суббота, 3 октября 2015 г.

Туркийн Зеугма хотын шигтгэмэл хавтангийн музей

Туркийн өмнөд хэсэгт байх эртний нэгэн хот Зеугмад малтлага хийж байсан археологичид тун сайн хадгалагдан үлдсэн 3 ширхэг шигтгэмэл хавтанг хэдэн сарын өмнө олжээ. Эдгээр шигтгэмэл хавтанг МЭӨ II зуунд урласан байна. Эхний шигтгэмэл хавтан нь Охин тэнгэрийн ордон хэмээн нэрлэгдсэн нэгэн хэсгийн шаланд шигтгэгдсэн бөгөөд энэ хавтангийн голд Калиопа охин тэнгэр дүрслэгдсэн ажээ. Калиопаг тойроод түүний 8 эгч дүүг урлажээ.

Харин хоёр дахь шигтгэмэл хавтан дээр Океан, Тетиа хэмээх хоёр бурхныг дүрсэлсэн байна. Хэдийгээр эдгээрийн нэрийг шигтгэж үлдээгээгүй ч төрх дүрслэл нь Эртний Герегийн эл бурхадтай таарч байгаа юм. Бурхдын хавч хэлбэртэй эвэр тэдний мөн болохыг бэлээхэн гэрчилнэ.


Гурав дахь шигтгэмэл хавтан дээр нэгэн залууг буулгажээ. Энэ хавтан мөн л тун сайн хадгалагдан үлджээ.

Зеугма хотыг Македоны Александрын жанждын нэг болох Селевкомын I Никатор МЭӨ III зуунд үүсгэн байгуулсан бөгөөд ид үедээ энэ хот 80 000 хүнтэй, 2 000-3 000 байшин барилгатай байсан гэдэг.







Хот 2000 он хүртэл хиймэл нууранд автсан байгаад 2007 оноос эхлэн энд малтлага хийж эхэлжээ. Хотын 80% эдүгээ хүртэл усан дор байгаа юм. Эдүгээ энэ газар эртний шигтгэмэл хавтангийн музей ажилладаг юм байна.










Та бүхэн дараах линкээр орж энэ тухай тун сонирхолтой бичлэг байгааг үзнэ үү.
Энд  ахиад нэг бичлэг байна.

вторник, 8 сентября 2015 г.

Лунмэний засмал агуй

Хэнань мужид байдаг Лунмэний засмал агуй Луоян хотын ард иргэдийн сүсэг бишрэл, ур ухааныг шингээсээр сүндэрлэнэ. Хятадын 12 династийн нийслэл болсон Луоян хот 5000 жилийн түүхтэй. Нэгэн цагт Хятадын урлаг соёл, цэргийн төв болж байлаа.
Лунмэний засмал агуй хотоос 12 км-ийн зайд байрлана. Будда, Шагжамунийн дүрс, баримлуудыг хаданд гаргах энэ уламжлал Энэтхэгээс гаралтай.
Засмал агуйг ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэжээ. Энэ нь ойр хавьдаа олон хавцалтай уул ус, гол горхи, хүрхрээтэй сайхан газар юм.

И голын баруун, зүүн эргээр сүндэрлэх хоёр уул навчит модоор хучигджээ. Энд олон тооны суварга бий. Баруун талын ууланд нэвтрэх хэсгийн хажууханд халуун рашаан оргилно.

Агуйг Лунмэн буюу Луут хаалга гэж нэрлэсэн нь энэ хоёр уул хаалга мэт үзэгддэгээс улбаатай. Сүй улсын хааны Луоян хот дахь харш энэ уулс руу харсан цонхтой байжээ.

Энэ дундаа баруун уулын агуйнууд ихээхэн алдартай юм. Агуйнуудыг Хойд Вэй улсын үед 493 онд гаргаж эхэлсэн бөгөөд энэ үед Вэй улсын хаан нийслэл хотоо Пинчэнээс (одоогийн Датун) Луоянд шилжүүлжээ.
Агуй гаргах ажил Чин гүрэн үүсэн бий болох хүртэл үргэлжилсэн ч ихэнх агуйг Сүн улсын үед гаргасан байна.

Энд нийтдээ 2345 хөндий, 60-аад суварга, 100 000 гаруй хөшөө байдаг. Хойд Вэй улсын дархчууд эдгээр агуйг гаргаж эхэлсэн ч сод бүтээлүүд нь Тан улсын үед урлагдсан ажээ.
Тан улсын үеийн баримлууд энгийн хүмүүсийг маш бодитой дүрсэлснээрээ бусдаасаа онцлог.

Гуян-ы агуй болвоос эндхийн хамгийн эртний агуй юм. Энэ агуй 428-488 онд баригдсан бөгөөд тэнд Хойд Вэй улсын хааны гэр бүл, сурвалжит ноёдыг дүрсэлжээ. Вэй улсын үед урласан баримлууд нь бүдүүн хүзүүтэй, том толгойтой.

Биньяны гурван агуй-г Хойд Вэй улсын Суаньү хаан эцэг эхдээ болон өөртөө зориулан бүтээлгэжээ.
Дунд талын агуйг гаргахад 802 326 хүн хүчин зүтгэж, 24 жил шаардагдсан гэдэг.

Агуйн адар тэр аяараа лянхуа цэцгэн хээтэй. Голдоо Хаан, хатан хоёр Буддад өргөл барьж буй том хөшөөтэй.
Тан улсын хаан Гаозүн Фэньсян энэ сүмийн Буддагийн хөшөөг урлуулжээ. Энэ хөшөө 17 м-ийн өндөртэй, толгой нь 4 м, чих нь бараг 2 м аж. Үзэтян хатан энэ хөшөөг бүтээлгэхийн тулд гоо сайхны бараанд зарцуулах мөнгөө хандивласан гэлцэнэ.
Эдгээр хөшөөний бодит байдал, тансаг өмсгөл зэрэг нь Вэй улсын хөшөөнүүдээс эрс ялгарна.
Мянган бурхны агуйг мөн л Тан улсын үед гаргажээ. Үүнийг Гаозүн хаан, Ү хатанд зориулан 680 онд бүтээлгэжээ. Агуйн урд, хойд хананд 15 000 гаруй жижиг бурхан сийлээтэй бий. Агуйн голд лянхуа цэцгэн сэнтий дээр залрах Буддагийн араар 54 бодьсадва заларна.

Баримлууд эхэндээ энэтхэг маягтай байснаа хожмоо хятад маягтай болж холилдсон аж.
Хойд Вэй улсын үеийн баримлууд өргөн бүстэй, чөлөөтэй хувцастай, туранхай бол Тангийн үеийн баримлууд нь махлаг бөгөөд бугуй, шагайн хэсгээрээ нарийн байна. Энэ нь элбэг хангалуун байдлыг бэлгэднэ.
Агуйнуудыг ихэн голдуу улсын хөрөнгөөр босгосон ч сурвалжит эрхмүүд, сүсэгтэн олон, гадны сүсэгтнүүд хандив өргөж байсныг сийлэн тэмдэглэсэн байдаг.

Энд 2840 гаруй хүрээтэй чулуун хавтан дээр хөшөө баримлуудын тайлбар сэлтийг зүйж үлдээжээ.
Луояны бэлгэ тэмдэг бол цээнэ цэцэг юм.
Домог яриагаар Тан улсын Ү хатан нэгэн ноёнтой хүсвэл өвөл ч гэсэн цэцэг дэлгэрүүлж чадна хэмээн маргажээ. Ингээд зарлиг буулгатал гагц цээнэ цэцэг хатны тааллаар дэлгэрээгүй юм гэдэг. Хатан ихэд хилэгнэж хотын бүх цээнийг устгав. Тиймээс энэ хотыг цээнэ цэцэгтэй холбох болсон юм.

Цээнэ цэцгийн наадам жил бүрийн 4-р сарын 10-25-нд болдог. Энэ наадмыг үзээгүй хүн Хятадын хамгийн анхны буддын сүм болох Цагаан морины сүмд очиж сонирхвол зохилтой.

Хань гүрний хаан Минди буддын судар шаштирыг залахаар баруун тийш нисэн одох алтан хүнийг зүүдэндээ үзсэн гэдэг. Ингээд Минди хоёр элч илгээж, тэд Энэтхэгийн эрдэмтэй хоёр ламтай таараад Луоянд урьжээ. Улмаар 68 онд хаан буддын судар шаштируудыг хадгалах сүм байгуулах зарлиг буулгав. Чингээд энэ сүмийг Цагаан морины сүм хэмээн нэрийдсэн ажээ. Домог яриагаар бол энэтхэг лам нар буддын судруудыг цагаан моринд ачин Луоянд авчирсан билээ.

среда, 22 июля 2015 г.

Эрнэст Хэмингуэйн баяр гуниг

Кирилл Андреевын нийтлэл. (1964-12-29 Литературная газета)

Хоёр метр болоход түүнд ердөө 10-12 санж дутуу байжээ. Энэ бол Пилар хөлөг онгоцон дээр авахуулсан гэрэл зураг юм. Түүний харцнаас баяр гуниг мэдрэгдэж, од хийморьтоо бүрэн дүүрэн итгэж явдаг нь харагдах шиг болно.
Хэмингуэй жинхэнэ эр хүний амьдралаар амьдарчээ. Сафари, ширэнгэн ой, анд дуртай тэрбээр ихэн голдуу арслан, бар, бодон зэрэг том амьтан агнаж явсан бөгөөд гол горхи гэхээс илүүтэй Гольфстримийн урсгалаар хөвж загас барьдаг байжээ. Бухын тулаан сонирхож, тулаанч эрчүүдтэй нөхөрлөж явлаа. Хэмингуэй байгальд дуртай. Гэвч нөгөө талаас дайн дажинг зохиолынхоо сэдэв болгосон нь цөөнгүй. Үнэндээ тэр дайн дажинг тэгтлээ сонирхож явсангүй. Хамгийн гол нь энэ дэлхийн хаа нэгтээ дайн тулаан болж байгаа нөхцөлд хүн гэдэг амьтан тэмцэх л учиртай гэсэн бодолтой явжээ. Анх Канадын сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа гэмт этгээдүүдийг дүүжлэн хорооход гэрч болж үхэлтэй нүүр тулсан гэдэг. Нэгдүгээр дайны үед Италид томилолтоор ажиллаж байхдаа өглөө нь дэлбэрсэн цэргийн үйлдвэрт очиж байжээ.

Ингээд Ромд ирснийхээ дараахан дэлбэрэлтэнд өртсөн эмэгтэйчүүдийн цогцсыг өдөржин зөөж үхэлтэй тулав. Тэгэхэд тэр дэлбэрэлтэнд өртсөн хүмүүсийн гар хөлийг цуглуулж явсан аж.

Зохиол бүтээлийнх нь олон баатар зуурдаар нас бардаг. Фрэнсис Макомбэр эхнэртээ буудуулдаг бол Килиманжарогийн цас өгүүллэгт гардаг зохиолч Харри идээт үрэвслээр бие барна. Зэр зэвсэг минь баяртай романы Кэтрин Баркли, Байх уу, үгүй юу романы Харри Морган, Тавдугаар суман туужийн баатрууд мөн л зүй бусаар одно. “Бие барсан кавказ хүний арьс цагаан байснаа шарлаж, улмаар ногоорч, эцэстээ харлана. Өдөр ирэх тусам үхсэн хүний тоо нэмэгдэх юм. Аагим халуун өдөр дайны талбараас сэнхийх тэр үнэрийг санахын аргагүй ээ. Тийм үнэр сэнхийж байсан даа гэж бодохоос биш “Яг энэ үнэр шүү дээ” гээд барин тавин хэлчих үнэр олддоггүй.”

Хэмингуэй энэ яваа насандаа үхэлтэй хэдэнтээ нүүр тулсан аж. Итали-Австрийн фронтын шугамд хуваарилагдаж ирээд бөмбөгдөлтөнд өртөж, биеэс нь 28 ширхэг сумны хэлтэрхий авсан байдаг. Хоёрдугаар дайны үед Лондонд машины осолд орж, Ардэннд байхдаа толгойдоо 2 ч удаа шархдаж, 1954 онд мөн хоёр удаа онгоцны осолд өртөхдөө жигтэйхэн айж сандарсан гэдэг. Тэгэхэд зохиолч нуруугаа хугалж, хэсэгтээ хараагүй болсон юм. Зэр зэвсэг минь баяртай романдаа “Хорвоо чадалтай, зоригтой, сэтгэл сайтай гэснийг нь шилж авах юм. Чамд энэ гурван чанар үгүй байлаа ч аваад л одно. Гэхдээ тэгтлээ хурдан аваад явахгүй. Чамаас удаан гэгч нь чангаах болно” гэж нэмж бичжээ.
Зохиолч маань цасан дундуур уулын цанаар бууж явснаа, голын ширүүн урсгалд хөвж байсан том загаснууд, Мичиганы өтгөн ойн модонд дээш доош гүйлдэх хэрэм, Африкийн бүгчим халуун шөнө, халуун наранд хатсан Испанийн улаан хөрсөн дээр ясаа тавьсан Америк цэргүүдийг мартаж чадсангүй. Зохиол бүтээлдээ дүрсэлжээ.

Хэмингуэйн ээж хийлч, харин аав нь эмч байжээ. Бага байхад нь ээж нь хийл хөгжим сургах гэж нэлээн үзсэн ч Эрнэст хүү аавдаа илүү элэгтэй байлаа. Индианчуудыг дагаж явах дуртай аав нь түүнийг анд хорхойтой болгосон гэдэг. Аав нь хараа сайтай. Онилсон газраа онодог хүн юмсанж. Хүүгээ бичиг үсэг сурахаас нь өмнө түүнд загасны уурга, буу хоёр бэлэглэжээ. Гэхдээ аав нь өдөрт 3 сум л өгдөг байв. Гэрман Мэлвилл бээр далай тэнгис нь түүний хувьд Харвард, Елийн их сургууль болсон гэж хэлсэн бол Эрнэстийн хувьд Мичиганы өтгөн ой, гол мөрнүүд амьдралынх нь их сургууль болжээ.

Тэр Мичиганы хөх тэнгэрийг Итали, Африкийн юугаар ч солихгүй гэж хэлсэн байдаг. Хэмингуэй арван зургаан настайдаа сурвалжлагч болохоор гэрээсээ явсан юм. Зарим нь түүнийг хатуу сэтгэлтэй, бардам зантай гэж хэлдэг ч тэр үнэндээ өөртөө ихээхэн шаардлага тавьдаг хүн байжээ. “Зохиол бичих хэцүү. Би бичиж сураагүй л байна. Гэхдээ сурахдаа л нэг сурна” гэж бичсэн нь бий.

...“Та ямар нэг ном уншиж дуусгаад түүнд гарсан үйл явдал өөртэй чинь тохиолдсон мэт санаж, тэнд өгүүлсэн баяр гуниг, зовлон жаргал бүхнийг өөрийн биеэр туулсантай адил санаж гэмээнэ тэр бүтээл болбоос аугаа бүтээл байх нь гарцаагүй...”

суббота, 27 июня 2015 г.

Р.Рождественский Песня о далёкой родине

Ай, гуниг минь чи
Ахархан ч болов намайг орхиоч.
Тэртээд хөвөх хөнгөн үүл мэт
Тэнгэрийн хаяаг зүглэн
Тэрхэн зүгт л нисэн одооч.
Зүрхний хайртай нутаг минь,
Зүйдэлхэн ч болов үзэгдээч.
Зөнгөөрөө хайртай уул уснаа
Золгож нэг л тайвшрах сан.
Нутгийн минь тэртээ алсад
Намираа бороо шивэрнэ.
Эргийн хажуухан төгөлд
Интоорын мод жимсэлнэ.
Он цаг улирч
Ой той минь бүдгэрсэн ч,
Энгүй гүн сэтгэлийн минь мухарт
Эрх бага нас минь эргэнэ.
Аадар минь, чи миний
Ангаа цангааг тайлаач,
Аягүйхэн бодлыг умартуулж
Алсын алсад хөтлөөч.
Ашдын хүслээ шивнэх мэт
Ахиад л өөд ширтэх юм...

Р.Рождественский Песня о далёкой родине
Я прошу, хоть ненадолго,
Грусть моя, ты покинь меня.
Облаком, сизым облаком,
Ты полети к родному дому,
Отсюда к родному дому.
Берег мой, покажись вдали
Краешком, тонкой линией.
Берег мой, берег ласковый,
Ах, до тебя, родной, доплыть бы,
Доплыть бы хотя б когда-нибудь.
Где-то далеко, где-то далеко
Идут грибные дожди.
Прямо у реки, в маленьком саду
Созрели вишни, склонясь до земли.
Где-то далеко, в памяти моей,
Сейчас, как в детстве, тепло,
Хоть память укрыта
Такими большими снегами.
Ты гроза, напои меня, до пьяна, да не до смерти.
Вот опять, как в последний раз, я все гляжу куда-то в небо,
Как будто ищу ответа...

среда, 10 июня 2015 г.

Рани Ки Вав худаг

Рани Ки Вав худаг Энэтхэгийн Патан хотод, Сарасвати голын эрэгт байрлана. Энэ худгийг 11-р зуунд гаргажээ. Хааны бэлэвсэн хатан эр нөхөртөө зориулж ийм худаг гаргасан гэдэг. 


Худаг Сарасвати голын усанд автаж, элс шавраар дарагдаад, хожмоо 1980-аад онд л илэрчээ. 

Малтлага хийхэд худгийн сийлбэрүүд ер эвдрээгүй болох нь мэдэгдсэн юм.


Рани Ки Вав гэдэг нь хатны алхаа гэсэн утгатай. Худгийн ёроолд Сидпур хотноо хөтлөх 30 км-ийн урт хонгил бий. 


Энэтхэгүүд МЭӨ 3-р зуунаас хойш доош буусан шаттай худаг барьж, усаа нөөцөлдөг байв. Эхэндээ жирийн нэгэн нүх байсан худгууд яваандаа урлагийн бүтээл болтлоо боловсорчээ. 


Рани Ки Вав худаг энэ төрлийн худгийн оройн дээдэд заларна.

Худаг орой нь доош харсан конусан хэлбэртэй. Шат нь 500 том, 1000 гаруй жижиг баримлаар чимэглэгдсэн.



23 м-ийн гүнд усан сантай. Доош чиглэсэн сүм хэлбэртэй энэ худаг нийт 7 давхартай. 


Баримлууд нь шашин, үлгэр домог, дээдсийн хүрээний аж амьдралыг харуулсан. Уран зохиолын баатрууд мөн дүрслэгдсэн. 


Усан сан нь 9,5*9,4 м-ийн хэмжээтэй. Худаг нь 10 м-ийн голчтой, 30 м-ийн гүн.

Худгийн байгууламж хааш хаашаагаа 64*20 м-ийн хэмжээтэй.

Сидпур хотод хөтлөх хонгилд өдгөө чулуу шавар битүү чигжжээ.


 
13-р зуунд их ган болж, Сарасвати гол татарсанд энэ худгийг ашиглахаа больсон гэдэг. 

вторник, 2 июня 2015 г.

Эрих Мария Ремаркийн Марлен Дитрихт бичсэн захидлаас

Хонгор минь, өнөөдөр Зул сарын баярын битүүний өдөр. Одоо арван хоёр цаг болж байна. Би ажилласаар байгаад жигтэйхэн ядарчээ. Толгой минь ч дүйнгэтээд, би үзэг цаасаа хойш тавиад сууж байна. Урьд нь ажиллаж ядраад цаг эрт бол гарч хэдэн хундага юм уудаг байлаа. Гэртээ утга учиргүй суух дургүйдээ, ганцаараа унтах хүсэлгүйдээ л тэгдэг байсан юм. Энэ нь угтаа өршөөл уучлал үзүүлнэ гэдэгт огтхон ч итгэлгүйгээр цаазын тавцанд гарч байгаатай л ижил мэдрэмж шүү дээ.

Харин одоо бол ажиллаж ажиллаж ядраад юу хийхээ би сайн мэддэг болсон. Би гар бичвэрээ хойш тавиад тагтан дээр гардаг. Галын дэргэд суугаад, радиогоор дуртай хөгжмөө тохируулж тавиад чамд захиа бичихээр суудаг. Энэ нь миний хувьд цоо шинэ мэдрэмж бөгөөд хачин сайхан түшиг тулгуур болох юм. Орой чамдаа захиа бичнэ дээ гэж өдөржин гэгэлзэж суух нь энүүхэнд шүү. Тэгээд тэсэлгүй тэр захиагаа өдөр бичээд эхэлнэ. Захиа бичих нь чамтайгаа үргэлж ярилцаж суухтай адилхан санагдах юм. Гэхдээ миний хувьд захиа бичих нь эцэс төгсгөлгүйгээр хөврөх хүүрнэл аятай байдаг билээ. Ингэж бодвол сэтгэл бүлээцнэ. Би юу ч хийсэн чи миний дэргэд байдаг аа. Чи намайг догдлуулж бас тайвшруулдаг. Гэхдээ догдлох гэдэг маань урьд өмнө нь миний мэдэрч байсан тэр догдлох сэтгэлээс тэс ондоо ажээ. Урьд нь би утга учиргүй, хүсэл зорилгогүй яваадаа барьц алдаж бачимддаг байжээ. Харин одоо бол энэ мэдрэмж биеэр минь их л тайван явж өнгөрөх урсгал мэт мэдрэгдэх болж. Энэ урсгал биеэр минь хэрхэн урсан өнгөрөх болоод ондоо нэгэн мэдрэмж түүнд цутган нийлж буйг би мэдрэх юм. Би санаа бодлоо тээсээр зохиолоо бичдэг. Харин орой нь өөрийгөө шагнаж чамдаа захиа бичихээр сууна.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...