среда, 11 декабря 2013 г.

МО ЯНИЙН “УЛААН ГАОЛЯН”



Хятадын орчин үеийн реалист зохиолчдын сонгодог нэгэн төлөөлөгч болсон Мо Янь “Улаан гаолян” (红高粱) хэмээх алдартай туужаа 1986 онд бичжээ. (гаолян гэдэг нь дарс хийхэд ашигладаг нэг төрлийн буудайн ургамал) Тавиад хуудастай энэ тууж нь гол баатар Үйгийн ач хүүгийн хүүрнэл хэлбэрээр бичигдсэн юм. Энэ зохиол тухайн жилдээ Хятадын шилдэг туужаар шалгарсан байдаг. Удалгүй Мо Янь туужийнхаа үргэлжлэлийг “Хайрын улаан дарс” (高粱酒) нэртэйгээр гаргасан нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж, улмаар дээрх хоёр бүтээлийг нэгтгэж дэлгэцнээ амилуулсан болой.
Зохиолд Японы эзлэн түрэмгийллийн эсрэг ид тэмцэж байсан гучаад оны аж байдлыг өгүүлнэ.
Хятадын зүүн хойд нутгийн нэгэн тосгонд төрж өссөн Зиүзи хэмээх 16 настай охиныг эцэг нь дарсны мухлагийн эзэн хөгшинд хэдхэн зоосоор арилжиж албан хүчээр гэрлүүлжээ. Ингээд өнөөх бүсгүй хуримын жуузыг нь өргөж явсан Үй гэх идэр залууд эрхгүй татагдаж ханьсдаг. Дарсны мухлагийн эзэн хөгшин учир битүүлгээр бие барахад хос хоёр өв хөрөнгөнд нь эзэн сууж, ажин түжин амьдрах бөлгөө. Энэ хооронд Зиүзи, Үй хоёр хүүтэй болно. Хос хоёрт үнэнч зүтгэж явсан Люхань гэгч хижээл эр төрсөн тосгоноо орхин арваад жил хэрэн бэдэрч, Япончуудыг дайран орохын өмнөхөн Зиүзитэй уулзахаар ирдэг. Төдхөн хааяагүй тариачдын бослого гарч, эх нутаг нь улаан дарс хийгээд хүмүүний цусанд булхах болно. Люхань коммунист намд элсч, Япончуудыг тагнаж яваад тэдэнд баригдаж тосгоныхон, Зиүзи болоод хүүгийнх нь нүдэн дээр балмадаар хороолгоно.
Зиүзи бүсгүй Япончуудад хороогдоход есхөн настай балчир хүү нь:
“Бартаа нь үгүй сүүдэрт жимээр
Барууныг зорих ээж минь
Харгилан урсах голын уснаа
Хаш ногоон завиар хөвөх юм.
Тэртээ алсыг зорин одохдоо
Тэнгэрийн морь сундалжээ, Та
Ээж Таны минь энэ аялал
Энгүй амгаланд хөтлөх бөлгөө.
Жаргах нарны улбар туяанд
Зутрал юугаан эгнэгт мартаад
Зөрөн өнгөрөх үүлс мэт
Зөнгөөрөө хөв дөө, ээж минь” хэмээн харуусан шүлэглэнэ.

" 西



西



西
西

Энэ кино гарсан даруйдаа Хятад төдийгүй Европын улс орны анхаарлыг маш ихээр татаж, Хятадын кино урлагт цоо шинэхэн нэгэн хуудсыг нээсэн гэдэг. Соёлын хувьсгалын үр уршгаар гадаад ертөнцөөс нэг мөр тусгаарлагдаад байсан гэж болохуйц Хятадын соёл урлагийг дэлхийд таниулсан гэхэд нэг их хилсдэхгүй. Шүүмжлэгчид “Эгэл атлаа хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэх энэ түүхийн баатрууд нь нэг талаас үлгэр домгоос төрөн гарсан шиг санагдах бөгөөд тухайн үеийн харгис хэрцгий эрүү шүүлтийг сэтгэл хирдхийлгэмээр хальснаа буулгажээ” хэмээн үнэлж байлаа.
Дарс хийгээд цусны улаан өнгө ёстой л ноёлох энэхүү кино Берлиний кино наадмын дээд шагнал болох “Алтан баавгай”-г хүртсэн юм. Киноны найруулагч Жан Имоугийг удаах бүтээлүүд нь аанай л Канн, Венеци, Берлиний кино фестивальд удаа дараалан нэр дэвшиж шагналын буухиагаа таслаагүй түүхтэй.
           Мо Янь “Улаан гаолян” зохиолдоо “Билгийн тооллын хонин сард час улаан гаолян цэцэглэх бөгөөд энэ үест энгүй их тал тэр аяараа цусан улаан өнгөөр будагддаг ажээ. Чухамдаа энэ л улаан гаолян нь хүмүүний харцыг булааж, сэтгэлийг гижигдээд, хүсэл тачаалыг өдөөх бөлгөө. Намрын сэвэлзүүр салхи өтгөн саарал үүлсийг тэнгэрийн тэртээгээс хөөх тэрхэн үест улаа бутарсан талд туссан сүүдэр нь хүртэл хүрэнтэж үзэгдэнэ. Цусан улаан өнгөнд булхсан энэ л тал эх орон, эрх чөлөөнийхөө төлөө амиа золин боссон үр хойчоо хэвлий юүдээ нуун далдалж, хоосон амьдралынх нь бүүдгэр өдрүүдийг хольцгүй улаан өнгөөрөө будах авай. Угтаа хөгжил дэвшилд өртөөлсөн манай үе яван явсаар хүмүүн төрөлхтнийг мөхөлд хөтлөх биз ээ” хэмээн өгүүлжээ.

воскресенье, 8 декабря 2013 г.

ЖЕРОМ СЭЛИНЖЕР БА “ХӨХ ТАРИАН ТАЛБАЙН ДУНДУУР”



Гэмт хэргийн ертөнцтэй нилээдгүй холбогдсон зохиол гэвэл яахын аргагүй Жером Селинжерийн “Хөх тариан талбайн дундуур” хэмээх роман болой. Тухайлбал АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдсан Жон Хиксли, Жон Ленноныг хороосон Марк Чепмэн, жүжигчин бүсгүй Ребека Шаферийг хөнөөсөн Роберт Жон Бардо зэрэг гэмт этгээдүүд чухамхүү энэ зохиолыг шүтэн биширдэг байжээ.
Зохиолд 16 настай Холден Колфилд хэмээх хөвгүүний дүрээр Америкийн нийгмийн үнэн дүр төрхийг илчилж, өсвөр насныхны тогтворгүй бөгөөд эмзэг сэтгэхүйг харуулсан юм. Энэ бүтээл 20-р зууны хоёрдугаар хагасын утга зохиолын хөгжил дэвшилд тун чиг нөлөөлсөн гэдэг.
Зохиолын баатар Холден нижгээд сургуулиас хөөгдөж, орчин тойрноосоо залхах ч бүхий л сэтгэлээрээ энэ амьдралд тэмүүлдэг юм. Түүний хувьд хүмүүсийн дэргэд хэцүү ч, ганцаардах нь үүнээс ч аймшигтай. Сургуулиасаа хөөгдсөн хөвгүүн харихаас эмээж, элдэв явдалтай нүүр тулах бөгөөд охин дүү Фибигийнхээ цуглуулсан хэдэн зоосыг зээлж, хөгшин багшийндаа хоног төөрүүлнэ. Гэвч өөрийг нь өрөвдсөндөө толгойг нь илэх багшийгаа буруугаар ойлгож гэрээс нь зугтдаг. Фибигээс зээлсэн мөнгөө эргүүлэн өгч, холоо явахыг хүсэх ч охин дүү нь ахыгаа сэнхрүүлэхээр түүн шиг аяглаж хамт явна гэхэд л Холден энэ бүхэн хэдий утга учиргүй болохыг ухаарч, дүүгээ хайрлаж эрхлүүлнэ.
Холден өөрийгөө бага ч атугай хамгаалах гэсэндээ эргэн тойрныхондоо дургүйцэж бухимдах агаад хойшдоо чухам яах учраа олохгүй, дэмий л нэг газраа хөлхөж, зоригтой алхам хийхээс эмээсээр явдаг.
Селинжер анхандаа энэ зохиолоо насанд хүрэгчдэд зориулан гаргасан ч, өсвөр насныхны дунд ихээхэн дэлгэрсэн билээ. Охид, хөвгүүд зохиолын гол баатраас өөрийн зан авир, дүр төрхийг олж хардгаас тэр биз ээ. Хүмүүний хувь заяанд эргэлт буцалтгүй нөлөөлөх энэ л насанд ганцаардал, гунихарлыг нь хуваалцаж, энгэртээ наах эх, эцэг гэдэг хичнээн чухал билээ дээ.
Сургуулийнхан нь Жеймс Касле хэмээх нэгэн хөвгүүнийг гадуурхан дээрэлхэж амиа егүүтгэхэд түлхэж буй нь хүүхэд шиг хатуу сэтгэлтэн үгүй гэдгийг нотлох шиг.  “Хаяа хязгаар нь үгүй хөх тариан талбайн дунд тоглож наадах хүүхэд багачуудыг ёроолгүй ангал руу унахаас хамгаалж хаацайлах” цайлган мөрөөдөлтэй Холден хөвгүүний сэтгэлийг ойлгож, харуусал, гунигийг нь хуваалцах болно. Үнэндээ хүн гэдэг амьтан алдаж, унаж байж ухаарч сэхээрдгийг энэ зохиолд харуулжээ.
***
“Энэ орчлонгоос явж одсон нэгэн амьд нэгнээс хол давуу бол дэргэд минь үгүй ч түүнийг хайрлаж ханьсах сэтгэлээ татаж дийлнэ гэж үү?”
“Нас биенд хүрээгүй хүмүүн шударга ёсны төлөө үхэхээс буцахгүй бөгөөтөл эрийн цээнд хүрсэн гэгдэх улсууд энэ л шударга ёсны төлөө нам жимхэн амьдрахыг хичээдэг дээ.” “Бүсгүй хүний биеийг хөгжмийн зэмсэг гэвээс сод хөгжимчин баймааж нь л түүнийг гайхалтай эгшиглүүлэх биш үү?”

суббота, 7 декабря 2013 г.

“АМЕРИКИЙН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ” БА “МАРТИН ИДЕН”




Теодор Драйзер уран бүтээлийнхээ оргил болсон “Америкийн эмгэнэлт явдал” романаа 1920-1925 оны хооронд бичжээ. Зохиолч тухайн үед Америкт түгэн дэлгэрч эхэлсэн өнгө мөнгийг шүтэх үзлийг энэ бүтээлээрээ хөндөж, Америкийн нийгмийн үнэн дүр төрхийг харуулсан юм. Драйзер сүсэг бишрэл хийгээд материаллаг ертөнцийн алтан дундаж чухам хаа буйг энэ романаараа өгүүлэхийг хичээсэн шиг санагдана.
Хэдийгээр энэхүү роман нь бараг зуун жилийн өмнө бичигдсэн ч энэ сэдэв хэзээд дундаршгүй бөгөөд аль ч үед, ялангуяа эд өлгийн зүйлсийг эн тэргүүнд тавих болсон өнөө үед тулгамдсан хэвээр байна.
Драйзер 1906 онд Честер Жиллет хэмээх нэгэн залуу найз бүсгүй Грейс Брауныхаа амийг егүүтгэсэн бодит явдлаас сэдэвлэн энэ бүтээлээ туурвижээ. Тэрээр хожмоо “Энэ явдлыг эргэцүүлэх нь ээ, Америкийн жижигхэн хотод өсч өндийсөн хэн бугай ч ийм хэрэгтэй нүүр тулж болзошгүй юм. Үнэн хэрэгтээ энэ түүх нь аливаа хүн энэ амьдралын эрээн бараан, өнгө мөнгөний өмнө сөгдөн сөхөрч, гарцаагүй байдалд ордгийг өгүүлэх шиг” хэмээн тэмдэглэсэн байна.
Романд сүсэг бишрэлтэй гэр бүлд өсч торнисон Клайд Гриффитс хэмээх залуугийн ээдрээтэй хувь заяаг өгүүлэх бөгөөд баян тансаг амьдралд сэтгэлээсээ шунан дурлах тэрбээр эцэстээ гэмт хэрэг үйлддэг юм. Клайдын эмгэнэлтэй түүхийг уншсан хэн бугай ч өр өвдөхгүй байхын аргагүй. Энэ зохиолыг ойлговоос ойр тойрныхон болоод амьдралд хандах чиг хандлагаа эргэн харах биз ээ.
Харин Джек Лондоны “Мартин Иден” хэмээх романд хүсэл мөрөөдлийнхөө өөд тэмүүлэх нэгэн залуугийн тухай гардаг. Тарчигхан амьдралтай, боловсрол муутай Мартин чинээлэг айлын охинд дурласнаар сэтгэлт бүсгүйтэйгээ эн зэрэгцэхүйц болохын төлөө зүтгэдэг билээ. Тэрээр ном зохиолд шимтэн дурлаж, өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөж явсан ч улмаар зохиолч болдог юм. Хүсч тэмүүлсэн эд хөрөнгө гээч зүйлээ нэг бодлын олж чадсан ч сэтгэл нь хоосорч, эцэстээ энэ орчлонгоос явдаг. Дурлалт бүсгүйнхээ өр зүрхийг эзэмдэх хязгааргүй хүсэлдээ хөтлөгдсөн Мартин эрдэм мэдлэгт “шунан тачаадаж”, алдартай зохиолч болох хэдий ч өнөө л баригдмал, хязгаарлагдмал сэтгэхүй зонхилж, материаллаг зүйлсийг эрхэмлэх эргэн тойрноосоо гутарч гунихардаг.
Хүмүүний орчин тойрон түүний оюун бодол, ухаан сэтгэхүйд хэрхэн нөлөөлдгийг энэ бүтээлд тодоор харуулах агаад өчүүхэн нийгэм дотроо ундууцаж давчидсан Мартин эцсийн эцэст бүтээл туурвилаа хөсөр хаяж, амьдралаас хагацна. Үүнд газар дээрх ганц анд Бриссендений үхэл ч нөлөөлсөн нь мэдээж. “Мартин минь, амьдрал чамайг хайр найргүй балбасан ч бууж өгөөгүй атлаа эцэст нь хувь заяаны өмнө өвдөг сөхөрлөө гэж үү?” Үнэндээ Мартин шиг хүмүүс үзэл бодол, ухаан санааг нь үл ойлгох энэ өчүүхэн нийгэмд билиг авьяасаа эд өлгөөр солих нь юү л бол. Тийм ч учраас энэ бүхнээс ангижрах эцсийн замаа сонгосон нь зөв гэлтэй.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...