воскресенье, 29 мая 2016 г.

Наньжины 10 жил

ДИУ-ын Гоминьдан намынхан 1927-1928 онд Умар зүгт их аян хийсний дараа Наньжин хот тус улсын шинэ нийслэл болсноор Наньжины 10 жил хэмээгдсэн нэгэн үе эхэлжээ. Энэ үе нь 1937 онд Хятад-Японы дайн дэгдсэнээр өндөрлөсөн юм. Өмнөдийн армийнхан 1927 онд Хөх мөрний ай савд байрласан хот суурингуудыг эзэлж эрхэндээ оруулсан тул Гоминьданыхан дотоод, гадаадын дайснуудтай тэмцэхийн үүднээс дээр дурдсан их аяныг өрнүүлжээ. 1927 оны 4 дүгээр сарын 12-нд Чан Кайшигийн тушаалаар Шанхай болон бусад хотуудад коммунист үзэл суртлыг эсэргүүцсэн үйл ажиллагааг зохион байгуулснаар 4 сарын 18-нд Чан Кайши нь Зянсу, Жөзян, Фүзян, Аньхуй мужуудыг нэгтгэсэн засгийн газраа Наньжинд байгууллаа. Гэтэл энэ зуур Гоминьданы зүүн жигүүрийнхэн Үханьд коммунистуудтай хамтарч, Үндэсний Засгийн газрыг эргээд Ван Зинвэй тэргүүлэх болжээ. Тэд Хунань, Хубэй, Зянси мужуудыг өөртөө нэгтгэв. Ингээд хэдийгээр Үханийн Гоминьдан намынхан 1927 оны 7 дугаар сарын 15-нд коммунист намаас салан тусгаарлаж байгаагаа мэдэгдсэн боловч улам бүр хүчээ авч буй Наньжины Засгийн газартай нэгдсэнгүй. Үүний зэрэгцээ тухайн үест Шанхайд нөлөөтэй байсан Сишанийн бүлгэмийнхэн тэр жилийн 6 сарын 20-нд Наньжингийн Засгийн газартай нийлсэн байдаг. Чингээд тэр жилийн зундаа Гуанси, Гуандун, Сычуаньд эрх барьж асан цэргийн бүлэглэлийнхэн Наньжины Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн авч Үханийнхан аанай л тусгаар хэвээр байлаа. Тэр байтугай Үханийн Засгийн газрын тэргүүн Ван Зинвэй нь Гоминьданы намын тэргүүнээр сонгогдох горьдого тээж явжээ.
Энэ зуур 1927 оны 8 дугаар сарын 12-нд Чан Кайши Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч Япон руу гарав. Үханийн цэргийн захирагч Тан Шэнжи энэ боломжийг ашиглан Чан Кайшиг эзгүйчлэн Наньжины Засгийн газарт хэдийн нэгдсэн Гуанси мужийн эрх баригчдын эсрэг бослого гаргасан ч эрх баригчдын цэрэгт дарагдсанаар Гуанси мужийн цэргүүд Үхань хотыг эзэлжээ. Тэгмэгц Ван Зинвэй шадар туслахуудаа дагуулсаар Гуанжөүд шилжин суурьшлаа. Харин Чан Кайши тэр жилийн 11 дүгээр сард Японоос эргэж ирээд Ардын чөлөөлөх армийн ерөнхий командлагчаар томилогдов. Улмаар 1928 оны 2 дугаар сард чуулсан Гоминьданы 4 дүгээр их хурлаар Чан Кайшигийн үүсгэн байгуулсан засгийн газрыг тус намаас зөвшөөрөн хүлээснээр Наньжин хот ДИУ-ын шинэ нийслэл хот болон тодорчээ.
Ингээд Ардын чөлөөлөх армийнхан 1928 оны 4 дүгээр сард Умарын аянаа зохион байгуулснаар тухайн үед Манжуурыг хамаарч байсан Жан Сюэлян нь тэр жилийн 12 дугаар сардаа мөнөөх засгийн газрыг хүлээн зөвшөөрч, ДИУ-ын цэрэг арми нэгдмэл нэгэн удирдлагатай боллоо. Тэр үест Гоминьданаас тус намын Төв хороо хийгээд өөрсдийн бүрдүүлсэн парламентыг төрийн эрх барих дээд байгууллага хэмээн зарлан тунхагласан боловч нам доторх зөрчил тэмцэл намжсангүй.
Ийм нөхцөлд Чан Кайши намынхнаа эвсүүлэх үүднээс 1929 оны 3 дугаар сард Гоминьданы 3-р конгрессыг зохион байгуулсан авч тус намын хэд хэдэн бүлэглэл үүнд оролцоогүй ажээ. Гоминьдан нам дотроо сөрөг хүчинд тооцогдож явсан эрхмүүд бослого дэгдээх санаатай байсан цэргийн эрхтнүүдтэй нэгдсэн юм. 1929 оны 3 дугаар сард Ли Цүнжэнь генерал бослого гаргасан ч Наньжины Засгийн газрын цэргүүдэд дарагдлаа. Үүний дараа 9 дүгээр сард Жан Факүй генерал Хятадын төв мужуудад бослого дэгдээсэн ч түүнтэй хэлэлцээ хийсэн байна. Түүнчлэн 10 дугаар сард бослого дэгдээсэн Фэн Үйсян жанжны цэргүүд ч Наньжины Засгийн газрынханд эрхгүй дарагдав.
Удалгүй Гоминьданы сөрөг хүчнийг тэргүүлж байсан Ван Зинвэй нь төр засагтаа сэтгэл дундуур явсан Ян Сишань тэргүүтэй цэргийн эрхтнүүдтэй нэгдсэнээр 1930 оны 5-11 дүгээр сард Төв хээрийн дайн хэмээх иргэний дайн дэгджээ. Гэхдээ Ван Зинвэй нарын салан тусгаарлагчид мужуудын эрх мэдлийг нэмэгдүүлэхээс өөр дорвитой шаардлага хүргүүлсэнгүй. Тэд Бээжин хотыг ДИУ-ын нийслэл хэмээн зарлав. Гэтэл тэдний талд байсан Жан Сюэлян 1930 оны 9 дүгээр сард гэнэтхэн Чан Кайшигийн талд урваж, Бээжин, Тяньжин хотуудыг эрхэндээ оруулжээ. Тэр жилийн 10 дугаар сард Төв Засгийн газрын цэргүүд Фэн Үйсяны цэргийг дарснаар хуучны милитаристууд нэг мөр дарагдсан гэж хэлж болно.
Харин 1931 оны эхээр Гуанжөүгийнхан мөн л Наньжины Засгийн газрын эсрэг бослоо. Гуандун мужийн цэргийн жанжин Чэн Зитан, Гуанси мужийн цэргийн жанжин Ли Цүнжэнь, Бай Чунси нар дээр дурдсан Ван Зинвэйг дэмжсэнээр тэд Гуанжөүд Гоминьданы ТХ болон Засгийн газартай эн дүйх байгууллагуудыг үүсгэн байгуулснаа зарлажээ. Чингээд үймээн самуун дэгдэх нь тодорхой байсан ч тухайн үед Японы цэргүүд Манжуурт нэвтэрснээр улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, Гоминьданыхан эргээд нэгдэв. Япончууд 1904-1905 онд дэгдсэн Орос-Японы дайнд ялснаар Манжуурын өмнөд хэсгийн төмөр замыг эзэмших онцгой эрхтэй болсон юм. Квантуны армийнхан Ляодуны хойг дахь төмөр замыг харж хамгаалж байсан бөгөөд Токио хэдийгээр Квантуныхныг хэтэрхий их идэвх зүтгэл гаргаж байгаад дургүйцэж байсан ч Манжуурыг эзлэх төлөвлөгөөгөө хэдийн боловсруулсан байжээ. 1931 оны 3 дугаар сарын 31-нд Японы 3 офицер дээрх төмөр замын нэг хэсгийг дэлбэлснээр япончууд үүгээрээ шалтаглан Бэйдаин, Мүгдэн рүү дайрах боломжтой болсон юм. Япончууд 9 дүгээр сард Мүгдэн, Зилинь хоёрыг эзлэн авчээ. Чан Кайши тухайн үед япон цэргүүдэд эсэргүүцэл үзүүлж болохгүй гэсэн тушаал гаргасан байдаг. Тэр үед зүүн хойд армийн командлагч асан Жан Сюэлян нь хэдийгээр Наньжины Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн байсан ч дотроо бол ихэд эсэргүүцдэг байжээ. Гэлээ гээд япончуудыг зогсоохын тулд тусламж хүссэн ч Чан Кайши түүнд тусалсангүй.
Талууд 1931 оны 11 дүгээр сард Гоминьданы 4 дэх удаагийн нэгдсэн чуулганыг зарлан хуралдуулж, талууд харилцан буулт хийснээр 1932 оны 1 дүгээр сард Ван Зинвэйн толгойлсон шинэ Засгийн газар байгуулагдав. Тэгэхэд Чан Кайши Ардын чөлөөлөх армийн ерөнхий командлагчаар томилогджээ. Цэргийн бүлэглэлийнхэн энэхүү засгийн газарт уван цуван нэгдсэн боловч нэгдмэл нэгэн удирдлагатай болж чадсангүй.
Чан Кайшигийн үүсгэн байгуулсан Наньжины Засгийн газрыг анх АНУ, дараа нь Их Британи, улмаар Япон улс тэднийг умар зүгт нэвтрүүлэхгүй гэсэндээ хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Наньжины Засгийн газрынхан дотоодын үймээн хийгээд коммунистуудыг дарахаасаа өмнө япончуудад эсэргүүцэл үзүүлэхгүй байх бодлого баримталжээ. Энэ зуур япончууд Манж-Го улсаа байгуулж, 1933 онд Шанхай руу довтлоод, Жэхэ мужийг эзлэв. Тэгэхэд ДИУ, Япон хоёр 1935 оны 6 дугаар сарын 10-нд Хэ-Үмэзүгийн нууц гэрээ гээчийг байгуулжээ. Япончууд Хэбэй муж, тэр дундаа Бээжин, Тяньжинд ноёрхлоо тогтоож, тус мужийн захирагч Үй Сюэжүнийг огцруулах шаардлага хүргүүлсэн аж. Япон цэргүүд 1935 оны 5 дугаар сарын 30-нд Бээжин хотод нэвтэрснээр Тяньжины захирагч Жан Тинпо, цагдаагийн газрын дарга Ли Жуньсян нарын албаны хүмүүсийг огцруулж, Гоминьданы цэргийг Хэбэй мужаас гаргаад, ДИУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Японы эсрэг үзэл баримтлалтай бүхий л байгууллагуудыг тараахын зэрэгцээ Тяньжин дэх Японы мэдээ мэдээллийн газрын даргыг бүрэлгэсэн хэрэгт холбоотой хэмээгдсэн хүмүүсийг баривчилж, нөхөн төлбөр төлүүлэх шаардлага хүргүүлээд, дээрх шаардлагуудаа 6 дугаар сарын 12-ноос өмнө хүлээж авахыг тулгалаа. Коммунистуудтай тэмцэхэд бүхий л хүчээ дайчилж байсан Гоминьданыхан эдгээр шаардлагыг арга буюу хүлээн авч, 1935 оны 6 дугаар сарын 10-нд ДИУ-ын талаас Хэ Инцин, Японы талаас Квантуны армийн штабын дарга, генерал Есизиро Үмэзү нар зөвшилцөл байгуулснаар япончууд Хэбэй мужийг Хойд Хятадын автономит бүс хэмээн зарлаад, тэндээ эзэн суув. Энэхүү гэрээ хэдийгээр нууцлагдаж байсан ч сонин хэвлэлийнхэн тэр тухай олж мэдсэнээр Японыг эсэргүүцэх хөдөлгөөн улам газар авч, 1937 оны 7 дугаар сард Хятад-Японы 2-р дайн дэгдсэн билээ.

Тэр үед Чан Кайши цэрэг армийн герман зөвлөхүүдийнхээ өгсөн зөвлөгөөгөөр коммунист бүсүүдэд эдийн засгийн хориг тавьснаар коммунистууд аргагүйн эрхэнд бүс нутгаа орхин, 1934 оны 10 дугаар сард Их аянд гарсан түүхтэй. Коммунистууд Хятадын зүүн ба өмнөд хэсгийн мужуудаар аян хийж, 1936 оны 10 дугаар сард Шэньси-Ганьсу-Нинсягийн Онцгой бүсэд хүрчээ. Чан Кайши 1936 оны 12 дугаар сарын 4-нд Сианьд ирмэгцээ Жан Сюэлян, Ян Хучэн нарт дээр дурдсан Онцгой бүс рүү цэрэглэн довтлох тушаал буулгасан ч Жан Сюэлян, Ян Хучэн нар хэдэн өдрийн дараа Чан Кайшиг өөрийг нь баривчлаад, дотоодын хүчээ нэгтгэн япончуудтай тэмцэхийг шаардлаа. Хэлэлцээ хийх зуур Чан Кайши намын нөхөд нь эрх мэдэлд хүрмэгцээ түүнийг хороохоос ер буцахгүй нь гэдгийг олж мэдсэн тул дээрх шаардлагыг хүлээж авснаар суллагдаж, улмаар Гоминьдан, Коммунист намын нэгдсэн фронтыг үүсгэн байгуулжээ.

среда, 25 мая 2016 г.

Жинхэнэ хүний туужийн гол баатар Алексей Маресьевын дурсамж

Миний онгоцыг немцүүд 1942 оны 4 дүгээр сарын 4-нд буудаж оносон юм. Тэгэхэд би дайсны нутаг дээгүүр 800 метрийн өндөрт нисч явлаа. Дайсны суманд оногдоод онгоцоо эргүүлж 12 км ниссэн ч буух газар олдсонгүй. Хаашаа л харна намаг, ой мод л үргэлжилнэ. Ингээд би ойд газардахаар шийдлээ. Тэр хэсэгт цөөн хэдэн өндөр мод ургаж байгаа нь нүдэнд туссан юмдаг. Газардахад маш хэцүү байсан л даа. Амьд үлддэг юм бол ядаж нүдтэйгээ үлдэх юмсан гэж бодсондоо нүүрээ дарлаа. Тэгээд доошоо тонгойтол тэрүүхэнд ойн чөлөө харагддаг юм байна. Би ч тэнд буух боломжтой байх гэж санаад дугуйгаа гаргалаа. Тэгэхэд л би том алдаа хийсэн дээ. Яг тэр үед мотор ажиллахаа болиод онгоц маань доош унав аа. Онгоцоо чадан ядан тэгшилтэл дугуйгаараа моддын орой шүргэж, онгоц маань дээшээ хараад уналаа. Би суудалдаа суран бүсээр уяатай байсан ч тэр нь тасраад би гэдэг хүн онгоцноосоо тээр тэнд шидэгдэв. Одоо бодоход 30 метрийн өндрөөс л унасан юм шиг байдаг. Цасан дээр унаж өнхөрсөөр толгойгоороо юм мөргөснөө л сайн санадаг. Ухаан орвол шанаа хавьд халаад ч байх шиг. Гараа хүргэвэл арьс унжиж байх юм. Татаад авах гэтэл нэлээн том арьс бололтой байхаар нь эргүүлээд наачихлаа. Онгоцны маань кабин, сүүл хоёр л үлдсэн байлаа. Би толгойгоороо их хүчтэй мөргөсөн бололтой. Тийм ч учраас удалгүй хий юм харах болсон доо. Ямар ч байсан онгоцныхоо моторыг эвдлэх гэсэндээ гар буугаа гаргаж ирээд буудсан юм. Нэг дайзтай сумаа дуустал буудаад, буугаа ахиж сумлаад буудах гэтэл ойн тэрүүхэнд хүмүүс, бас хэд хэдэн онгоц байгаа нь харагдлаа. “Туслаарай” гэж хашгирсан ч тэд ер хөдөлсөнгүй. Тэгээд ахиад нэг хартал ямар ч хүн харагдсангүй. Энэ маягаар элдвийн хий юм харсаар цасан дундуур туучаад л явлаа. Нэг удаа хажууханд байгаа байшингаас нэг өвгөн гарч ирээд “Энүүхэнд сувиллын газар бий” гэж хэлэх нь дуулддаг юм байна. “Би тийшээ чинь очьё л доо” гэсэн ч тэр өвгөн удалгүй алга болчихсон. Дараа нь худгаас ус авч яваа бүсгүй, залуу хоёртой таарлаа. “Ус өгөөч” гэж гуйсан ч надад өгсөнгүй.
Онгоц маань фронтоос 12 км-ийн зайтай унасан ч би хаа байгаагаа, юу хийж яваагаа ер мэдэхгүй байлаа. Онгоцны буудал энүүхэнд байгаа аятай л санагдаад байсан юмдаг. Онгоцонд маань засвар үйлчилгээ хийдэг техникч маань өөдөөс ирж яваа харагдсан ч надад мөн л тусалсангүй. Би энэ мэт 10-11 хоног хий юм харж явсан даа.
Нэг өглөө сэрээд “Одоо ер нь яавал дээр вэ?” гэж бодлоо. Юм идээгүй болохоор жигтэйхэн эцэж туйлджээ. Луужингүй байсан учраас нар мандмагц зүүн тийш явахаар шийдлээ. Тэнгэрт онгоц нисч байгаа нь харагдаж байсан тул яваад байвал ямар ч байсан тосгон сууринд хүрэх болов уу гэж бодсон юм. Өлсөж туйлдсандаа хөлөө арай ядан зөөж байлаа. Мод тулаад хөлөө чирж явсан даа. Өдөртөө 1,5 км-т явдаг байсан болов уу. Нэгэнтээ тамирдаад гурван ч өдөр явж чадсангүй. Унтмагц л хэн нэгэн надад “Лёша, босоод яв. Тэнд чамд ор зассан бий. Тийш ээ оч” гэж хэлээд байна гээд л зүүдэлнэ.

Юм идэлгүй 18 хонохдоо би нэг удаа атга шоргоолж идэж, барьсан гүрвэлээсээ хазаж билээ. Ингээд л хөлөө хөлдөөчихсөн. Эсгий гуталтай явсан ч гутал маань нэвт норж, шөнөдөө маш хүйтэн байсан тул хөлөө хөлдөөсөн юм. Гэхдээ тэр үедээ өлсөж туйлдсандаа л явж чадахгүй байна гэж бодож байлаа. Хөлөө хөлдсөн чинээ бодсонгүй.
Би 18 өдрийн дараа буюу 4 дүгээр сарын 27-ны оройн 7 цагт мод налаад сууж байтал ойрхон чимээ гарах нь дуулдлаа. Ойд хүнгүй гэдгийг мэдэж байсан учраас араатан амьтан л болов уу гэж бодоод хоёр сумтай байсан буугаа гаргаад эргэж хартал хүн зогсож байна. Би ч энэ л хүн намайг аврах нь гэж бодоод гар буугаа барьсан чигтээ даллалаа. Сахал ус маань ургачихсан болохоор тэр хүн намайг герман хүн гэж бодсон байж мэднэ. Би ч “Өөрийн хүн байна аа. Хүрээд ирээч” гээд л хашгирлаа. Өнөө хүнийг дөхөж ирэхэд нь нисэгч гэдгээ хэлээд “Ойр хавьд германчууд бий юу?” гэж асуулаа. Тэгтэл тэр хүн фронтоос 12 км-ийн зайтай байгаа учраас энд германчууд байхгүй гээд тосгондоо эргэж очоод морь авчрахаар яваад өгөв. Цаг гаруйн дараа ахиад л дуу шуу гарч, 8-9 хүүхэд ирж яваа нь харагдав. Гэтэл тэр хэд надад ойртохоос айгаад байх юм. Би ч эцэж туйлдаад, сахал үс ургаад аймшигтай харагдаж байсан л даа. Удалгүй тэдний нэг нь дөхөж ирээд намайг нисгэгчийн хувцастай болохыг олж хараад өнөө хэдээ дуудлаа. Олон хоног юм идээгүйг минь дуулаад талх, сүү авчрахаар гүйлдэв. Дараа нь нэг өвгөн хүрч ирээд намайг чарган дээр гаргаж тавиад аваад явсан даа. Тэр хавийн газарт хаа сайгүй мина булсан байсан тул намайг анх олсон хүн тойруу замаар яваад удсан байжээ. Тосгонд иртэл зам дээр нүүгэлтсэн хар юм харагдана. “Энэ чинь юу вэ?” гэвэл чарган дээр явж байсан жаалхүү “Манай тосгоныхон таны тухай дуулаад тосч байна аа” гэх юм.

Чаргатайгаа ирсэн өвгөн намайг гэртээ оруулах гэсэн ч бусад нь “Манайд сүү бий”, “Манайд өндөг бий”, “Манайх үнээтэй шүү дээ” гээд л гэртээ аваачих гээд бөөн хөл үймээн болж билээ. Гэтэл нөгөө өвгөн “Би энэ хүнийг авчирсан болохоор хэнд ч өгөхгүй” гээд эхнэрээ дуудаж, намайг байшиндаа оруулаад гутлыг минь тайллаа. Хөл хавдсан тул өмдийг минь хайчлав. Удалгүй хоол хүнс барьсан хүмүүс цувлаа. Би тал аяга сүү уугаад л өөр юм идэж ууж чаддаггүй. Гэдэс дүүрээд ирлээ. Ингээд аажмаар овоо юм иддэг болсон доо. Тэр тосгоны малын эмч нь намайг усанд оруул гэсэн юм билээ. Ер нь тэр тосгоныхон их сайн хүмүүс байлаа.
Би тэнд 2 хоносон. Тосгоныхон миний тухай ойролцоох цэргийн ангид хэл хүргэсний дараа тэр ангийн ахмад нь ирж уулзаад, бичиг баримтыг минь шалгаж үзээд, намайг аваад явлаа. Тэр зуур хөлөнд минь бүлээн жин тавьж байв. Миний хөл хөлдөөгүй байгаа гэж асуусан ч тэд “Үгүй ээ. Өлссөнөөс болоод хавагнасан байна” л гэсэнсэн. Тэр ангийн цэргийн эмч надад яагаад ч юм бэ 100 грамм архи уулгасны дараа би жигтэйхэн их дэмийрсэн гэнэ билээ. Би тэр үед “Хөлийг минь үлдээгээч. Миний хөлийг өгөөч” гээд л орилоод байсныг тэр ангийн дарга надад хожим хэлсэн юм.

Тэндээс намайг цэргийн хээрийн эмнэлэгт шилжүүлж, надад цус сэлбэсэн ч би сууж ч чадахгүй байлаа. Тэгэхэд намайг ар тал руу илгээнэ гээд Валдай руу машинаар явуулсан юм. Валдайн эмнэлэгт ирээд удаагүй байтал миний хэвтэж байсан том зааланд нэг нөхөр орж ирээд хүн бүрийг хараад байна. Сайн харвал манай ангийн дарга ЗХУ-ын баатар Дехтяренко байх юм. Би түүнийг хараад баярласан гэж жигтэйхэн. Намайг тэврээд авахад нь өөрийн эрхгүй нулимс унагав. Бид хоёр их сайн андууд л даа. Намайг алга болсны дараа тэр онгоцоороо намайг хайгаад л нисдэг байжээ. Ингээд намайг эмнэлгээс авч явна гэсээр байгаад онгоцондоо суулгаад явлаа. Онгоцонд суухад толгой эргээд ухаан алдах дөхсөн шүү. Тэгээд Валдайгаас нисч ангидаа ирээд тэндээсээ Москва руу эмнэлгийн нисдэг тэргээр ирлээ.

Москвад ирэхэд эмч нар намайг амьд үлдэхгүй л гэж байлаа. Өвчний түүхийг нь бичиж карт нээх хэрэг байна уу ч гэж бодсон гэдэг. Теребинский профессор ч намайг амьд үлдэнэ гэж бодоогүй гэсэн шүү. Би унтаж чадахгүй байсан болохоо надад нэг хэсэгтээ л морфин тарьж унтуулдаг байлаа. “Бие чинь яаж байна?” гэж асуухад нь би “Гайгүй болж байна аа” л гэж хариулна. Тэгсэн ч удалгүй хөл маань үхжиж эхэллээ. Ингээд 7 сарын 22-нд хагалгаанд орсон юм. Дараа нь наймдугаар сарын 23-нд надад хиймэл хөл авчирч өгсөн дөө. Би 7 хоногийн дараа л таяггүй явж сурсан.
Тэр үед сувилагч бүсгүй надад нэг сэтгүүл авчирч үзүүлээд “Лёша, чи энийг хараач. Английн нэг нисэгч хөлгүй ч гэсэн ниссээр л байгаа тухай бичсэн байна” гэж хэллээ. Би ч тэр тухай дуулаад жигтэйхэн сонирхож, тэр нисэгчийн тухай бичсэн хоёр нүүрийг нь гуйж авсан юмдаг. Чухам тэгэхэд л надад ахиад нисч чадах юм байна гэсэн итгэл төрсөн дөө. Энэ тухайгаа эмчдээ хэлсэн ч толгой сэгсрээд юу ч хэлсэнгүй. Намайг хянан шалгах комиссоор оруулах үест би хэдийн хиймэл хөлтэйгээ бүжиглэж сурсан байлаа. Би ч шууд л тэр комиссын дарга эмчтэй ярилцаад нисмээр байгаагаа ний нуугүй хэлсэн дээ. Тэр эмч анхандаа намайг хиймэл хөлтэй гэдгийг мэдээгүй байсан болохоор “Та нисэгч юм бол нисч бололгүй яахав” гэхээр нь “Гэхдээ би хиймэл хөлтэй л дөө” гээд үнэнээ өчсөн юм. Өнөө эмч надад итгэсэнгүй, нааш цааш хэд хэд явуулаад над руу харж инээмсэглээд “Та тэгээд үнэндээ нисмээр байна гэж үү?” гэж асуулаа. Би “Тийм ээ” гэж хэлээд “Та намайг хэр зэрэг явж чаддагийг үзмээр байвал өнөө орой клубт ирж үзээрэй” гэж хэллээ. Тэгээд тэр оройдоо клубт нэгэн бүсгүйтэй бүжиглэж, хиймэл хөлөө өөрийн хөл шигээ хөдөлгөж сурснаа үзүүлсний дараа комиссынхон намайг онгоц жолоодохыг зөвшөөрсөн түүхтэй.  
1943 оны 8 дугаар сар.

воскресенье, 27 марта 2016 г.

А.С.Пушкин - Буун дуу

I
Тэр үест бид *** сууринд байрлаж байлаа. Офицер хүний амьдрал ойлгомжтой шүү дээ. Өглөөдөө сургалтанд сууж, байрандаа эргэж ирээд, хороон даргынд, эс бөгөөс жүүдүүдийн уушийн газарт үдийн унд бариад, орой үдэш хөзөр тоглонгоо хэд гурван хундага дарсаар хоолойгоо норгоно. Тэр газарт ороод гарчих айл хунар нэгээхэн ч үгүй. Бүсгүй хүний тухайд бол бүр ярилтгүй ажээ. Хэдэн биенээсээ өөр хэн бугайг ч олж харах боломжгүй тийм буйдхан нөхцөлд нэг нэгнийхээрээ ээлж дараалан орж гарсаар өдөр хоногийг арай ядан өнгөрөөх авай.
          Бидэн дунд цэргийн бус нэгэн эрхэм байсан юм. Тэрээр гучин тав орчим настай тул бид түүнийг өөр хоорондоо өвгөн хэмээн хочилно. Нас намбаар биднээс хавьгүй ахмад тэрбээр бусаддаа зааж сургамжлах нь элбэг бөгөөд түүгээр ч үл барам түрэмгий зантай, түргэн хэлтэй, хэзээд уйтгарлан уруу царайлж суудаг мань хүн нас залуу бидний сэтгэлд хүчтэй нөлөөлж байсан нь мэдээжийн хэрэг билээ. Түүний төөрөг тавилан машид нууцлаг санагддагсан. Хараажийн орос хүн байх атал харь нэртэй ажээ. Нэгэн цагт гусарын цэрэгт алба хааж байсан гэх тэрээр цагтаа жаргалтай явсан гэдэг. Гэлээ гээд цэргээс халагдаж, энэ мэт тарчигхан сууринд суурьшсан нарийн учир шалтгааныг нь хэн ч олж мэдсэнгүй. Унах морьгүйн дээр үнгэгдэж ноорсон хар хүрэм нөмрөөд, үргэлж явган явахыг нь ажваас зутруухан аж төрдөг гэх бодол төрөвч манай хорооны офицерүүдийг цаг ямагт гэртээ урьж, ширээ засан дайлж цайлахыг нь үзвэл чинээлэг нэгэн гэлтэй. Энэ зуураа халагдсан цэргээр хоёр гуравхан төрлийн хоол хош бэлдүүлсэн байх хэдий ч оргилуун дарс гэдэг чинь ёстой л охь булаг лугаа адил урсан ундарна. Түүний бэл бэнчин, бэлэн орлого нь хэр зэрэг болох тухай мэдэх хүн үгүй бөгөөд үнэндээ тэр цагт түүнээс энэ тухай асуух зүрхтэй хүн байгаагүй юмдаг. Гэрт нь цэрэг армийн сурах бичиг болоод уран зохиолын романууд байгаа нь нүдэнд тусна. Номоо бидэнд зээлж уншуулахдаа ер дургүйцэхгүйн зэрэгцээ эргүүлж үл нэхэх нь тааламжтай. Харин өөрөө бол өрөөл бусдаас ном зээлж авбал эзэнд нь эргүүлж өгнө гэж ярилтгүй дээ. Тэр гар буугаар буудаж сургуулилт хийсээр өдрийг авна. Гэрийнх нь хана туурга тэр аяараа зөгийн үүр аятай сумны нүхээр сийчигдсэн байдагсан. Элдэв янзын эрээвэр хураавар гар буунууд л түүний навсархай оромжинд өнгө зүс нэмэх ажээ. Тэрээр ихэд ончтой буудах тул манай хорооны хэнбугай ч толгой дээрээ лийр тавиад түүгээр онож буудуулахаас татгалзахгүй дэг ээ. Бидний хэдэн офицер цуглаж суугаад яриа хөөрөө дэлгэхдээ ирүүл тулааны тухай сөхөх нь энүүхэнд ч Сильвио (түүнийг ийн нэрийдье) үг нэмэрлэж байсан удаагүй. Ирүүл тулаан хийж явсан уу гэж асуухад “Нэгэнтээ үзсээн” гэж хариулах ч тоймтой зүйл өгүүлсэнгүй. Энэ тухайгаа бусдад хүүрнэх дургүй бололтой. Ирүүлд дуудсан нэгнээ цааш нь харуулчихаад л энэ мэт дотроо шаналж явдаг болов уу гэж бодсон юмсан. Ер нь бид түүнийг нунж дорой нэгэн гэж төсөөлж байсангүй. Хатан зоригтой нь хараажаар тодорхой улс байдаг шүү дээ. Чингэтэл дор өгүүлэх хэрэг явдал биднийг мөн ч гайхшруулан алмайруулж билээ.
          Нэгэн удаа манай хорооны өнөө хэдэн офицер Сильвиогийнд үдийн зоог барьж суув. Бид ердийнхөөрөө ихээхэн ууж халамцаад, төд удалгүй гэрийн эзэнтэй хөзөр тоглохоор тохирлоо. Сильвио эхэндээ тоглохгүй гээд багагүй цааргалсан ч бид түүнийг шалсаар байгаад ямар ч атугай зөвшөөрүүлж чадав. Тэр эцсийн дүндээ ширээн дээр тавин зоос асгаж, хөзрөө хольж эхлэвэй. Бид тоглоомыг ажин ширээ тойрч зогслоо. Сильвио хөзөр тоглохдоо ер нь үг дуугардаггүй зантай. Хүнтэй маргаж, тайлбар тавьдаггүй. Хэн нэгэн тоглогчийн мөнгө дутвал өмнөөс нь төлөөд, эс бол өрийн данс хөтөлнө. Бид түүний ааш авирыг мэдэх учир этгээд зан гаргахад нь ер садаа болохгүй. Тэр удаад манай хороонд томилогдож ирээд удаагүй байсан нэгэн офицер бидэнтэй цуг явсан юм. Тэрбээр санамсаргүй байдлаар нэг хөзрийн буланг нугалж хожиход Сильвио түүний хожлыг тооцсонгүй, шохой аваад тэмдэглэл хөтөллөө. Тэгмэгц өнөөх офицер булхайцсанаа хүлээн зөвшөөрч, тайлбар тавьж эхэлбэл Сильвио аанай л чимээгүй суусаар л... Сайхь офицер ч тэсгэл алдаад хийсэн тэмдэглэлийг нь арчиж орхивол Сильвио цэрд авч өнөө тэмдэглэлээ ахиад л бичлээ. Дарсанд халж, тоглоомондоо уусаад, танил залуусын инээд хөөрт бүрнээ автсан залуу офицер дээрх үйлдлийг өөрийг нь ихэд дорд үзэж буйн илрэл хэмээн ухаж ойлгоод, ширээн дээр байсан лааны хүрэл суурьтай тавиурыг шүүрч аван сэхээ авахын завдалгүй Сильвиогийн өөдөөс шидчихэв. Сильвио бултаж амжсан ч уур унтуугаа барьж ядаж байгаа бололтой. Царай нь цонхийсон ч нүд нь жигтэй ихээр гялтганаж “Эрхэм ээ, та эндээс гарч болгооно уу. Хэрэв та өөр газар энэ мэт ёс бус авирласан баймааж нь би таныг тэр дор нь буудаж орхих байлаа” хэмээн уужуу тайван хэлчихүй.

          Бид ч шинэхэн танилаа зүйл дууссан гэдэгт эргэлт буцалтгүй итгэсэн юмдаг. Офицер залуу бусдыг доромжлон гутаасныхаа төлөө хариуцлага хүлээхэд хэзээд бэлэн гэдгээ ний нуугүй өгүүлээд, тэр дороо гадагш гарлаа. Тоглоом үргэлжилсэн ч гэрийн эзэн цаанаа л нэг дүнсийгээд, оюун бодлыг нь онхи ондоо зүйл эзэмдэж буйг гадарласан бид хэд “Ирүүл тулаан ч гарцаагүй болох нь дээ” гэлцсээр нэг нэгээр тарж одов.
          Маргааш өглөө нь хэдүүл дор бүрнээ байрандаа байх үестээ “Хөөрхий муу дэслэгч амьд байдаг болов уу?” хэмээн таамаглан суух зуур өнөө залуу өөрийн биеэр ороод ирлээ. Өнгөрсөн шөнө юу болсон тухай сониучирхвал “Сильвиогоос сураг сонссонгүй” гэх нь тэр. Бид ч үүнд нь гайхав. Сильвиогийнд очвол тэрбээр хашаан дээрээ хөзрийн тамга хадаад, сумаа тэр хөзрийн тэхий голд нь, дээр дээрээс нь давхарлуулан зоож зогслоо. Сильвио биднийг ерийнхөөрөө хүлээж аваад, өчигдрийн явдлын тухай ахиж сөхсөнгүй. Түүнээс хойш гурван өдөр өнгөрсөн ч дэслэгч залуу амьд мэнд хэвээр ажээ. Сильвио тулалдахаас татгалзаж байгаа нь энэ үү гэж бодогдоход өөрт хачин жигтэй мэдрэмж төрнө. Үнэндээ Сильвио тэр залуутай буудалцсангүй. Өршөөл эрсэнд нь сэтгэл ханаад, өнөөх залуутай эвлэрсэн бололтой.

           Үнэнийг өчихөд, залуусын нүдэнд энэ нь түүний нэр хүндэд багагүй сэв суулгах болчимгүй үйлдэл мэт харагдаж болох байлаа. Шулуун шударга зан чанарыг бусдаас илүү дээгүүрт тооцдог залуу халуун насанд хулчгар зан гаргасан этгээдийг нэг нүдээрээ ч үздэггүй нь ёс гэлтэй. Түүнчлэн зоригтой хүн золигийн зантай байсан ч түүнийг нь уучлан өршөөх нь бий. Гэсэн хэдий ч өдөр хоног өнгөрөхийн хэрээр уг явдал мартагдаж, Сильвио урьдын адил нэр нөлөөтэй хэвээр үлдлээ.
          Гагцхүү би л түүнтэй урьдын адил төдийлөн дотносож чадсангүй. Би гэдэг хүн угаас гэгэлгэн дэврүүн сэтгэлтэй учраас оньсого мэт хувь заяатай, нууцхан үүх түүхтэй түүнд бусдаас илүүтэй татагддаг байж дээ. Тэр ч надад сайнаар ханддаг байсан юм. Ямартаа ч хамт байхад түүний хорон үг хэлэх нь арай л цөөрөөд, эгэл жирийн хүний хувиар амьдралын эмх замбараагүй хийгээд эрээн бараан явдлын тухай энгүүн яриа дэлгэх нь бий. Гэвч түүний нэр төрд сэв суусан тэр нэгэн үдшээс хойш чухам ямар учраас бүхнийг өршөөж, нэр хүндээ зохих ёсоор нь сэргээсэнгүй вэ гэж бодоход сэтгэл хөндүүрлээд, өмнөх лүгээ аминчлан ярилцах нь эрс цөөрсөн биз ээ. Тэр явдлаас хойш би Сильвио руу эгцлэн харахаас сэтгэл зовнингуй явсан гэж хэлж болно. Хал үзэж, хатуужиж ухаажсан Сильвио үйл хөдлөлийг минь анзаарч, үзэл бодлыг минь таамагласан нь лавтай. Энэ тухай эргэцүүлэх бүрдээ ихэд зовиурладгийг нь би гадарласан юм. Ямар ч байсан хоёр удаа надтай ярилцах гэж хичээхэд нь би дөлсхийгээд, сүүлдээ тэр ч төдийлөн энэ тухайд ач холбогдол өгөхөө болилоо. Түүнээс хойш бид хоёр нэг хэсэгтээ нүүр нүүрээ харж уулзсангүйгээр барахгүй урьд өмнөх шигээ илэн далангуй ярилцан суухаа больж билээ.
          Нийслэл хотын оршин суугчид яагаад жижиг тосгон суурингийн ард иргэд ахуй, орчноос нь ангид л бол өчүүхэн ч атугай зүйлд өрвөсхийж, ялих ялихгүй юманд машид анхаарал хандуулдгийг тэр бүр ойлгохгүй л дээ. Энэ мэтчилэн бид ямар учраас шуудан ирэх өдрийг тэсэн ядан хүлээдгийн нарийн учрыг ч сайн ухаарахгүй буй заа. Долоо хоногийн мягмар, баасан гаригуудад хорооны маань бичиг хэргийн газарт захиа занаа, сонин хэвлэл, мөнгө төгрөг хүлээсэн хүмүүс битүү шавчихна. Илгээмж, захиа авсан нь тэр даруй түүнийгээ задалж, сонин сайхан дуулгах тул бичиг хэргийн газарт дуу шуу тасрах нь үгүй. Сильвио мөн л манай хорооны хаягаар захидал хүлээж авдаг байлаа. Нэг удаа хүлээж авсан захидлынхаа дугтуйн дээр дарсан лацыг тэр дор нь хуулж аваад, өнөөх захидлаа гүйлгэн уншихад нүд нь илтэд гялалзаж үзэгдэв. Захиагаа уншиж байсан офицерүүд түүнийг тогтоож ажигласангүй гэхэд болно. Гэнэтхэн Сильвио “Эрхмүүд ээ, би эндээс явах яаралтай ажилтай боллоо. Өнөө орой гарах төлөвтэй байна. Тиймээс та хэд манайд сүүлчийн удаа зоог барихаас татгалзахгүй гэдэгт итгэж байна аа. Та ч бас хүрээд ирээрэй. Заавал ирнэ шүү” гэж хэлэхдээ өөдөөс минь цоргитол ширтсэн юм. Тэр ингэж хэлмэгцээ гарч явсан бөгөөд бид хэд Сильвиогийнд уулзахаар цаг тогтоод, тал тал тийш тарцгаалаа.

          Сильвиогийнд болзсон цагтаа хүрч очвол манай хорооныхон тэр аяараа тэднийд цуглажээ. Анд маань жаал жуулхан эд хогшлоо эмхэлж цэгцэлсэн тул хаашаа л харна суманд сийчигдсэн хоосон хөндий хана туурга л үзэгдэнэ. Бид ширээнд суухад гэрийн эзэн жигтэйхэн хөөрсөн болох нь анзаарагдлаа. Удалгүй бид ч түүнийг дагаж хөхөн баясаад, энд тэндгүй оргилуун дарс буудуулж, хундага харших чимээ дуулдан, бид бүгд аян замд гарч буй анд нөхөртөө сайн сайхан бүхнийг хүсэн ерөөцгөөв. Чингээд харуй бүрий болсон хойно гэр гэрээдээ харьцгаахаар бослоо. Манайхан үүдний бяцхан пинд өөр өөрсдийн малгайгаа олж байх хооронд Сильвио намайг гарахын даваан дээр гараас минь бариад “Тантай хоёр гурван үг солих хэрэг байна” гэж дуулдах төдий өгүүлсэнд би тэрүүхэндээ сэрхийсэн ч тэднийд үлдлээ.

          Зочид гийчид тарж одмогц хоёул өөд өөдөөсөө харж суугаад гаансаа нэрж, утаа баагиулав. Сильвио ямар нэгэн зүйлд туйлын их санаа зовж байгаа нь харваас илэрхий ажээ. Өнөөх цалгисан баяр хөөр нь ч ул мөргүй алга болсон байх юм. Царай нь цонхийж, нүд нь гялтганаад, амнаас нь өтгөн утаа суунаглахыг зэрвэс харсан хэн нэгэн жихүүцэж зэвүүрэх нь лавтай. Хэдэн хормын дараа Сильвио ам нээв.
-         Та бид хоёр ахиж уулзахгүй л болов уу. Тиймдээ ч эндээс явахаасаа өмнө тантай хэдэн үг сольюу гэж бодлоо. Би ер нь бусдын санаа оноог сонсоод байдаггүйг та мэдэх биз ээ. Гэхдээ танд бол онцгой ханддаг шүү дээ. Тийм ч учраас ингээд хэл үггүй яваад өгч боломгүй мэт саналаа гэж хэлээд гаансандаа тамхи нэмэхэд нь би дуугүй л сонсож суув.
-         Архиндаа халамцаад аархаж намайг доромжилсон Р**-тэй буудалцаагүйд та жигтэйхэн гайхаж хоцорсон биз. Хэрвээ би түүнийг ирүүлд дуудсан бол зэвсгээ сонгох бүрэн эрхтэй байлаа. Тиймдээ ч түүнийг төвөггүйхэн цааш нь харуулчихаж дөнгөх байсан шүү дээ. Түүний амь нас үнэндээ миний гарт байсан. Харин надад барагтай бол аюул учрахгүй гэдгийг та юу эс андах вэ. Би түүнд өгөөмөр хандсан гэж өөрийгөө дөвийлгөж болох авч худал хэлмээргүй байна. Р**-ийг ирүүлд дуудсан ч өөрийнхөө амь амьдралыг юман чинээ тооцоогүйсэн бол би хувьдаа өөрийгөө өршөөхгүй байлаа.
Түүнийг ингэж хэлэхийг дуулаад би багагүй гайхсан юмдаг. Сильвио залгуулаад:
-         Би өөрийн амь биеэ золиосолж болохгүй нарийн учиртай юм л даа. Зургаан жилийн өмнө би нэгэн эрхэмд доромжлуулсан юм. Тэр этгээд өдгөө ч амьд мэнд яваа гэж өгүүлэхэд нь тэр даруй миний сонирхол төрж:
-         Та түүнтэй буудалцаагүй юм аа даа? Нөхцөл байдал тэгж эргэжээ дээ, янз нь? гэж асуувал тэрээр:
-         Би буудалцсаан. Түүнтэй буудалцаад ийм дурсгалтай үлдсэн гэж хэлэхдээ цаасан хайрцган дотроос алтан эмжээртэй улаан малгай гаргаж ирээд өмсвөл духнаас нь хэдхэн ямхын дээр сумны цоорхой байгааг би олж харав.
-         Намайг гусарын *** хороонд алба хааж байсан тухай та лав дуулаа байлгүй. Та ч миний зан аашийг андахгүй сайн мэднэ шүү дээ. Би явсан газар бүртээ бусдыг манлайлж, олныг дагуулж явах дуртай хүн. Намайг залуу ахуйд онгироо ойворгон зантай байх нь нэг ёсны давуу тал болдог байсан юм. Би ч хороондоо хэнийг ч урдаа гишгүүлдэггүй явлаа. Хэн нь илүү архи дарс уухаар мөрийцөхөд Денис Давыдовын яриад байдаг өнөөх Бурцовыг би давж гарсан удаатай шүү. Хорооныхон маань ирүүл хийхгүй өнжинө гэж үгүй. Ирүүл болоход би гэдэг хүн гэрч, эсхүл гол дүрд нь тоглоно доо. Хорооныхон маань надад их сайн. Харин цаг үргэлж халагдаж солигддог байсан дарга даамлууд надаас ёстой л дөлөх шиг болно.

Ингээд би гэдэг хүн нэг ёсондоо тэндээ дархлагдсан амьтан болж хувираад багагүй хугацаа өнгөрч байтал удам судар сайтай, чинээлэг айлын залуу офицер манайд хуваарьлагдаж ирэв ээ. Би ер нь түүн шиг азтай, одтой хүнтэй энэ насандаа таарч яваагүй дээ! Тэр залуу насаар надаас дүүмэд, царай зүс сайтайн дээр ухаалаг сэргэлэн нэгэн ажээ. Наргивал наргисан шиг наргидаг, зоригтой бол зоригтой, нэртэй бол нэртэй, бэлтэй бол бэлтэй, мөнгөөр тасардаггүй ийм нэгэн эрхэм эргэн тойронд сүүтэгнээд эхлэхээр би гэдэг хөөрхийлөлтэй амьтан болж харагдсан нь тодорхой. Анги нэгтгэлдээ л толгой цохиж явсан би бээр байр сууриа эрхгүй алдаж эхэллээ. Намайг хэрэндээ нэр нөлөөтэй байсан учраас тэрбээр эхэндээ надтай ойртох гэж мөн ч их оролдсон доо. Гэлээ ч би түүнийг өөртөө халгаасангүйд тэр ч удалгүй надаас зайгаа барьж одов. Би түүнийг үзэн ядсан гэхэд хэтрүүлсэн хэрэг болохгүй ээ. Тэрээр манай хороонд улам их нэр нөлөөтэй болохын зэрэгцээ охид бүсгүйчүүл түүнд ихэд талтай хандаж эхэлсэнд нь би ёстой л галзуурахаа дөхөж билээ. Би өчүүхэн зүйл дээр өө сэв хайн, муудалцах шалтгаан эрэлхийлэх боллоо. Хорон үг хаяхад минь тэр эргүүлээд над руу бусармаг үг чулуудна. Надаас илүү хорон үгтэй ч хошин зантай тул би дотроо бачуурч явлаа. Ингээд тэр удаад Польшийн газрын эзнийд болсон найран дээр урьд өмнө надтай холбоотой явсан гэрийн эзэгтэйн анхаарлыг ихэд татаж байгааг нь олж хараад би бээр түүний чихэнд доромж үг сэмхэн шивэгнэчихэв. Тэр дүрсхийтэл уурлаад намайг шууд алгадаад авсан юм. Бид хоёр хоёул сэлмээ шүүрч авбал тэнд цугласан эмс хүүхнүүд дуу алдан хашгирцгааж, эрчүүд нь биднийг салгалаа. Тэр шөнөдөө бид хоёр ирүүл тулаан хийсэн дээ.

Тэгэхэд үүр дөнгөж хаяарч байв. Би гурван гэрчээ дагуулсаар болзсон газраа ирээд, дайснаа тэсэн ядан хүлээв ээ. Хаврын урь орж эхэлж байсан тул нар наашлаад, бүлээн салхи зөөлнөөр сэвшин үлээнэ. Удалгүй би түүний ирж явааг тэртээ холоос олж харсан юм. Тэр цэргийн дүрэмт хувцсаа жавхайтал өмсөөд, хуйвтай сэлмээ зүүсэн байх агаад ганцхан гэрчтэй ирж яваа үзэгдэв. Бид ч өдөөс нь дөхөөд очлоо. Тэгтэл мань хүн чий жимсээр дүүргэсэн малгайгаа бариад явуут дундаа нэг нэгээр нь үмхлэх юм. Дөрвөн гэрч маань бид хоёрыг арван хоёр алхмын зайд зогсоов. Хэдийгээр би эхэлж буудах ёстой байсан ч туйлын их сандарч байсан учраас гар салгалж, онож буудна гэдэгтээ багагүй эргэлзээд, жаал уужрах санаатай эхэлж буудах эрхээ түүнд шилжүүлэв. Тэгсэн чинь өрсөлдөгч маань эхэлж буудахгүй гээд зүтгэлээ. Шодоод үзвэл аз нь гийсэн сайхь эр эхэлж буудахаар болох нь тэр. Тэр сайтар шагайж байгаад буудсан ч малгайг минь цоо буудчихсан даа. Ингээд миний ээлж ирэв ээ. Түүний амь амьдрал тэр аяараа миний гарт орлоо. Үхлээс айж эмээх болов уу гэж санасандаа эгц өөдөөс нь тогтуун гэгч нь ширтсэн юмсан. Гэтэл тэрбээр малгайн дотроосоо болсон жимсийг нь түүж амандаа хийгээд, ясыг нь хээв нэг нулимж зогсов. Амь насаа юман чинээ бодохгүй байгаад нь би хэрэндээ л эгдүүцэж “Тэртээ тэргүй амь амьдралаа үнэлэхгүй яваа хүнийг хороогоод яах ч юм билээ?” гэсэн бодол зурсхийгээд, гар буугаа буулгаж “Эрхэм ээ! Таны хувьд өглөөний ундаа уух нь өмнө чинь тулаад ирсэн үхлээс илүүтэй чухал байгаа бололтой. Би танд саад болоод юу хийнэ” гэвэл “Та надад саад болоогүй ээ. Буудвал бууд. Гэхдээ өөрөө л мэд. Таны буудах ээлж юм хойно хэзээ л бол хэзээ буудаж болно шүү” хэмээв. Би гэрчүүддээ хандан одоо буудах хүсэлгүй байгаагаа дуулгаж, тэр удаагийн тулаан ийнхүү өндөрлөсөн дөө.
Төд удалгүй би чөлөөндөө гарч, энд ирж суурьшлаа. Ирснээсээ хойш би өдөр бүрийд уг явдлын тухай эргэцүүлсээр явсан бөлгөө. Харин одоо өшөөгөө авах цаг минь иржээ...

Сильвио ингэж хэлээд халааснаасаа өглөөхөн авсан мөнөөх захидлаа гаргаж ирээд, надад уншуулав. Ажил хэргийг нь эрхлэн явуулдаг түнш нь түүнд энэ захидлыг Москвагаас илгээжээ. Тэр захидалд нөлөө бүхий нэгэн эрхэм удахгүй хуримаа хийх гэж байгаа тухай дуулгасан ажгуу. Сильвио:
-         Захианд дурдсан энэ эрхэм хэн болохыг та таагаа байлгүй. Би Москва руу явлаа. Хуримаа хийхийн өмнө үхэлтэй тулгарвал жимс идэж зогссон лугаа адил тоомсоргүй хандах нь уу? Харъя байз гэж хэлэнгээ малгайгаа тайлж босоод өрөөн дотуур нааш цааш холхив.
Би түүний яриаг чимээгүй сонсож суухад сэтгэл хоёрдох ажээ. Сильвиогийн бараа бологч “Морьд бэлэн боллоо, эзэнтээн!” гэсээр орж ирэхэд тэрээр намайг андын ёсоор тэвэрч үнсээд, Орос заншлаар салах ёс гүйцэтгэлээ. Морин тэргэн дээр хоёр чемодан байхын нэгэнд тэрбээр гар буунуудаа, харин нөгөөд нь хувцас хэрэглэлээ эмхлэн хийжээ. Бид хоёр ахин салах ёс хийсний эцэст морьд урагш ухасхийн тэртээд давхин одлоо.

среда, 17 февраля 2016 г.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлсэн үгс

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлсэн зарим үгс тун чиг этгээд содон ажээ.
Ажиглагчид түүнийг хавар, намрын цагт хачин үг хэлэх нь элбэг болохыг тогтоожээ. Саяхан би нэг сайтаас түүний хэлсэн үгсийг уншаад багагүй инээлээ. Тэгээд орчуулж оруулмаар санагдлаа.
Беларусь маань ангалын ирмэгт байхад би урагш алхахад нь тусалж билээ.
Беларусийн ард түмэн тааруухан амьдрах ч золоор тэр нь удаан үргэлжлэхгүй.
Би бурхангүй үзэлтэй л дээ. Гэхдээ үнэн алдартан тал руугаа хэлбийсэн бурхангүй үзэлтэн хүн юм.
Газрын тос хаа нэгтээ байгаа л гэж бодогдоод байх юм. Газрын тос байгаа юм чинь хажууханд нь байгалийн хий байж л таарна. Миний бодлоор бид газрын гүнээ сайтар судлах ёстой юм шиг ээ. Ямар ч л байсан юм олохдоо л олж таарна. Юм хайсан хүн түүнээ олохгүй байна гэж түүхэнд байхгүй дээ.
Та нар бороо оруулаач гэж хүссэн. Би та нарт бороо оруулж өгсөн шүү.
Манай гэр бүлүүд нэг, эсхүл нэг хагас, үгүй ихдээ л хоёр хүүхэдтэй байна шүү дээ.
Би л хувьдаа улс орноо соёл иргэншсэн дэлхий дахины араас дагуулж явахгүй дэг.
Өндөгөө (бөлдөгөө ч гэж хэлж болох юм. Орос хэлэнд бөлдөгийг өндөгтэй ижил нэг үгээр хэлдэг) бариад автал сүү татарчихдаг, үгүй мөн хачин аа.
Би тэдэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлнээ, гэхдээ зэвсгээр.
Мэргэжил маань ч тэр, гарал үүсэл маань ч тэр угаасаа эдийн засагч л даа.
Манай төр засгийн дарангуйлал хэнд ч тэр ажиллаж амьдраад хөгжиж дэвшихэд нь садаа болоогүй л байна.
Бид энэхүү асуудлыг явцуухан хүрээнд тоотой хэдэн хүнтэйгээ зөвлөж шийдсэн л дээ.
Би л хувьдаа муусайн зальтай этгээдүүдтэй, тэр дундаа Оросын талтай хувьцаа хувааж авахгүй дэг.
Бид тэрхүү хавчиг нарийн газрыг тэлж, төрөлтөө нэмэгдүүлнээ.
Хэдийгээр би хөлбөмбөг, хоккей тоглох дуртай ч ихэнхдээ ганцаараа тоглодог юм.
Би шударга улстөрд дуртай. Тиймдээ ч шударга зангаасаа болж 15 жил зовж явна.
Тэтгэврийнхэн яагаад үнэгүй явах ёстой гэж? Эмийн сан, дэлгүүр хоршоо нь тэртээ тэргүй хажууд нь байхад хол явах бол мөнгөө төлөөд яв л даа. Үгүй бол тэр эмийн сан, дэлгүүр хоршоо барьсаны хэрэг юу байнаа?
Та нар өвчтэй зовлонтой гэж надад гомдоллоод яах вэ? Тэртээ тэргүй засгийн газраар дүүрэн өвчтэй хүмүүс мундахгүй байна.
Багадаа би өвс ургамал, ан амьтнаар хүрээлүүлэн өсч билээ.
Эрх мэдэл нэртэй идэш уушны газарт орсон улаантан ч бай, цагаантан ч бай бүгд л адилхан мөөрдөг юм. (Возле кормушки, имя которой власть, все хрюкают одинаково: и красные, и белые.)
Улс орон маань амгалан байвал ухаан санаагаа алдсан ч яахав.
Одоо тулгараад байгаа хүнд нөхцөл байдлыг бид тодорхой хэмжээгээр өөрөө өөрсдөө бүрдүүлсэн гэж хэлж болно. Гэлээ гээд хүндрэл бэрхшээлээ давгүй л туулаад явж байна.
Беларусийн ард түмний амьдралын түвшин зарим талаараа өвдөгнөөс ч доогуур аж. Үгүй үүнээс доогуур байна гэж хаа байхав дээ.
Миний аав ч Дэлхийн II дайны үеэр амь үрэгдсэн. (Лукашенко 1954-8-30-нд төржээ)
Зааланд ортол аэробикоор хичээллэж байна аа. Би ямар урьд өмнө аэробикоор хичээллэхийг харж байсан биш. Тэр бүсгүйчүүдийг хараад л "Цанаар гулгуулбал ч мөн сайхан гулгах хүмүүс юм" гэж бодсон доо.
Беларусийн ард түмэн ёстой л зориг гаргаж намайг ерөнхийлөгчөөр сонгосон. Иймэрхүү явдал түүхэнд тохиолдох нь ховор л доо. Цаашдаа ахиж тохиолдох ч үгүй биз.
Ингэж хэллээ гээд намайг хэтэрхий бардам юм гэж битгий бодоорой. Гэхдээ Ельцин надтай теннис тоглоод барж байгаагүй. Коржаков, Лужков ч тэр. Лужков бүр 3 удаа хожигдсон шүү. Сүүлийн удаа Лужков бид хоёр 5 000 тонн цөцгийн тосоор тоглосон юмдаг.
Намайг дарангуйлагч дарангуйлагч л гэх юм. Гэлээ гээд ингэж хэлүүлэхэд давуу тал бас байнаа. Би чинь хамгийн сүүлчийн дарангуйлагч шүү дээ! Би байгаагүй бол та нар дарангуйлагчтай ярилцаж үзэх байсан уу, ер нь? Айн?
Уудаг хүнээс эрүүл саруул хүүхэд төрөхгүй л дээ. Үүнтэй л бид тууштай тэмцэх ёстой юм. Үгүй бол нэг нөхөр уучихаад л хүүхэд хийгээд гаргачихдаг. Тэгээд өнөө хүүхдийг нь муу Лукашенко өсгөх болдог. Манай оронд 35 000 ийм хүүхэд байна.
Би бол улс орны ерөнхийлөгч. Намайг ерөнхийлөгч байгаа цагт улс орон маань оршсоор байх болно.

суббота, 28 ноября 2015 г.

Нидерландын зураач Винсэнт Ван Гог дүү Теодоо бичсэн захидлаас

“Хааш хаашаагаа гуч гучийн хэмжээтэй зураг зурснаа таталбар болгон чамд явууллаа. Одот тэнгэрийн энэхүү зургаа би шөнө дөлөөр хийн дэнгийн гэрэлд буулгасан юм. Энд тэнгэр ногоорон хөхөрч, ус цэнхэртэн цэлэлзэнэ. Газар хөх ягаан туяатай байх агаад хот суурин үзмэн хөх өнгөөр тунаран үзэгдэнэ. Дэнгийн гэрэл сүүмэлзэж, алт шиг шаргал туяа нь боронзон ногоон өнгөтэй болон хувирах аж. Хөх ногоон тэнгэрийн уудамд долоон бурхан од сүүмэлзэх нь дэнгийн алтан шаргал туяатай чанх эсрэгцэнэ. Харин урдхан талд нь дурлалт хосын өнгөлөг дүрс тодорно.” (1888 он)
“Одот тэнгэрийг харах бүрдээ би газрын зураг дээр цэг төдийхөн тэмдэглэсэн хот сууринг ажаад бодолд автдаг лугаа адил элдвийг мөрөөдөх юм. Тэнгэрт гялалзах эл цагаан цэгүүд Францын газрын зураг дээр харлан үзэгдэх цэгүүдээс тэртээ хол төсөөлөгдөх учиртай гэж үү? Бид галт тэргэнд сууж Руан, Тараскон ордогтой нэгэн адил үхэл биднийг мөнөөх оддын зүгт хөтлөх бөлгөө. Гэхдээ ингэж бодлоо гээд ганцхан зүйл л үнэнд нийцэх мэт. Бид амьд ахуйдаа энэ одод руу очиж чадахгүйтэй ижил өөд болсон хойноо ч галт тэргэнд сууж чадахгүй шүү дээ. Тахал, тэмбүү, сүрьеэ, хорт хавдар зэрэг нь хөлөг онгоц, галт тэрэгнээс өөрцгүй хөх тэнгэрийн уудамд зорчих тээврийн хэрэгсэл ч юм бил үү, хэн мэдэх вэ?”

вторник, 20 октября 2015 г.

Шэнь Цунвэнь “Би эмч биш. Жор бичиж чадахгүй ч зохиолч хүний хувьд өөрийгөө хүний сэтгэлийг эмнэдэг гэж хэлж болох шиг санагдах юм”

Хятадын зохиолч Шэнь Цунвэнь (жинхэнэ нэр нь Шэнь Юэхуань) 1902 онд Хунань мужид мяо үндэстний гэрт мэндэлжээ. 1917-1918 онд гарсан Уран зохиолын хувьсгал зохиолчийн маань уран бүтээлд ихээхэн нөлөөлсөн юм. Зохиол бүтээлүүдэд нь амьдралын мөн чанар, эх нутгаа гэсэн сэтгэл нэвт шингээстэй байдаг.
Тэрээр 1926 онд өгүүллэгийн анхны түүврээ хэвлүүлж, 1947 он хүртэл нийт 70 гаруй ном зохиол хэвлүүлснээр дүочань зүозиа буюу үр бүтээлтэй зохиолч хэмээн нэрлэгдэх болжээ. Шүүмжлэгчид зохиол бүтээлүүдэд нь ангийн тэмцэл алга гэж шүүмжилдэг байсан бөгөөд уншигчид түүнийг зүрх сэтгэлийн дууч хэмээн нэрлэж байсан билээ. Шэнь Цунвэнь Чөлөөлөх дайны үеэр багшилж байсан сургуулийнхантайгаа Юньнань муж руу шилжиж, удалгүй Бээжинд эргэж ирээд утга зохиолын сэтгүүлийнхэнтэй хамтран ажиллах болсон юм. Зохиолч маань 1957 оноос хойш зохиол бичээгүй аж. Үүнийгээ “Зохиол бүтээлээ тухайн үеийн үзэл сурталд нийцүүлэх боломжгүй байсан” гэж тайлбарласан байдаг. Соёлын хувьсгалын жилүүдэд гэр оронг нь найман ч удаа нэгжиж, 1969-1971 онд Хүбэй мужид цөлөгдөн хүнд хүчир ажил хийж явжээ. Уншигчид их зохиолчийн зохиол бүтээлүүдийг 1980-ад оноос ихээхэн сонирхож эхэлсэн нь угтаа тэр үед хүний сэтгэлийг өгүүлсэн зохиол бүтээл туйлын хомс байсантай шууд холбоотой билээ. Үүний зэрэгцээ Шэнь Цунвэнийг 1980-ад онд хоёр ч удаа Нобелийн шагналд нэр дэвшүүлж байлаа. Эдүгээ зохиол бүтээлүүдийг нь дөчөөд хэлнээ хөрвүүлжээ.
Тэрбээр цэрэгт алба хааж байхдаа Сычуань, Хунань, Гүйжөү мужуудын зааг дээр байх хэд хэдэн суурингаар аялж, тэндхийн номин ногоон уул нуруу, үзэсгэлэнт байгалд татагдан энэ газар орныг сэтгэлдээ тээсээр хожмоо Боомт хот хэмээх энэхүү туужийг туурвисан түүхтэй.
Энэ бүтээлд хүмүүс амьдралын элдэв нөхцөлд хүлэгдэн алдаж онож явдаг тухай өгүүлсэн нь үнэн хэрэгтээ зохиолч хүн чухамдаа юу мэдэрч, юу санаж, юунд тэмүүлж явдгийг дүрслэх гэж оролдсоных юм. Түүнийг романтик зохиолч гэж хэлж боломгүй. Зохиол бүтээлүүдээс нь сэтгэлийн дуудлага гэхээс илүүтэй амьдралын эрч хүч мэдрэгддэг. Шэнь Цунвэнь “Би гагцхүү хүний зүрх сэтгэлийг дээдэлдэг сүм байгуулахыг хүснэм” хэмээн ярьдаг байжээ.
Зохиолч маань 1917-1922 цэрэгт алба хааж, 1923 оноос Бээжинд суралцжээ. Тэр үед мөнгө санхүүгийн боломжгүй байсан учраас Бээжингийн Их сургуулийн төлбөргүй хичээлүүдэд сууж, хажуугаар нь өгүүллэг, шүлэг бичдэг байлаа. 1931-1933 онд Циндаогийн Их сургуульд багшилж, 1934-1939 онд бага сургуулийн хятад хэлний сурах бичгүүдийг хянаж, 1939-1947 онд Күньминий Их сургууль, 1947-1949 онд Бээжингийн Их сургуульд багшилж байгаад 1978 он хүртэл Бээжин дэх Хятадын түүхийн музейд судлаачаар ажиллажээ. Улмаар судалгааныхаа ажлын хүрээнд Хятад торго, Тан, Сүн улсын хүрэл толь, Байлдаант улсын үеийн лакдсан эдлэл, Эртний Хятадын өмсгөл зүүсгэл зэрэг бүтээл гаргасан байна.

ШЭНЬ ЦУНВЭНЬ - БООМТ ХОТ

НЭГ
Сычуань, Хунань хоёр мужийг холбосон замын зүүхэн талд нэг жим бий. Энэ жим Хунань мужийн баруун захаас холгүй байх Чадун гэх уулын жижиг суурингийн зүг хөтлөх бөлгөө. Тэнд нэг горхи мэлтэгнэн урсах агаад зүүн талд нь цагаан суварга сүндэрлэн харагдана. Энэ суваргын зэргэлдээ нэгэн өрх аж төрнө. Тэр айлд нэг хөгшин, бүсгүй хүүхэд, шар нохой гурав л байх ажээ.
       Жижиг горхи уулын хормойгоор тохойрч урссаар гурван бээрийн цаанатаа байх Чадуны голд цутгадаг. Энэ горхийг гаталж, тэр уулыг давбал бээр хэртэй яваад Чадун суурингийн захад хүрэх юм. Нумран урсах горхины эрэг даган сүндэрлэх сүрлэг уул энэ горхийг хөвчлөн татсан мэт үзэгдэнэ. Тэр горхи өргөөшөө хорин алд орчим. Голдирол хаялга нь тэр аяараа том чулуугаар хучигдсан бөгөөд намуухан мэлтэлзэх ус нь жаахан өндөрлөг газраа хүрвэл доош урсахгүй, чулуун аяганд байгаа юм шиг хашигдсан мэт хэсэгтээ хуралдан тогтох авч толь мэт тунгалаг хэвээрээ. Уснаа урсах загас жараахайг нь хүртэл тоолж болмоор. Энэ горхи болвоос Сычуань, Хунань мужуудын хоёр захыг холбосон гарам юм. Нутгийнхан хөрөнгө чинээ тааруухан тул дээгүүр нь гүүр тавьсангүй. Нэг гатлага завь гаргасан төдий. Энэ гатлага завиар нэг удаадаа хориод хүн зөөх боломжтой. Мал хуйг ч үүгээрээ л тээнэ. Гармаар гарах хүн олонтой үед усчин нэгээс нөгөө эрэгт хэдэнтээ явдаг. Гатлага завины толгойд хулсан шон хатгасан байх агаад тэр шонд төмөр бугуйвч зүүгээд, горхины нэг эргээс нөгөө эрэг хүртэл татсан хулсан олсыг тэр бугуйвчин дундуур шургуулжээ. Горхиор гатлах үед усчин тэр олсноос татаж, завин дээр суусан хүмүүс олсноос зуурсаар нөгөө эрэгт аажуухан хүрнэ. Завь эрэгт хүрмэгц усчин “Болгоомжтой буугаарай” гэж хэлээд эрэг дээр гарч, төмөр бугуйвчаа татах ажээ. Ингээд завиар ирсэн хүн мал бүгд эрэг дээр гараад уул даван бараа сураггүй одно. Энэ гатлага завь болвоос угтаа мужийн өмч. Гаталж буй хүмүүс усчинд мөнгө төлөх шаардлагагүй. Мөнгө төлөөгүй хүн санаа зовсондоо усчинд хэдэн зоос өгвөл цаадах нь “Би улсаас будаа тарианаас гадна долоон зуун зоос авдаг. Тэр маань хангалттай. Надад наад мөнгө чинь хэрэггүй!” гээд их л уурласан байртай эргүүлж атгуулах аж.
          Гэхдээ хөлс хүч гаргасныг нь ихэд үнэлсэн хэн нэгэн хүн хэдэн зоос түүнд өгөхөд тэрбээр алга тосон авна. Усчин маань энэ мөнгөөр Чадун яваа хүнд цай, тамхи захиж авчруулаад, Чадунд үйлдвэрлэсэн дээд зэргийн тэр тамхиа бүсэндээ нэг нэгээр нь хавчуулж, горхиор гарч яваа хүн тамхи татахыг хүсвэл нь харамгүй өгдөг байлаа. Завинд суусан хүн бүсэнд нь хавчуулсан тамхийг анзаарсан тохиолдолд нэг тамхи сугалангаа “Та тамхи татах уу? Сайхан тамхи шүү. Том навчтай, чанар сайтай, хүнд бэлэглэхэд нүүр улайх юмгүй” гэсээр өгнө. Зургадугаар сар гармагц цайны навчаа домботой буцалсан усанд хийгээд завиар яваа хүмүүсийн ангаа цангааг тайлна.
          Энэ гатлага завийг нэг эргээс нөгөө эрэгт залуурддаг хүн болвоос тэр суварга дор суудаг хөгшин билээ. Эдүгээ далан настай энэ хөгшин хорин настайгаасаа л энэ горхиор завиа залсаар яваа. Тавин жил болоход хэдий олон хүн зөөснийг хэлж мэдэшгүй. Нас дээр гарсан ч яс сайтай нэгэн. Амрах цаг нь болсон ч энэ ажлаа орхиод явж зүрхэлдэггүй. Ахуй байдлаа өөрчилнө гэж ер төсөөлж чаддаггүй. Хүнд үйлчилж, өдөр хоногийг айвуу тайвуу өнгөрүүлсээр өдий хүрчээ. Нар мандахад эрч хүчийг нь сэлбэж, нар жаргахад өмөг түшиг болдог ганц хүн нь түүний зээ охин. Энэ насандаа үй зайгүй нөхөрлөсөн найз нь гэвэл гатлага завь, шар нохой хоёр билээ. Хөгшний цорын ганц дотны хүн болвоос өдрийн турш хань болдог зээ охин нь юм.
      Охины ээж буюу усчин өвгөний ганц охин арван таван жилийн өмнө Чадунд суудаг цэргийн хорооны нэгэн цэрэгтэй дуу дуулж танилцаад ааваасаа далдуур нууцхан сэтгэлийн холбоотой болжээ. Бүсгүйг хөл хүнд болсны дараа сэтгэлтэй цэрэг нь горхины доод ай сав руу хамт зугтъя гэсэн боловч бүсгүй аавыгаа орхиж зүрхэлсэнгүй. Залуу эр цэргийн чанга хатуу хууль журмаа зөрчиж хэрэг тарьсандаа шийтгэл хүлээх нь мэдээж гэж санаад, түүний зэрэгцээ бүсгүй нь аавыгаа хаяж явах тэнхэлгүйг мэдрээд, нэр нүүрээ барсандаа ихээхэн гутарч ангидаа буцаж очвол толгойгүй болох нь тодорхой тул цөхөрсөндөө хор ууж амиа егүүтгэжээ. Бүсгүй нь хэвлийдээ үр тээсэн учраас эр хүний адил шийдэмгий хөдөлж чадсангүй. Эцэг нь энэ хэрэг явдлыг мэдээд урьд хожид ийм юм дуулаагүй тул жигтэйхэн үймрэв. Бүсгүй ийм явдал болсонд сэтгэл нь ихэд зовнив ч эцэгтээ санаа зовж түүнээс холдолгүй байсаар хэвлийдээ тээсэн үрээ мэндэлмэгц горхины эрэгт ирж хүйтэн ус залгилаад бие барлаа. Усчин өвгөний зээ охин чухамдаа ийм нөхцөлд хүн болсон аж. Ингээд нэг л мэдэхэд 13 жил өнгөрчээ. Тэдний аж төрдөг горхины хоёр талаар хүрээлэн тогтсон уулс нь оюу ногоон өнгөтэй. Усчин өвгөн хар багаас өсч торнисон энэ л нутгаа бэлгэдэж өнчирч хоцорсон зээ охиндоо Цүйцүй буюу охьюу ногоон гэх нэр хайрлажээ.
     Цүйцүй өдөр хоногоор өсч өндийж арьс нь борлоод, нүд нь ногоорон үзэгдэнэ. Тэр охины нүдний цөцгий нь болор мэт тунгалаг хийгээд өөрөө хүнд ачлалтай, жижигхэн амьтнаас өөрцгүй сэргэлэн цовоо юм. Тэр бол цэгц шударга, бусдад тусархуу, юуханд ч санаа зовохгүй, уурлаж уцаарладаггүй охин бөлгөө. Завиар яваа үл таних хүмүүс түүнийг анзаарвал нүд рүү нь эгцлэн хараад чинхүү сэтгэлийг нь мэдэрч, онгон дагшин уул хадаар зугаалж яваад намуухан урсах голын эрэгт буусан мэт тайвшрах ажээ.
          Усчин өвгөн нартай, бороотой ер хэдийд ч болов хүн амьтанд хөл залгуулах үүрэгтэй. Нэг эргийг нөгөөтэй нь холбосон хулсан олсноос татаж завиа нөгөө эрэгт хүргэнэ. Ядарсан үедээ горхины хажууханд байх элгэн чулуун дээр гарч зүүрмэглэнэ. Нөгөө эрэгт хүн хар үзэгдэж усчин өвгөнийг дуудвал Цүйцүй өвөөгөө босголгүй завин дээрээ гүйж гараад олсноос татаж, нөгөө эрэгт хүрээд замын хүнийг суулгана. Охин өвөөгийнхөө албыг алдуулж байсан нь үгүй. Заримдаа нохойтойгоо гурвуул завин дээрээ суугаад өвөөдөө олс татахад нь хамжина. Завь харгалдаа эрэгт хүрмэгц усчин өвгөн сууж явсан улсыг тэднийхээр бууж мордоод явж байгаа гийчид аятай “Аян замдаа сайн яваарай” гэсээр үдэх ажээ. Энэ үед нөгөө шар нохой бусдаас түрүүлж эрэг дээр гараад ажлаа анддаггүй хүнээс ер ялгарах юмгүй завьнаас унжих олсыг зуугаад эрэг рүү татна.
          Салхитай үед замд явах хүн барагтай бол үгүй тул тэд өдөржингөө амарна. Цүйцүй охин өвөөтэйгээ гэрийнхээ үүдэнд байх том чулуун дээр нарлан суух буюу горхи руу мод авч шидвэл шар нохой нь тийш ухасхийж шидсэн модыг нь зуусаар эргэж ирэх аж. Өвөө нь заримдаа олон жилийн өмнө сууринд дэгдсэн дайн дажны тухай ярихад Цүйцүй охин нохойтойгоо зэрэгцэж суугаад чих тавин сонсоно. Заримдаа хөгшин, хүүхэд хоёул хулсан лимбээ үлээж, бэр буулгах дуу аялна. Хүн ирвэл усчин өвгөн лимбээ хойш тавьж завин дээрээ гарах ба энэ үед чулуун дээр сууж үлдсэн охин нь:
-         Өвөө, би лимбээ үлээе. Та дуулаарай гэх ажээ.
Өвөө нь горхины тэхий дунд хүрээд их л хөөрсөн байртай дуу аялахад энэ дуу лимбэний ая эгшигтэй хослон ойр орчмоор цуурайтаж бүүдгэр өдрүүдийг нь жаахан ч атугай баяр баяслаар дүүргэдэг билээ. Гэвч үнэн хэрэгтээ тэр дуу аялгуу нь уй гунигаар дүүрэн.

Хэрэв Сычуанийн зүүн хэсгээс Чадунаар дамжин тууж яваа мал хуй, шинэ бэрийн жууз тэрэг горхиор гарвал Цүйцүй албатай мэт завиа залж, олсоо татсаар тэртээ эрэгт хүрнэ. Мал хуй, шинэ бэрийн жууз зэрэг нь эрэгт буумагц охин аяны хүмүүсийг уулын бэл хүртэл дагаж гүйгээд улхан толгой дээр гарч тэднийг тэртээ хол явж одтол харцаараа үдэж зогсоно. Завиа нөгөө эрэгт татаж авчраад ишиг майлах, тугал мөөрөхийг дуурайна. Эсхүл цэцэг түүж толгой дээрээ тавиад өөрийгөө шинэ бэр болсон мэт санана.

    Чадун суурин энэ горхиноос бээр хэрийн зайтай. Хүнсээ цуглуулах, баяр ёслол болоход усчин өвгөн аяга тагш архи дарс уух болвол өөрөө суурин руу орохгүй. Харин Цүйцүй охин шар нохойгоо дагуулсаар тийш явах агаад будаа тариа, мах ногоо, тэсэлдэг пуужин, улаан лаа тэргүүтэй элдэв өнгийн бараа өрсөн зээлийг хараад ихэд сэтгэл хөдөлж, эргэж ирмэгцээ хэсэгтээ л үзсэн харснаа өвөөтэйгээ хуучлан сууна. Чадуны голоор өдий төдий завь хөвөх агаад тэр бүр нь гатлага завьнаас хавьгүй том, өнгө үзэмж сайтай учир мөд санаанаас нь гарахгүй.

суббота, 3 октября 2015 г.

Туркийн Зеугма хотын шигтгэмэл хавтангийн музей

Туркийн өмнөд хэсэгт байх эртний нэгэн хот Зеугмад малтлага хийж байсан археологичид тун сайн хадгалагдан үлдсэн 3 ширхэг шигтгэмэл хавтанг хэдэн сарын өмнө олжээ. Эдгээр шигтгэмэл хавтанг МЭӨ II зуунд урласан байна. Эхний шигтгэмэл хавтан нь Охин тэнгэрийн ордон хэмээн нэрлэгдсэн нэгэн хэсгийн шаланд шигтгэгдсэн бөгөөд энэ хавтангийн голд Калиопа охин тэнгэр дүрслэгдсэн ажээ. Калиопаг тойроод түүний 8 эгч дүүг урлажээ.

Харин хоёр дахь шигтгэмэл хавтан дээр Океан, Тетиа хэмээх хоёр бурхныг дүрсэлсэн байна. Хэдийгээр эдгээрийн нэрийг шигтгэж үлдээгээгүй ч төрх дүрслэл нь Эртний Герегийн эл бурхадтай таарч байгаа юм. Бурхдын хавч хэлбэртэй эвэр тэдний мөн болохыг бэлээхэн гэрчилнэ.


Гурав дахь шигтгэмэл хавтан дээр нэгэн залууг буулгажээ. Энэ хавтан мөн л тун сайн хадгалагдан үлджээ.

Зеугма хотыг Македоны Александрын жанждын нэг болох Селевкомын I Никатор МЭӨ III зуунд үүсгэн байгуулсан бөгөөд ид үедээ энэ хот 80 000 хүнтэй, 2 000-3 000 байшин барилгатай байсан гэдэг.







Хот 2000 он хүртэл хиймэл нууранд автсан байгаад 2007 оноос эхлэн энд малтлага хийж эхэлжээ. Хотын 80% эдүгээ хүртэл усан дор байгаа юм. Эдүгээ энэ газар эртний шигтгэмэл хавтангийн музей ажилладаг юм байна.










Та бүхэн дараах линкээр орж энэ тухай тун сонирхолтой бичлэг байгааг үзнэ үү.
Энд  ахиад нэг бичлэг байна.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...