Дүү минь, чи огт таньж
мэдэхгүй хүмүүстэй нүүр тулах болно.
Анхнаасаа л тэдний
тухай аль муугаар бод. Нэг их алдахгүй дээ. Өгөөмөр сайхан, залуу халуун, зүрх
сэтгэлээр тэднийг дүгнээд хэрэггүй.
Тэднийг эелдгээр
үзэн яд. Ингэвэл дээдсийн хүрээнд ороход чамайг анаж буй муу муухай зүйлээс
өөрийгөө хамгаалж дөнгөнө.
Бүгдтэй хөндий
харьц. Ялангуяа чамтай найрсаг харилцах дарга түшмэлтэй ихэд дотночлох нь
алсдаа хортой. Тэд гэнэтхэн л биднийг орхин одож, сэтгэлийг чинь эмзэглүүлэх
бий вий.
Хүнд сэтгэл гаргаж,
бүхнээ зориулахаас эмээж яв. Хүмүүс өгөөмөр нинжин сэтгэлийг тэр бүр
ойлгодоггүй агаад өөрийн жишгээр бусдыг үнэлж, ая тал засч байна хэмээн хүлээж
авах нь элбэг.
Бусдыг өгөөмөр тусыг
хүлээж аваад хэрэггүй. Өрөөлийн ивээлд багтах гэж битгий төвд. Учир нь ийм
байдал хүнийг хүлцэнгүй болгож, дорд үзэгдүүлдэг.
Анд нөхөрлөлийн
тухай чамд анхааруулахыг хүсэвч цэл залуухан насанд чинь хэтэрхий
хатуужуулахаас эмээх юм.
Эмэгтэйчүүдийн тухай
хэлэх үгс минь чамд тэртээ тэргүй тусаа өгөхгүй.
Эмэгтэй хүнийг хэдий
бага хайрлана, төдий чинээ өөрийн болгох боломжтой гэдгийг л энд тэмдэглэе. Өр
зүрхнээсээ хайрлах тэр бүсгүй чинийх болох болтугай гэж ерөөе.
Өрөөл нэгэн чамайг
санаатайгаар гомдоовол битгий март. Тэглээ гээд өөдөөс нь үгээр дайрч, гомдлыг
гомдлоор хариулах ёсгүй. Түүний оронд чимээгүй өнгөрөх нь хувь илүү.
Тансаг амьдрах
боломжгүй байх аваас зутруухан байдлаа битгий нуу. Дорой байдлаа муухан өнгөлж
олны эгдүүг хүргэснээс байр байдалдаа хангалуун мэт ихэмсэг загнах нь хамаагүй
дээр.
Хэзээ ч битгий өр
тавь. Өртэй явснаас өлөн зэлмүүн явсан нь дээр шүү. Тэгээд ч зутруухан байх нь
чиний төсөөлж байгаа шиг аймшигтай биш. Худал хуурамч хүн болж, нэр хүндээ
алдах нь үүнээс хавьгүй ноцтой.
Энд бичсэн
зүйлүүдийг ах нь гашуун туршлагаараа мэдэж авсан билээ. Чи минь ах шигээ
алдалгүй эдгээрийг санааж явбал сайн сан. Ингэвэл уйтай, гунигтай, сэтгэл
сэмрэм өдрүүдээс хол байх болно шүү. Хэзээ нэгэн цагт ах нь бүх үнэнээ чамд
өчих болно. Хэдийгээр ингэлээ гээд үнэ хүнд минь унах ч дүүгийнхээ жаргалын
төлөө надад эмээх зүйл үгүй.
1822
оны 9-р сар
Яасан гоё захиа вэ?
ОтветитьУдалить