн цэргүүд алба хаших тул ойлголцоход хялбар байсан гэдэг.
Чингээд 1911 онд дэгдсэн Синьхайн хувьсгалын дараа ДИУ-ын өмнөд нутагт байсхийгээд л хувьсгал, бослого гарах болжээ. Босогчид 1912 онд Наньжинд Сүнь Ятсенээр толгойлуулсан түр засгийн газар байгуулсан боловч тэд Умардын цэргийнхнийг дарах хангалттай хүчин чадалтай байсангүй. Ийм нөхцөлд Сүнь Ятсен бээр Юань Шикайтай хэлэлцээ хийж, Чин улсыг үгүй хийгээд, түүний нутаг дэвсгэрт ДИУ-ыг байгуулан, ерөнхийлөгчөөр нь Юань Шикайг сонгохоор тохиролцлоо. Юань Шикай ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч Наньжинд шилжихээс татгалзаж, Бээжинд үлдэв.
Энэ зуур Өмнөд мужууд Юань Шикайн эрх мэдэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаад илт дургүйлхэж, 1913 онд бослого гаргасан ч мөн л Умардын армийнханд дарагдсанаар эдгээр мужийн захирагчдыг цэргийнхнээс тохоон томиллоо. Энэ бослогыг түүхэнд хоёрдох хувьсгал хэмээн тэмдэглэсэн ажээ. Тэр бол 1913 оны 7 дугаар сараас 10 дугаар сард Хятадад дэгдсэн иргэний дайн юм. Гоминьданыхан тухайн үед Хөх мөрний доод ай савд хэдхэн хотыг захирч байсан бөгөөд дээр дурдсан иргэний дайн дэгдсэнээр Хятадын Аньхуй, Гуандун, Хунан, Фүзян мужууд тэдний захиргаанаас гарч, гоминьданчууд Зюзян, Наньжин, Шанхайн гурван цэргийн бүлэглэлтэй л үлдсэн юм. Талууд Зянси мужийн Хүкөү боомтын төлөө маш ширүүн тулаан өрнөжээ. Энэ тулаанд гоминьданыхан Дуань Цирүйн толгойлсон цэрэг армийнханд аргагүй ялагдсан байна. Улмаар Шанхайн бүлэглэлийнхэн ялагдал хүлээж, Умардын Засгийн газрын цэргүүд 8.14-нд тэднийг бүслэн буулгаж авчээ. Үүний дараа 8 дугаар сарын дундуур Наньчан хот умардынханд бууж өгч, Фүзян, Хунань мужууд мөн умардын Засгийн газрын харьяанд орлоо. Гоминьданчууд Наньжин хотын төлөө 10 хоног тулалдсан ч 9 дүгээр сарын 2-нд ялагдал хүлээсэн болно.
Юань Шикай ерөнхийлөгч 1915 оны 12 дугаар сард өөрийгөө хаанд өргөмжлөхөд Өмнөд мужууд ахиад л бослого гаргажээ. Гэхдээ энэ удаад Умардын талын цөөнгүй төлөөлөгчид тэдэнтэй нэгдсэн юм. Юань Шикай цэргийнхнээ өөрийн талд эргүүлж татахын тулд хаант улс байгуулахаасаа татгалзсан боловч 1916 оны 6 дугаар сард таалал төгсөв. Ингэснээр Умард, Өмнөдийнхний ширүүн тэмцэл эхэллээ.

Юань Шикайг нас барсны дараа Умардын арми Дуань Цирүйн захиргаан дахь Аньхуйн бүлэглэл ба Фэн Гүожаны захиргаан дахь Жилийн бүлэглэл гэсэн 2 том бүлэглэлд хуваагдав. Тэгэхэд Манжуурт байрлаж байсан Жан Золиний захиргаан дахь Фэнтиэний бүлэглэл нь тэднийг нэгтгэх нэгээхэн хүчин зүйлээр тодорчээ. Ер нь Бээжин хотыг л эзэлсэн ямарваа нэгэн бүлэглэл гадаад улс орнуудаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломжтой юмсанж. Умардын Засгийн газрынхан мужуудад хандан тушаал шийдвэр гаргадаг байсан ч мужуудын захиргаад тэр бүр эдгээр тушаалыг даган биелүүлж байсангүй. Умардынхан ч тушаал гүйцэлдүүлээгүй хэмээх шалтгаанаар тэдэнтэй тэмцдэг байлаа. Гэвч 1923 онд Жилийн бүлэглэлийн Цао Кунь ДИУ-ын ерөнхийлөгчийн суудлыг наймаалцаж авсны дараа Умардын цэргийн бүлэглэлүүд түүний эсрэг тууштай тэмцэж эхэлвэй.
Умардын цэргийн жанжнууд Юань Шикайн дараа ерөнхийлөгчөөр сонгогдсон Ли Юаньхуныг төдий л ойшоож үздэггүй байсан бөгөөд төрийн эрх мэдэл Ерөнхий сайд Дуань Цирүйн (Аньхуйн бүлэглэл) гарт төвлөрсөн ч тэрээр эрх мэдлээ авч үлдэхийн тулд Жилийн бүлэглэлийнхэнтэй хамтрах шаардлагатай тулгарчээ. Тэгэхэд олон ч мужийн захирагчид түүний Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөнгүй. Дуань Цирүй ДИУ-ыг Антантын талд элсүүлж Дэлхийн I дайнд татаж оруулахаар санаархан, Японоос ихээхэн хэмжээний зээл авсан тул Ли Юаньхун ерөнхийлөгч 1917 оны 5 дугаар сард түүнийг огцрууллаа. Ингээд огцорсон Дуань Цирүй өөрийнх нь эсрэг хуйвалдаан зохион байгуулж байгааг гадарласан Ли Юаньхун тэр цагтаа л нөлөөтэйд тооцогдож байсан Аньхуй мужийн захирагч Жан Сюнь жанжнаас цэргийн тусламж хүсчээ. Тэрээр Жан Сюнь-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилоод, нөхцөл байдлыг шийд хэмээн үүрэг даалгавар өглөө. Харин Жан Сюнь Хэвт ёсыг эргээд хаан ширээнд залах сонирхолтой байв. ДИУ-ыг төвийг сахисан улс байлгах хүсэлтэй байсан германчууд Жан Сюнь-ийг санхүүжүүлсэн юм. Жан Сюнь 1917.7.1-нд Бээжинд цэрэглэн нэвтэрч, Хэвт ёсыг хаан ширээнд нь эргүүлж залсан тухай зарлан тунхаглаад, Ли Юаньхуныг огцрохыг шаардав. Гэвч 11 өдрийн дараа тэрээр Дуань Цирүйн цэрэгт ялагдсан билээ. Тухайн үед Дуань Цирүйн онгоцууд Хориотой хотыг бөмбөгджээ. Энэ үйл явдал нь Зүүн Ази дахь анхны агаарын дайралт хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Дээрх хөдөлгөөний үр дүнд Ли Юаньхун ерөнхийлөгчийн суудлаа алдаж, Фэн Гүожан ерөнхийлөгчөөр сонгогдоод, харин Дуань Цирүй эргээд Ерөнхий сайдаар томилогдож, Германд дайн зарлах боломжтой болов. Антантын төлөөлөгчид ДИУ-д өөрийн гэсэн эзэмшлийн бүстэй байсан германчуудыг тус улсаас шахан зайлуулахыг шаардаж эхэллээ.

Дуань Цирүй Өмнөдийнхнийг цэргийн хүчээр дарах хүсэлтэй байсан ч түүнтэй хамтарч байсан Жилийн бүлэглэлийнхэн хэлэлцээ хийх санал дэвшүүлэв. Тиймээс Умардын цэргийн бүлэглэлүүдийг нэгдсэн удирдлагатай хэвээр авч үлдэхийн тулд Дуань Цирүй арга буюу огцорсон ч Фэн Гүожан Ерөнхийлөгч Аньхуйн бүлэглэлийнхний дарамт шахалтанд орж, түүнийг эргүүлж томиллоо. Дуань Цирүй 1918 оны 10 дугаар сард мөн л огцрох өргөдлөө өргөн барьсан хэдий ч Умард, Өмнөдийн зөвшилцөлд садаа хийсээр л суув. Тэрээр Японыг илэрхий дэмжиж байсан учраас 1919 оны 5 дугаар сарын 4-ний хөдөлгөөний үеэр хүчин мөхөстсөн билээ. Үүний дараа Жилийн цэргийн бүлэглэлийнхэн Жан Золиний Фэнтиэний бүлэглэлтэй эвсэн нэгдэж, 1920 оны 7 дугаар сард дэгдсэн Жили-Аньхуйн дайны үеэр Дуань Цирүйг нэг мөсөн дарж авчээ.
Фэн Гүожаныг 1919 онд нас барсны дараа Жилийн цэргийн бүлэглэлийг Цао Кунь толгойлов. Жилийн бүлэглэлийнхэн Фэнтиэнийхэнтэй эвссэн ч 1922  онд эвдрэлцсэнээр Жили-Фэнтиэний анхны дайн дэгдлээ. Энэ үеэр Жилийн цэргүүд Жан Золиний цэргүүдийг Манжуур луу шахсан юм. Чингээд Жилийн Засгийн газрыг баталгаажуулж, Өмнөдийнхөнтэй зөвшилцөл хийх үүднээс Цао Кун нь урьд өмнө нь ерөнхийлөгчөөр сонгогдож байсан өнөөх Ли Юаньхунд ахиад ерөнхийлөгч болох санал тавьж, тэр үеийн ерөнхийлөгч Сю Шичан хийгээд Сүнь Ятсен нарт эрх мэдлээ Ли Юаньхунд шилжүүлэх шаардлага хүргүүллээ. Үүний хариуд Сүнь Ятсен хатуу шаардлага тавьсан тул Жилийн бүлэглэлийнхэн Гоминьданы цэргийн жанжин Чэн Зионминийг Гуандун мужийн захирагчаар хүлээн зөвшөөрчээ. Тэгэхэд Сүнь Ятсен арга буюу Кантоноос явах шаардлагатай боллоо. Ингэснээр Жилийн бүлэглэлийнхэн Жан Сюнийн хөдөлгөөнөөс өмнө байсан Засгийн газрыг тэр аяар нь сэргээсэн билээ. Цао Кунь нь Гоминьдан, Аньхуй, Фэнтиэний бүлэглэл хийгээд өөрийн талын хэд хэдэн офицерийн эсэргүүцлийг үл хайхран 1923 онд ерөнхийлөгчийн суудалд залрав. Жилийн бүлэглэлийнхэн 1924 оны намар Жили-Фэнтиэний хоёрдох дайнд ялалт байгуулах нь холгүй байсан ч Жилийн генерал Фэн Үйсян гэнэтхэн урваж, Бээжин хотыг эзлээд, мөнөөх Цао Кунийг шоронд хорив оо. Гэхдээ Жилийн цэргүүд умардад ялагдсан ч төвөө алдсангүй.

Тэглээ гээд Фэнтиэний бүлэглэлийн Жан Золинь хийгээд Жилийн Фэн Үйсян хоёр эвлэлдэн нэгдэж чадсангүй. Фэн Үйсян нь Гоминьданы үзэл суртлаар жигүүрлэсэн Гоминьзюнь нэртэй өөрийн бүлэглэлээ үүсгэн байгууллаа. Чингээд тэрээр Умардын Засгийн газрыг тарах нь холгүй болсон Аньхуйн бүлэглэлийн захирагч өнөөх Дуань Цирүйд шилжүүлэв. Харин Жан Золиний Фэнтиэний бүлэглэл тэр үед түүнээс хавьгүй хүчтэй байлаа. Тэр цагт Жилийн цэргүүд тархай бутархай байдалтай байсан юм. Жан Золинь, Дуань Цирүй хоёр хэдий нэгдсэн ч өмнөдийнхөн буюу Сүнь Ятсентэй зөвшилцөлд хүрч чадсангүй. Сүнь Ятсен 1925 оны 3 дугаар сард нас барлаа.
Фэнтиэний цэргийн жанжин Гүо Сунлин тэр жилдээ Жилийн бүлэглэлд урваж, өөрийн дарга асан Жан Золиний эсрэг тэмцэж эхэлснээр Фэнтиэний бүлэглэлийн эсрэг чиглэсэн иргэний дайн дэгджээ. Тэгмэгц Жилийн цэргийн жанжин Ү Пэйфү гэнэтхэн Жан Золиний талд орж, Фэн Үйсяны Гоминьзюнийн цэрэг баруун хойш шахагдлаа. Тэд хожмоо Чан Кайшигийн Умрын их аяныхантай нэгдсэн болно. Жан Золинь нь 1927 оны 6 дугаар сард Умардын засгийн газрыг тэргүүлсэн боловч тэр үест Чан Кайшигийн Ардын хувьсгалт армийнхан түүний нутаг дэвсгэрт нэвтэрч, тэрээр 1928 оны 6 дугаар сарын 2-нд хувьсгалт армийнханд Бээжин хотоо өгөөд, 6 дугаар сарын 4-нд нь Манжуур луу галт тэргээр зугтаж яваад амиа алдлаа. Тэгэхэд Жан Золиний сууж явсан галт тэргийг дэлбэлжээ. Ардын хувьсгалт армийнхан үүнээс хойш 5 өдрийн дараа Бээжин хотыг эзэлж, улмаар Жан Золиний хүү Жан Сюэлян тэдний Засгийн газрыг 12 сард хүлээн зөвшөөрөв.
Ер нь ДИУ-ын Өмнөд мужууд Умардын Засгийн газрыг ихээхэн эсэргүүцэж байлаа. Өмнөдийнхөн 1911 онд Чин улсын эсрэг, 1913 онд Юань Шикайн эсрэг, 1916 онд улс гүрнээ хамгаалахын төлөө удаа дараа тэмцсэн билээ. Жан Сюнийн хөдөлгөөн дарагдсаны дараа Өмнөд мужууд Тан Зияо, Лү Жүнтиний удирдлаган дор нэгдэж, Дуань Цирүйн Засгийн газрыг эсэргүүцжээ. Сүнь Ятсен 1917 оны 7 дугаар сарын сүүлээр Гоминьданы нөлөө бүхий хэд хэдэн улстөрч хийгээд Парламентын доод танхимын гишүүдийг эгнээндээ элсүүлэн Кантонд Засгийн газраа байгуулсан юм. Энэ Засгийн газрыг Үндсэн хуулиа хамгаалах засгийн газар хэмээн нэрийддэг ажээ. Өмнөдийн цэргийн бүлэглэлүүд тэрхүү засгийн газрыг дэмжсэн ч гадаад улс орнууд хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр үест хаа сайгүй, дан ялангуяа Гуанси мужид байсхийгээд л үймээн самуун дэгдэж байлаа.

Сүнь Ятсен нь 1917 оны 9 дүгээр сард Цэргийн засгийн газрын тэргүүнээр сонгогджээ. Энэхүү засгийн газар нь 1912 оны Үндсэн хуулийг хамгаалах зорилготойгоор байгуулагдсан бөгөөд Өмнөдийн цэргийн бүлэглэлүүд хамгийн гол нь Бээжинг эсэргүүцэх үүднээс дээрх засгийн газрыг дэмжив. Тэд Холбоотнуудтай дайн зарласан ч гадаад улс орнууд тэднийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тиймээс 1918 оны 7 дугаар сард Өмнөдийнхөн Сүнь Ятсенийг хэтийдсэн их эрх мэдэлтэй байна хэмээгээд Засгийн газартайгаа зөвшилцөж байх учиртай гэсэн ч Сүнь Ятсен шахалтанд өртөхийг хүссэнгүй. Энэ зуур Гоминьдан намаа сэргээж, 1920 онд дэгдсэн Гуандун-Гуансигийн иргэний дайны үеэр Гоминьданы цэргийн жанжин Чэн Зионминий тусламжтайгаар өөрийг нь эсэргүүцсэн Цэнь Чуньсуань, адмирал Линь Баои, генерал Лү Жүнтин нарыг хөөн зайлууллаа. Үүний дараа 1921 оны 5 дугаар сард Чэн Зионмин, Тан Шаои нарын эсэргүүцлийг үл хайхран, парламентын цөөн хэдэн гишүүдийн шийдвэрээр ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэгтэл Тан Шаои улс төрөөс холдож, харин Чэн Зионмин нь Жилийн цэргийн бүлэглэлийнхэнтэй хэлэлцээ хийгээд, Гуандун мужийн захирагчаар сонгогдсоныхоо төлөө Сүнь Ятсенээс урвалаа. Чэн Зионмин 1922 онд санасандаа хүрчээ.

Өмнөдийнхөн 1923 оны 3 дугаар сард Чэн Зионминийг зайлуулж, Сүн Ятсенийг эргүүлж авчирсны дараа тэрээр Гоминьданыг марксизм-ленинизмын үзэл суртал бүхий нам болгон зохион байгуулаад, Хятадын КН-ынхантай эвсэн нэгдсэнийг түүхэнд Анхдугаар нэгдсэн фронт хэмээн нэрлэдэг. Удалгүй Өмнөдийн парламентынхан Цао Кунийн Засгийн газартай нэгдэхээр хэлэлцээ хийх нь илт ихэссэн тул Засгийн газрынх нь зүгээс “1912 оны Үндсэн хуулийг өмгөөлөн хамгаалах” туйлын зорилгоосоо няцаж, нэгдмэл нэгэн намтай улс гүрнээ үүсгэн байгуулахын төлөө тэмцэж эхлэв. Тэд Вампугийн академид офицеруудаа бэлтгэх болсон юм. Төдхөн Жилийн бүлэглэл 1924 онд урьдын нөлөөгөө алдмагц Сүнь Ятсен нь Гоминьзюнь, Аньхуй, Фэнтиэний цэргийн бүлэглэлийнхэнтэй хэлэлцээ хийхээр Бээжинд ирлээ. Гэлээ ч тэрбээр 1925 оны 3 дугаар сард элэгний хорт хавдраар нас барсан тул Өмнөд, Умардын хэлэлцээ мухардалд оржээ. Тэр үест Тан Зияо өөрийгөө Сүнь Ятсений залгамжлагчаар өргөмжлөөд, Юньнань-Гуансигийн иргэний дайны үеэр Өмнөдийн Засгийн газрыг гартаа авах гэж оролдсон боловч эцсийн дүндээ ялагдал хүлээлээ.
Ингээд 1925 онд байгуулсан Гоминьданы Ардын хувьсгалт армийн ерөнхий командлагчаар Чан Кайши томилогдов. Чан Кайши нь 1926 оны зун Умрын их аянаа өрнүүлэхээр шийдвэрлэж, тэдний цэрэг ДИУ-ын төв бөгөөд зүүн бүсийн цэрэг армийг хамаарч байсан Ү Пэйфү, Сүнь Чуаньфаны цэргийг дарж, дараахан нь Гоминьзюний харьяаны генерал, Шаньси мужийн цэргийн эрхтэн Ян Сишань бээр Гоминьданыхантай нийлэн, Фэнтиэний цэргийн бүлэглэлийн эсрэг хамтран тэмцлээ.

Чан Кайшигийн цэргүүд 1927 оны 3 дугаар сарын 21-нд Шанхайг эзэлжээ. Тэгэхэд Гоминьдан, КН-ынхан өөр хоорондоо багагүй зөрчилдөж эхэлсэн байдаг. Коммунистуудын бодлогыг ард иргэд илт эсэргүүцэж, тэд ч улс орноо эвлэлдэн нэгдэхийн төлөө тэгтлээ хүчин зүтгэл гаргахгүй байсан тул 1927 оны 4 дүгээр сарын 12-нд Гоминьданы цэргүүд Шанхайн коммунист үзэл сурталтай ажилчдыг олноор нь хядсан ажээ. Тухайн үед коммунистууд газрын эздээс татвар татах, гадаадаас зээл авахын эсрэг тэмцэж байлаа. Тиймээс Чан Кайши төрийн эрхээ коммунистуудад алдахгүй, түүнчлэн улс орондоо ЗХУ-ын цэргийн зөвлөхүүдийг байлгахгүй хэмээсэндээ тэднээс холдож, Наньжин, Ханжөү, Нинбо, Аньцин, Фүжөү, Шанхай хотуудын коммунист үзэл сурталтай ард иргэдийг хомроглон баривчлаад, тэндхийн коммунист байгууллагуудыг хүчээр тараав. Гоминьданыхан эл явдлыг нам доторх цэвэрлэгээ гэдэг ч КН-ынхан Шанхайн хядлага хэмээн нэрлэжээ. Үүний үр дүнд Чан Кайши Гоминьдан намын хамгийн их эрх мэдэлтэй хүнээр тодроод, 1927 оны 7 дугаар сарын 15-нд Үханийн Засгийн газар тарсны дараа коммунистууд хэсэгтээ л дарагдсан юм. Эл явдал хожмоо Гоминьдан, КН-ынхны иргэний дайныг өдөөхөд маш их нөлөөлжээ. Чан Кайши Наньжин хотыг улсынхаа нийслэлээр сонгосон ч гүрэн улсдаа эзэн суухын тулд Бээжинг эзлэх шаардлагатай байв. Жан Золинийг алагдсаны дараа Ян Сишанийн цэргүүд Бээжинд нэвтэрч, үүний дараа Жан Золийн хүү Жан Сюэлян Манжуурын захирагчаар үлдэх болзол тавьснаар Наньжины Засгийн газрыг хүлээн зөвшөөрлөө. Жан Сюэлян нь 1931 онд япончууд Хятадын зүүн хойд бүсийг эзэлсний дараа тушаалаасаа огцорсон юм.

Чан Кайши 1928 онд Наньжин хотыг ДИУ-ын нийслэл болгон зарлаж, улс орноо нэгтгэснээ мэдэгджээ. Гэлээ ч цэргийн бүлэглэлүүд хоорондоо тэмцэлдсээр л байлаа. 1930 онд Фэн Үйсян, Ян Сишань хоёр зөрчилдөж Төв хээрийн дайн дэгдлээ. Харин Ардын хувьсгалт армийн Ма Жун-ин 1931-1937 он хүртэл Шинжааны цэргийн бүлэглэлийнхэнтэй дайтав. Үүнчлэн Жан Сюэлян 1935 онд Чан Кайшиг Сиань хотод баривчлахад мөн л бослого гаргажээ.

Умардын үндсэн бүлэглэлүүд
Аньхуйн бүлэглэл 
皖系
·         Дуань Цирүй 段祺瑞
·         Сю Шүжэн 徐樹錚
·         Лу Юнсян 盧永祥
·         Ни Сычун 倪嗣沖
·         Цю Тунфэн 曲同豐
·         У Гуансинь 吳光新
·         Зинь Юньпэн 靳雲鵬
·         Дуань Жигүй 段芝貴
·         Жан Зин-яо 張敬堯
·         Чэнь Шуфань 陈淑芬
Жилийн бүлэглэл 
直系
·         Фэн Гүожан 馮國璋
·         Цао Кунь 曹錕
·         Ү Пэйфуү 吳佩孚
·         Сүнь Чуаньфан 孫傳芳
·         Лю Зиэнжан 陸建章
·         Ли Чунь 李純
·         Ван Жаньюань 王占元
·         Чэнь Гуанюань 陳光遠
·         Фэн Үйсян 馮玉祥
·         Ци Сеюань 齊變元
·         Ван Чэнбинь 王承斌
·         Ли Зинлинь 李景林 (Фэнтиэний бүлэглэлд байсан)
Фэнтиэний бүлэглэл
 奉系
·         Жан Золинь 張作霖
·         Жан Сюэлян 張學良
·         Жан Зосян 張作相
·         Жан Зунчан 張宗昌
·         Вань Фулинь 万福麟
·         Зан Шии 臧式毅
·         Ү Зүньшэн 吳俊陞
·         Гүо Сунлин 郭松齡
·         Ян Үйтин 楊宇霆
·         Жү Үйпуү 祩玉樸
·         Тан Үйлинь 湯玉麟

Умардын жижиг бүлэглэлүүд

·         Фэн Үйсян 馮玉祥 (Жилийн бүлэглэлд байсан)
·         Ху Зиньи 胡京伊
·         Сүнь Үйпэн 孙玉鹗
Шаньсигийн бүлэглэл 晉系
·         Янь Сишань 閻錫山
Шинжааны бүлэглэл
·         Ян Зэнсинь 楊增新
·         Зинь Шүжэнь 金樹仁
·         Шэн Шицай 盛世才
Магийн бүлэглэл  馬家軍
·         Цинхай
·         Ма Ци 馬麒
·         Ма Линь 馬麟
·         Ма Буфан 馬步芳
·         Ма Буцин 馬步青
·         Нинся
·         Ма Хунбинь 馬鴻賓
·         Ма Хункуй 馬鴻逵
·         Ганьсу
·         Ма Чжунъин 馬仲英

Умардын шинэ бүлэглэлүүд

·         Сун Жэюань 宋哲元 (Гоминьзюньд байсан)
·         Биэ Тинфан 別廷芳 (Гоминьзюньд байсан)
·         Тан Үйлинь 湯玉麟 (Фэнтиэнд байсан)
·         Сүнь Диэн-ин 孫殿英 (Гоминьзюньд байсан)
·         Зин Юэсю 井岳秀
·         Ян Хучэн 杨虎城
·         Фү Зои 傅作義 (Шаньсигийн бүлэглэлд байсан)
·         Лю Жэнниэн 刘珍年
·         Хань Фззю 韓復榘 (Гоминьзюньд байсан)

Өмнөдийн үндсэн бүлэглэлүүд

Юньнанийн бүлэглэл  滇系
·         Цай Э 蔡鍔
·         Тан Зияо 唐繼堯
·         Лун Юнь 龍雲
Гуансигийн бүлэглэл 桂系
·         Лү Жүнтин 陸榮廷
·         Линь Ху 林虎
·         Тань Хаомин 譚浩明
·         Шэнь Хун-ин 沈鴻英
·         Чэнь Бинхунь 陳炳焜
Гуансигийн шинэ бүлэглэл  新桂系
·         Ли Зунрэнь 李宗仁
·         Хуан Шаосюн 黃紹竑
·         Бай Чунси 白崇禧
·         Хуан Сьючу 黄旭初
中國國民黨
·         Сүнь Ятсен孫逸仙
·         Чан Кайши蔣介石
·         Ху Ханьминь胡漢民
·         Ван Зинвэй汪精衛
·         Ляо Жункай廖仲凱
·         Хэ Инцинь何應欽
Сычуаний бүлэглэл
 川系
·         Лю Сян 劉湘
·         Ян Сэнь 楊森
·         Дэн Сихоу鄧錫侯
·         Тиэн Сун-яо田頌堯
·         Лю Вэньхуэй 劉文輝

Өмнөдийн жижиг бүлэглэлүүд

·         Чэнь Зюнмин 陳炯明
·         Чэнь Зитан 陳濟棠
·         Үй Ханьмоу 余汉谋
·         Жан Факүй 張發奎
Фузян
·         Зян Гуаннай 蔣光鼐
·         Цай Тинкай 蔡廷鍇
Гүйжөү
·         Лю Сяньши 劉顯世
·         Ван Зиалие 王家烈
·         Мао Зэдүн 毛澤東
·         Жөү Эньлай 周恩來
·         Жү Дэ 朱德
·         Пэн Дэхуай 彭德懷
·         Чэнь Дусю 陈独秀
·         Тань Янкай 譚延闓
·         Жао Хэнти 赵恒惕
·         Тан Шэнжи 唐生智
·         Лү Дипин 魯滌平
·         Ван Жаньюань王占元


Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...