четверг, 27 ноября 2014 г.

Бунин

Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч, орчуулагч Иван Алексеевич Бунины (1870-1953) Антоновкагийн алим, Митягийн хайр, Сан-Францискогийн эрхэм, Харанхуй гудмууд, Арсеньевийн амьдрал зэрэг зохиол бүтээлүүдэд орос хэлний яруу тансаг байдал нэвт шингэсэн байдаг. Хүмүүний сэтгэлийн чанадыг хөндөн бичдэг найрагч маань амьдралынхаа 30 гаруй жилийг харь нутагт өнгөрөөжээ. Бунин 1920-иод онд эх орноосоо гараад эргэж ирээгүй билээ. Хальтлаа Орос эх орноо санагалзан, нутагтаа ясаа тавихыг мөрөөдөвч харамсалтай нь хүсэл мөрөөдөл нь биелсэнгүй.
Францад өдий удсан ч эцсээ хүртэл сэтгэл нь эх нутагтаа тэмүүлсээр байжээ. “Бүх зүйл санаснаас минь ондоо байж билээ. Хаашаа л харна харийн юмс. Төрөлх нутгийнхаа тосгод, уул нурууд, эх байгалаа цаг үргэлжид дурсдаг байлаа. Энэ бүхнээ эргэн эргэн санаж буулгадаг сан. Өөр зүйлийн тухай бичиж чадахгүй юм. Энд би ер идээшсэнгүй” гэж дурссан нь бий.
Ромен Роллан түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлснээс хойш арав гаруй жилийн дараа Бунин энэ шагналыг хүртсэн бөгөөд энэ бүх хугацаанд горь найдлага тээсээр байжээ. Учир нь шагнал авбал тарчигхан амьдралд нь ихэд нэмэртэй. Дуулах нь ээ, түүнтэй Нобелийн шагналын төлөө өрсөлдөж байсан Мережковский найрагч Бунинд туйлгүй хорсож маргалдаад, эцэстээ гучаад онд хэн бугай нь ч авсан бай шагналын мөнгөө таллаж авах санал ч тавьж явсан гэлцэнэ.
Зохиолч 1933 онд Стокгольм орж шагналаа авахад хөрөг зураг нь хаа сайгүй дурайж байсан ажээ. Бунин 2-р дайны үеэр Провансын Грасст зутруухан амьдарч, нэг ч ном зохиол хэвлээгүй юм. Гэвч энэ л хүнд хүчир жилүүдэд Харанхуй гудмууд гэх хайрын өгүүллүүдээ тэрлэв. “Аймшигт ганцаардал, өлсгөлөн, зутрал дунд өнгөрсөн тэртээ жилүүдэд ажил минь л намайг аварсан.” Түүний хувьд энэ өгүүллүүд уран бүтээлийнх нь оргил бөлгөө.
Бунин эх орноо эрхгүй дурсахдаа “Хүн гэдэг амьтан ерөөс эх орноо мартаж чадах сан уу? Эх орон гэдэг сэтгэлд оршдог. Би угийн л орос хүн. Энэ чанараа яав чиг гээж дөнгөхгүй нь” гэжээ. 1946 онд хаант Оросын харьяат иргэдийн ЗХУ-ын иргэншлийг сэргээх тушаал гарсанд Бунин тун чиг хангалуун байжээ. Их найрагч 83 насандаа нойрон дундаа энэ хорвоогоос хальсан юм.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...